Anu.mn
Калифорничууд хүчтэй газар хөдлөлтөөс айж буй, гэвч газар хөдлөлтөөс үүдэх цунами нь илүү ...

Калифорничууд хүчтэй газар хөдлөлтөөс айж буй, гэвч газар хөдлөлтөөс үүдэх цунами нь илүү их аюул учруулж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна

Sat Jun 11 2022
Калифорничууд хүчтэй газар хөдлөлтөөс айж буй, гэвч газар хөдлөлтөөс үүдэх цунами нь илүү их аюул учруулж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна

Номхон далайн баруун хойд хэсгээр орших 2 тектоникийн хавтангийн уулзвар Каскадиа хагарлаас эхлэх 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох боломжтой гэж эрдэмтэд эртнээс таамагласаар ирсэн бөгөөд энэ газар хөдлөлт асар том цунами, давалгааг Америкийн баруун эрэг рүү маш их хурдтай илгээнэ гэж үздэг байна. Өнгөрсөн сард судлаачид, газар хөдлөлтийн улмаас үүсдэг цунамигийн хүч ба газар хөдлөлтийн хагарал, далайн ёроол хоёрын дундах "гадна шаантаг" гэж нэрлэгддэг зүйл хоёрын хооронд урьд өмнө тодорхойгүй байсан холбоосыг олж илрүүлснээ Earth-Science Reviews сэтгүүлд нийтэлжээ.

Image

Судлаачдын нэг, Өмнөд Калифорниагийн Их Сургуулийн Газарзүйн шинжлэх ухааны туслах профессор Силвейн Барбо, “гадна шаантаг”-ийг хоёр тектоник хавтан хоорондоо мөргөлдөж, тэнд хурдас хуримтлагдсанаар үүсдэг "субдукцийн бүсийн хогийн уут" гэж тодорхойлсон бөгөөд газар хөдлөлтийг өдөөж, ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэ шаантаг хэр их өргөн байна төдий чинээ цунамигийн хэмжээ их байх болно гэсэн энэхүү хамаарал нь, цунамиг урьдчилан таамаглаж тооцох шинэ элементийг нэмж өгсөн. Мөн асар том талбайтай “гадна шаантаг”-тай бүсэд Баруун хойд Номхон далайн бүс нутаг орж байна гэсэн байна.

Барбо хоёр жил орчим, Өмнөд Хятадын тэнгисийн далай судлалын хүрээлэнгийн судлаач Цян Цюгийн хамт сүүлийн 200 жилийн хугацаанд дэлхий даяар болсон 11 "цунами үүсгэгч газар хөдлөлт"-ийг судалжээ. Эдгээр тохиолдлуудын зарим нь бага хэмжээний газар хөдлөлттэй холбоотой ч (зохиогчид 7.1-8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг авч үзсэн) асар том цунами үүсгэж байсан нь эрдэмтдийн дунд таавар болж ирсэн бөгөөд энэ асуудлыг судалсны үр дүнд, цунамигийн хамгийн өндөр давалгаа ба “гадна шаантаг” хоорондын хамаарлыг олжээ. Тэд, энэ шаантагны өргөн их, хагарал ихтэй байх тусам далайн ёроолыг хөдөлгөх магадлал нь өндөр болж, цунами их хүчтэй болно гэжээ. Эдгээр үр дүн нь дэлхийн ихэнх газар хөдлөлт болдог бараг 40,000 км урт "галын цагираг" гэж нэрлэгдсэн номхон далайг хүрээлсэн, тектоник хавтангийн эргэн тойронд орших бусад идэвхтэй субдукцийн бүсэд цунамигийн таамаглал гаргахад шаардлагатай байгаа юм.

Image

Субдукцийн бүсийн жагсаалтын эхэнд, бараг 1000 км урттайКанадын Ванкувер арлаас, хойд Калифорниа хүртэл үргэлжилдэг Каскадиагийн субдукцийн бүс байдаг. Энэ бүс нь дараагийн хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөртэй бүсд тооцогддог бөгөөд хамгийн сүүлд 1700 онд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Одоогийн тооцооллоор ойрын 50 жилд 9.0 магнитудын газар хөдлөлт болох магадлал нь15 хувьтай байгаа юм. 2015 оны Пулитцерийн шагнал авсан New Yorker-ын нийтлэлд субдукцын бүсийн талаар бичиж олны анхаарлыг үүнд хандуулсан бөгөөд дараагийн бүрэн хэмжээний газар хөдлөлтийг "Хойд Америкийн түүхэн дэх, 2010 оны Гаитид болсон газар хөдлөлтөөс илүү хамгийн аймшигтай байгалийн гамшиг байх болно" гэж тодорхойлсон байна.

Судалгааны багийнхан, Каскадиагийн субдукцийн бүс нь 15-аас 43 км урт нэлээд өргөн “гадна шаантаг”-тай, үүнийг тооцоолоход газар хөдлөлтийн улмаас үүсэх цунами 61 метрээс дээш өндөрт хүрч болзошгүйг харуулж байна. Энэ нь өмнө авч үзэж байсан хамгийн хүнд хувилбаруудтай харьцуулахад заримаас нь бүр хоёр дахин өндөр байгаа юм. Дүн шинжилгээ хийсэн бусад 30 субдукцийн бүстэй харьцуулахад Каскадиад үүсч болох цунами нь хүчний хувьд, Макран (Пакистан, Иранд), Алеутын (Аляскад), Бага Антилийн арлууд (Карибын тэнгист) зэрэг субдукцийн бүсийн дараа тавд жагсаж байна. Судалгааны үр дүнд нэмэлт туршилт хийх мэдээж шаардлагатай, эдгээр нь цунамигийн урьдчилсан мэдээг өөрчлөхөөс гадна тухайн бүс нутгуудад онцгой байдлын бэлтгэлийн хамрах хүрээг өөрчлөхөд хүргэж болзошгүй юм. Хэрэв 30 метрийн өндөртэй цунамигийн бэлтгэлтэй байтал, 60 метрийн цунами ирэхээр тооцоо гарвал, нүүлгэн шилжүүлэх бүсийнхээ өндөрлөгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Эмнэлэг, сургууль гэх мэт дэд бүтэц барихаар төлөвлөж буй газраа өөрчлөх хэрэгтэй. Энэ нь бодит байдал дээр үл хөдлөх хөрөнгийн даатгалын зардлыг өөрчилнө. Мөн эрсдэл болон түүний тархалтын орон зайг эрс өөрчилдөг. Гэхдээ энэ “гадна шаантаг” нь цунамигийн хэмжээнд нөлөөлж болох цорын ганц хувьсагч биш юм. Далайн ёроолын налуу, газарзүйн ерөнхий байдал зэрэг бусад олон хүчин зүйл байдаг гэж судлаач Барбо ярьсан байна.

Номхон далайн баруун хойд бүсийн газар хөдлөлтийн сүлжээний захирал, Вашингтоны их сургуулийн Дэлхий ба сансрын шинжлэх ухааны профессор Харолд Тобин, энэхүү судалгаа нь нэн сонирхолтой шинэ хувилбарыг харуулсан боловч, бусад хувьсагчдыг бүрэн тооцохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатайг анхааруулаад, ямар нэгэн дүгнэлт гаргах, Номхон далайн баруун хойд хэсэг болон бусад бүс нутагт цунамигаас хамгаалах бэлтгэл ажил өрнүүлэх, өөрчлөхөд арай эрт байна. Бидний хийх ёстой зүйл бол, энэхүү судалгааны үр дүн, нотолгоог анхааралдаа авч, гамшгийн бэлтгэл ажлын хувилбаруудаа боловсронгуй болгох, сайжруулах,илүү сайн загвар бүтээх явдал юм. Мөн энэ нотолгоог цунамигийн аюул хоёр дахин нэмэгдлээ гэж биш харин цунамигийн аюул урьд өмнө тооцож, бодож байснаас илүү байх боломжит механизмыг харууллаа гэж хүлээн авах нь зүйтэй юм гэжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн