Калифорни дахь мэдээллийн технологийн ажилтнууд, сарын 500-900 долларын түрээсээр жижиг капсул сууц түрээслэн амьдрахыг сонгож байна
Fri Oct 13 2023
Сан Франциско дахь технологийн төвийн ажилтнууд ердөө 1.2 метрийн өндөртэй мод, ган төмрөөр хийсэн жижиг капсул сууцанд амьдарч сард 900 доллар төлж байна гэж Insider мэдээлэв.
Brownstone-ны үйлдвэрлэсэн капсул буюу бортого маягийн сууц нь, зөвхөн нэг хүний нэг ор багтах зайтай бөгөөд гал тогоо, угаалгын машингүйгээр амьдрах ёстой. Харин таван угаалгын өрөө ашиглах боломжтой. Төлбөрөө сар сардаа төлж түрээслэх боломжтой ба барьцаа шаардлагагүй байдаг байна.
Хиймэл оюун ухааны Spellcraft компанийг үүсгэн байгуулсан, технологийн гарааны компанийг үндэслэгч Кристиан Льюис ийм капсул түрээслэдэг бөгөөд тэрээр энэхүү жижигхэн орон зайд найман цаг тайван унтдаг гээд, X pod-д амьдарч буй капсулынхаа зургуудыг хуваалцжээ. “Хүмүүс аливаад маш их шүүмжлэлтэй ханддаг болсныг ойлгохгүй байна. Сард 4000 доллар төлөхгүйгээр, мөн мэсэнд өртөж гэмт хэргийн золиос болчихгүйгээр Сан Франциско хотод амьдрахыг хичээж байна. Энд амьдарч буйгаа маш сайн шийдвэр гэж бодож байна. Энд бас олон сайхан хүмүүс байдаг." гэж бичжээ.Түүний адил Сан Франциско хотод хиймэл оюун ухааны чиглэлээр карьераа эхлүүлэхийг оролдож буй хүмүүс уг сууцыг болон ялангуяа интернетийн сүлжээний боломжуудыг нь сайшааж, үнэлж байгаа аж.
Brownstone компани одоогоор, Бейкерсфилд хотод 500 доллар, Сан Францискод 700 доллар, Пало Алто хотод 900 доллараар уг сууцаа түрээслүүлж байна. "Манай капсул сууцууд нь тусгай гэрэлтүүлэг, хөшиг, температурын хяналттай сэнс болон бусад хэрэгцээт зүйлсээр тоноглогдсон. Унтлагын орноос гадна, гайхалтай байршилтай дундын эзэмшлийн иж бүрэн гал тогооны өрөө, зочны өрөө, оффисыг ашиглах боломжтой байдаг. Хүмүүсээс маш их хүсэлт, захиалга хүлээн авч байна. 10-р сард 28 капсул бүгд захиалагдсан.” гэж компанийн гүйцэтгэх захирал Жеймс Сталлворт вэбсайтдаа бичжээ.
Сан Францискогийн технологийн төв дэх байрны түрээсийн үнэ маш өндөр байгаа бөгөөд Zillow үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр нэг өрөө байрны дундаж түрээс, сард 2200 доллар байгаа ажээ.








