Илон Маск дэлхийн анхны их наядтан боллоо

Бизнесийн ертөнцийн удирдагч нараас цөөн хэд нь л, олон нийтийн дунд нэрд гарч, үндэстэнийхээ бэлгэ тэмдэг болж чадсан байдаг. Харин Elon Musk, энэ амжилтад хүрээд зогссонгүй дэлхийн түүхэн дэх анхны их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн болсон тухай Reuters мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн тэгш бус байдлын талаар маргаан улам нэмэгдэж, хэт баян хүмүүсийн талаарх олон нийтийн хандлага сөрөг болсон ч, Маск асар их хөрөнгөтэй хэрнээ үнэнч дэмжигчдийнхээ томоохон хүрээг хадгалж чаддаг, тэрээр өөрийгөө энгийн ард түмний хүн мэтээр харуулахыг оролддоггүй бөгөөд энэ нь, урьд нь хөрөнгө оруулагч Warren Buffett зэрэг тэрбумтнууд олон нийтийн таашаалыг татдаг байсан арга барилаас өөр юм.
Маскийн дэмжигчид түүний шулуун, хурц зан чанарыг давуу тал гэж үздэг бол, шүүмжлэгчид түүний компаниуд дахь эрх мэдэл хэт төвлөрсөн гэж үзэн олигархи тогтолцоотой зүйрлэдэг.
Сансрын технологи, хиймэл дагуул болон хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг SpaceX компани 75 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нь, хөрөнгө оруулагчид Маскийн төслүүдэд ямар өндөр итгэл үзүүлж байгааг харуулжээ.
Forbes сэтгүүл, Маскийн хөрөнгийг ойролцоогоор 780 тэрбум ам.доллар гэж үнэлсэн бөгөөд энэ нь хамгийн ойрын өрсөлдөгч болох Larry Page-ийн хөрөнгөөс хавьгүй өндөр үзүүлэлт юм.
Forbes Wealth-ийн орлогч редактор Matt Duro-гийн хэлснээр, дэлхийн хоёр дахь хамгийн баян хүний хөрөнгө ойролцоогоор 300 тэрбум доллар байгаа нь Маскийн боломжит хөрөнгийн гуравны нэгээс ч бага хэмжээ ажээ.Тэрээр, "Зөвхөн Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон л, 400 тэрбум долларын босгод хамгийн ойртож байсан" гэж онцолсон байна.
Маскийн хөрөнгийн ихэнх хэсэг нь SpaceX дахь эзэмшлээс бүрддэг бөгөөд түүний хувьцааны үнэлгээ ойролцоогоор 866 тэрбум ам.доллар хүрч, Tesla болон бусад хөрөнгийг нь нэмбэл нийт хөрөнгө нь 1.1 их наяд ам.доллароос давсан гэж Reuters тооцоолсон байна.
Маск нь, Tesla болон SpaceX компаниудаар дамжин дэлхийд танигдсан. 2022 онд 44 тэрбум доллараар Twitter-ийг худалдан авснаар нөлөөгөө улам тэлжээ. Энэ нь түүнд хэдэн зуун сая хэрэглэгчтэй шууд харилцах боломж олгосон юм.
Мөн Маскийн өнгөрсөн жил Donald Trump-ын засаг захиргаанд төрийн удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан нь, түүний намтар дахь хамгийн маргаантай үйл явдлуудын нэг болсон бөгөөд үүнтэй зэрэгцэн 2025 онд Tesla-ийн гадаад зах зээл дэх борлуулалт буурч байжээ.
Намтар:
Маск Өмнөд Африкийн Pretoria хотод төрсөн. Түүний аав Өмнөд Африк, ээж нь Канад гаралтай. Тэрээр University of Pennsylvania-д суралцаж, 1997 онд төгссөн.
2008 онд Tesla компанийг удирдах болсон бөгөөд олон шинжээчид, Tesla-ийн амжилт болон нэг их наяд доллараас давсан зах зээлийн үнэлгээ нь, уламжлалт автомашин үйлдвэрлэгчдийг цахилгаан автомашинд илүү хурдан шилжихэд хүргэсэн гэж үздэг.
Мөн хөрөнгө оруулагчид Маск сансар судлал болон хиймэл оюун ухааны салбарт ч ижил хэмжээний хувьсгал хийж чадна гэж найдаж байгаа ажээ.
Tesla, SpaceX-ээс гадна Маск, The Boring Company болон Neuralink зэрэг нийт таван компанийн хамтран үүсгэн байгуулагч юм.
Түүний нөлөө маш өргөн хүрээтэй болсон тул шинжээчид түүний бизнесийн сүлжээг, "Маскономик" гэж нэрлэх болжээ.
Мөн "Илоны нэмэгдэл үнэлгээ" (Elon premium) гэх ойлголт бий болсон бөгөөд энэ нь, компанийн бодит санхүүгийн үзүүлэлтээс илүүтэй, хөрөнгө оруулагчид Маскийн алсын хараанд итгэж буй итгэл дээр үндэслэн үнэлгээ өсдөг үзэгдлийг илэрхийлдэг.
Гэвч ийм хэмжээний нөлөө нэг хүний гарт төвлөрөх нь, компанийн засаглал, ашиг сонирхлын зөрчил болон байгууллагууд нэг хүний нэр хүндээс хэт хамааралтай болох эрсдэлийн талаар болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Улс төрийн оролцооны хувьд, Маск болон Дональд Трампын харилцаа эхэндээ ойр байсан бөгөөд Маск, Трампыг Цагаан ордонд эргэн ирэхийг дэмжиж, түүний хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг болж байсан юм. Гэвч дараа нь, бодлого болон төрийн зардлын асуудлаарх санал зөрөлдөөний улмаас, тэдний харилцаа муудаж, олон нийтийн өмнө маргаан өрнүүлэх хэмжээнд хүрсэн. Гэхдээ сүүлийн үед хоёр талын байр суурь харьцангуй зөөлрөөд байна.
Хөрөнгө оруулагчдын үнэлгээ:
Олон хөрөнгө оруулагчдын хувьд, Маскийн ер бусын зан байдал нь, түүний томоохон санаануудыг дэлхийн хэмжээний компани болгон хөгжүүлэх чадвартай харьцуулахад хоёрдогч асуудал хэвээр байдаг.
Тэд, "Илон бол манай үеийн Эдисон." "Манай үеийн Эйнштейн" хэмээн нэрлэж үнэлдэг байна.








