АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын (ICE) захирал Тодд Лайонс, CBS News-т өгсөн тусгай ярилцлагадаа, тэд тус улсад хууль бусаар байгаа хэнийг ч, гэмт хэрэг үйлдээгүй ч байсан баривчлах болно гэжээ. Тэрээр, ICE болон орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хязгаарладаг, ICE-ийн хамгаалалтад байгаа гадаадын иргэдийг хүлээлгэн өгөхгүй байгаа, "цагаачдыг орогнуулах" бодлоготой муж, хотуудад, төлөөлөгчдөө баривчилгаа явуулахыг албадаж байна.
Лионс, Маргарет Бреннантай хийсэн "Үндэстний нүүр царай" нэвтрүүлэгт өгсөн анхны ярилцлагадаа, “Бид аль хэдийн шоронд хоригдож байгаа гэмт хэргийн бүртгэлтэй гадаадын иргэдэд анхаарлаа хандуулахыг илүүд үзэх нь зүйн хэрэг. Гэхдээ бид, орон нутагт баривчилгаа явуулахаас өөр аргагүй болж байна. Тиймээс баривчлах ажиллагааны хүрээ нэмэгдэж байгаа. Тус улсад хууль бусаар байгаа хүнтэй таарвал түүнийг баривчлах болно " гэж ярьжээ.
Хууль бус цагаачлалыг таслан зогсоох тухай Трампын амлалтын нэг хэсэг болгон, засаг захиргаа ICE-д бүрэн эрх олгосон бөгөөд штабын орлогч дарга Стивен Миллер тус агентлагт өдөрт 3,000 хүн баривчлах квотыг биелүүлэхийг шаардаж байгаа юм. Мөн ICE энэ зорилгодоо хараахан хүрч амжаагүй байхад, Конгресс саяхан албадан гаргах кампанит ажлыг дэмжих зорилгоор агентлагт хэдэн арван тэрбум долларын нэмэлт санхүүжилт өгсөн байна .
Лионс энэхүү шинэ санхүүжилтээр, жил бүр 1 сая хүнийг албадан гаргах "бүрэн боломжтой" гэж мэдэгдэв. Засгийн газрын дотоод мэдээллээр, ICE нь Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний зургаан сарын хугацаанд бараг 150,000 хүнийг албадан гаргасан. Гэхдээ, 1-р сарын 1-ээс 6-р сарын 24-ний хооронд, гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар албадан гаргасан 70,000 орчим хүний ихэнх нь цагаачлалын зөрчилтэй болон замын хөдөлгөөний зөрчил гаргасан хүмүүс байв.
Захиргаа нь, хүн амины, хүчингийн гэх мэт ноцтой гэмт хэрэгт ял шийтгүүлсэн цагаачдыг баривчлана гэдэг ч, улс орон даяар явуулж буй тэдний зарим үйлдлүүд, тэр дундаа агентууд маск хэрэглэдэг, шүүх хурал болон ажлын байранд нэгжлэг хийж баривчилдаг зэрэг нь олны дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулж байгаа юм.
“ICE үргэлж хүнд, хамгийн муу, хэцүү зүйлтэй ажилладаг. Тиймээс албан тушаалтнуудынхаа аюулгүй байдлын төлөө үргэлжлүүлэн ажиллана. Компаниудад хариуцлага тооцохоо амлаж байна” гэж Лионс мэдэгджээ.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд, ICE-аас явуулж буй өөр нэг гол бодлого бол, Байдены ажлын байран дахь баривчилгаанд хориг тавьсан байсныг цуцалсан явдал юм.
Сүүлийн долоо хоногт холбооны цагаачлалын эрх баригчид, Небраска дахь махны үйлдвэр, Луизиана дахь морин тойруулга, Өмнөд Калифорни дахь каннабисын фермүүдэд хууль бусаар ажиллаж байсан олон зуун хүнийг баривчилжээ. Зөвхөн эдгээр фермүүдэд 300 гаруй цагаач, түүний дотор насанд хүрээгүй 10 хүүхэд, тус улсад хууль бусаар байсан гэх үндэслэлээр саатуулагдсан байна.
Трампын бодлого нь тэдний бизнест сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдлын дагуу, ферм, зочид буудал, ресторанд баривчилгаа явуулахаа түр зогсоосон ч, завсарлага хэдхэн хоног үргэлжилсэн бөгөөд Лионс, ийм үйлдэл хийхийг хориглоогүй гэдгийг онцлон тэмдэглээд, “ICE, ажлын байруудад нэгжлэг хийхээ үргэлжлүүлнэ. Түүнчилэн, бичиг баримтгүй цагаачдыг ажилд авсан ажил олгогчдыг баривчлах тушаалыг хэрэгжүүлэх болно. Ийм ажиллагаа нь, албадан хөдөлмөр, хүүхэд худалдаалах гэмт хэрэг зэргийг илрүүлдэг учираас, энэ нь хохирогчгүй гэмт хэрэг биш. Бид зөвхөн энд хууль бусаар ажиллаж байгаа хүмүүст анхаарлаа хандуулаад зогсохгүй, эдгээр ажилчдыг мөлжиж буй Америкийн компаниудад мөн анхаарлаа хандуулж байна. ICE хууль бус цагаачдыг баривчлахын зэрэгцээ, бичиг баримтгүй цагаачдыг хөлсөлж байгаа хүмүүсийг яллахаар төлөвлөж байна" гэсэн байна.