Форд компани, өөрийгөө жолооддог машин бүтээж байна. Хэрэв та зээлээ төлөхгүй бол машин өөрөө яваад өгөх болно
Mon Apr 17 2023
Форд, зээлтэй автомашин хураах автомат системийн патент авч магадгүй байгаа бөгөөд зээлийн төлөлтөө хоцроосон тохиолдолд, банк автомат жолоодлого ашиглан машиныг хураах боломжтой болно гэж Speka мэдээлсэн бол, Патентын өргөдлийн дагуу уг машин мөн өөрөө цагдаа дуудах боломжтой болно гэж Америкийн дуу хоолой тус тус мэдээлсэн байна.
Уг программыг тээврийн хэрэгслийг эргүүлэн авах систем ба аргууд гэж нэрлэдэг ба машинаа буцааж авах эрхтэй санхүүгийн болон бусад байгууллагууд, (жишээлбэл, банк, автомашины дилерийн оффис) тухайн машины компьютертэй алсаас холбогдож, машиныг сонгосон цэг рүү шилжүүлэх тушаал өгөх боломжтой. Ийм цэгүүдэд, тухайн байгууллагын нутаг дэвсгэр, машиныг цаашид шилжүүлэхэд тохиромжтой газар, тэр байтугай хэрэв машин цаашид ашиглагдах боломжгүй болсон бол хогийн цэг байж болохоор төлөвлөсөн байна.
Хэрэв машины эзэн зээлийн төлөлтөө хоцроовол, систем нь түүнд хэд хэдэн анхааруулга өгдөг. Хэрэв тэдгээрийг нь үл тоомсорловол, машинд зориулж зээл олгосон банк машины зарим функцийг алсаас идэвхгүй болгох боломжтой. Жишээ нь, жолооны удирдлага эсвэл агааржуулагчийг унтрааж, бүхээгт тааламжгүй дуу асааж, хаалгыг түгжих болно. Мөн уг систем нь, банкинд хураагдсан автомашины зах зээлийн үнийг тооцож, борлуулах арга замыг санал болгоход тусалдаг байна.
Форд 2021 онд патент авах хүсэлтээ гаргасан ч, энэ системийг зөвхөн ирээдүйд нисгэгчгүй жолоодлогын зохих технологийг дэлхий нийтээр батлах үед л ашиглах боломжтой гэж үзсэнээс одоогоор өргөдөл нь батлагдаагүй байгаа бөгөөд эерэг шийдвэр гарсан ч систем хэрэгжих хугацаа нь тодорхойгүй байгаа аж. Форд өөрөө ч, жил бүр өөрсдийн үзэл санааны эрхийг хамгаалахын тулд гаргадаг олон зуун патентын технологийг ашиглах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгддэг. Өнгөрсөн жил Форд компаниас 1342 патент батлагдсан. Энэ нь өдөрт дунджаар 3.7 патент авдаг гэсэн үг юм.








