Флоридагийн эрэг орчмын оршин суугчидад оройн 21:00 цагаас хойш гэрлээ унтрааж байх шаардлага тавьжээ.
Thu Jun 16 2022
5-р сарын 1-ээс 10-р сарын 31-ний хооронд далайн эрэг дээр яст мэлхий үүрлэж, өндөгөө гаргадаг тул Флорида мужийн оршин суугчид оройн 21 цаг гэхэд гэрлээ унтрааж, хөшигөө хаах ёстой болов гэж Yahoo мэдээлжээ.
Энэ үед, Флоридагийн далайн эрэг дээр 40,000-аас 84,000 далайн яст мэлхий үүүрлэдэг бөгөөд шөнө дунд хуурай элсэнд нүх ухаж өндөглөөд, нүхээ булж, ус руу буцдаг байна.
Инкубацийн хугацаа нь хоёр сар үргэлжилдэг бөгөөд энэ үед хиймэл гэрэлтүүлэгт өртөх нь маш том аюул болдог ба жил бүр олон мянган зулзагануудыг үхэхэд хүргэдэг тул эрэг орчмын мужийн оршин суугчид болон аялагчидыг гэрлээ унтраахыг уриалж байна. Флорида мужид ногоон яст мэлхий, арьсан нуруут яст мэлхий, Хоксбилл яст мэлхий, Кемпийн Ридли яст мэлхий, Логерхед гэсэн 5 төрлийн ховордсон далайн яст мэлхий амьдардаг бөгөөд бүгд устах аюулд ороод байгаа юм. Холбооны нэн ховордсон амьтдын тухай хуулиар далайн яст мэлхий, тэдгээрийн өндөг, зулзгыг хөөж туух, хорлох, алах нь хууль бус үйлдэлд ордог. Яст мэлхийн зулзаганууд байгалийн гэрлээр баримжаалж ус руу явдаг бөгөөд байшин барилгад асаасан хиймэл гэрэлд төөрөлдөн хиймэл гэрэл рүү мөлхөж, махчин амьтдад бариулах, машинд дайруулах зэрэг хүрээлэн буй орчны бусад хүчин зүйлийн улмаас үхэх магадлал нь ихэсдэг байна. Мөн насанд хүрсэн далайн яст мэлхий хиймэл гэрэлд төөрөлдөж, далайн эрэг дээр хоол тэжээлийн дутагдалд орж, шингэн алдаж үхдэгээс гадна эм яст мэлхий харанхуйг хайсаар өндөглөлгүй усанд буцаж ирэхэд хүргэдэг.
Флоридагийн Загас, Зэрлэг ан амьтдыг хамгаалах комисс, яст мэлхий үүрлэдэг наран шарлагын газруудад амьдардаг, газар өмчлөгчид заавал дагаж мөрдөх ёстой дараах дүрмийг гаргажээ.
- Гэрэлтүүлэг аль болох цөөн байх, чийдэн нь хамгийн бага ваттын хүчин чадалтай байх.
- Чийдэн зөвхөн урт долгионы гэрлийг ялгаруулах ёстой, 560 нанометр ба түүнээс дээш, хув, улбар шар эсвэл улаан өнгөтэй байх.
- Гэрэлтүүлгүүд бүгд нь доош харсан чиглэлтэй байхаар зохицуулж, гэрлийн тусгал далайн эрэгт хүрэхээс хамгаалагдсан байх ёстой.
Хотын удирдлага 21:00 цагаас хойш гэрлээ унтраахыг иргэдээс хүсч байна. Тиймээс далайн эргүүд шөнө оройд харанхуй байх боломжтой. Мөн оршин суугчидад, саргүй шөнө далайн эрэг дээр зогсох үед нь сүүдэр нь харагдаж байвал гэрэл их байна гэсэн үг гэж тооцон шаардлагад нийцсэн гэрэлтүүлэг хэрэглэх хэрэгтэй гэсэн байна. Мөн далайн эрэг дээр очсон хүмүүс яст мэлхийнүүдэд саад учруулахгүйн тулд тэднээс хол байх ёстой гэжээ.

Эх сурвалж: forumdaily.com








