Anu.mn
Флорида мужийн нэгэн хот нарны эрчим хүч рүү бүрэн шилжээд байна

Флорида мужийн нэгэн хот нарны эрчим хүч рүү бүрэн шилжээд байна

Wed Oct 19 2022
Флорида мужийн нэгэн хот нарны эрчим хүч рүү бүрэн шилжээд байна

Америкийн хамгийн анхны 100% нарны эрчим хүчээр хангагдсан, "Sunshine State" гэгддэг Флорида мужид байрладаг Babcock Ranch хот нь, анх 2018 оны 1-р сард байгуулагдсан ногоон нийгэмлэг юм гэж OnlyInYourState мэдээлэв.

Эко хотод 650,000 нарны зай хураагуур байдаг бөгөөд энэ нь хотын хэрэглээнээс илүү эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Charlotter County-гийн Fort Myers-аас зүүн хойд зүгт хагас цагийн зайд орших Babcock Ranch газар нутгийнхаа 50%-ийг цэцэрлэгт хүрээлэн, тариалангийн талбай, зүлэгжүүлэхэд зориулжээ. Хотын эрчим хүчний хэрэглээг багасгахын тулд 19,000 гаруй орон сууцыг хотын төвийг тойруулан байрлуулснаар хүмүүс хэрэгцээтэй бүх зүйлдээ төвөггүй хүрч чадахаар шийдсэн. Мөн нийтийн хэрэглээний унадаг дугуй ба цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглаагүй үед, таныг хотын хүссэн газарт хүргэж өгөх өөрөө явагч цахилгаан тэрэгнүүд үйлчилдэг.

Image

Хотын төвийн фермийн хоолны ресторанууд болон Babcock Ranch-ийн оршин суугчдад зориулсан цэцэрлэгт хүрээлэн байдаг. Энэ хот 50,000 хүн амтай болох төлөвтэй байна.

Орон сууц, үл хөдлөхийн үнэ

Шинэ гоёмсог 130 метр квадрат талбайтай, гурван унтлагын өрөөтэй байшингууд 186,000 доллараас эхлэх бол далайн эрэг дээрх том байшингууд нь 500,000 доллараас эхэлнэ. Мөн нэмэлт давуу тал нь Babcock Ranch дахь байшин бүр байгаль орчинд ээлтэй, Флоридагийн ногоон байгууламжийн Эвсэлийн баталгаажсан сертификаттай байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг болон албан ёсны Babcock Ranch Facebook хуудаснаас үзэж болно.

Хот ба хар салхи

Саяхан 4600 хүн амтай энэхүү хотыг “Йен хар салхи” дайрч, шуурганы зах хэсгийн үйлчлэлд өртсөн бөгөөд хотын оршин суугчид нь 150-240 км/цагийн хурдтай салхи шуурч байгааг мэдээлж байсан ч харьцангуй бага хохирол амсчээ. Хэд хэдэн гэрлэн дохио, гудамжны тэмдэг, цөөн хэдэн далдуу мод унасан зэрэг хохирол амссан бөгөөд цахилгаан тасраагүй, үерт автаагүй, барилга байгууламжид томоохон хохирол учраагүй хот бүрэн ажиллагаатайгаар давсан байна.

Нарны эрчим хүчээр ажилладаг анхны хотын хувьд энэ хот цаг агаарын тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэн даван туулах чадвар, дизайнд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ хотыг зөвхөн байгальд ээлтэй хот төдийгүй Флорида дахь хүчтэй шуурга, хар салхинд тэсвэртэй байх талаас төлөвлөжээ. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд ус зайлуулах байгалийн сувгуудыг ашиглах болон тогтвортой ариутгах татуурга, усны систем, газар доорхи утас, цахилгааны шугам, тухайн газрын аюулгүй байдлын хэд хэдэн арга хэмжээг авч тооцсон. Хотыг давалгаа, үерийн эрсдэлээс сэргийлж далайн түвшнээс дээш 7-10 м-ийн өндөрт барьж байгуулжээ.

Хар салхи нарны зайн хавтангуудад хэрхэн нөлөөлөх талаар

Хар салхи, хүчтэй шуурганы үед нарны зайн хураагуурууд маш эмзэг, ус, цахилгаан хоёр таарахгүй гэх мэт эрсдэлтэй санагддаг. Гэтэл, нарны хавтан нь илүү бат бөх, ус нэвтэрдэггүй технологитой байдаг байна. Бороо орох үед ч, эрчим хүчээ үргэлжлүүлэн үйлдвэрлэх боломжтой бөгөөд тэр ч бүү хэл бороо нарны зай хураагуурт үнэхээр сайн гэдэг нь гайхмаар. Хүчтэй бороо нь цаг хугацааны явцад зайн дээр хуримтлагдсан шороо, тоос болон бусад хог хаягдлыг угааж өгдөгөөс хүчтэй борооны дараа нарны хавтангууд илүү үр ашигтай ажилладаг байна.

Мөн нарны зай хураагуурууд нь 50 миль/цаг хурдтай 2.54 см диаметртэй мөндөрийг тэсвэрлэнэ, бейсболын хэмжээтэй мөндөрийг хамгийн бага хохиролтой тэсвэрлэх чадвартай гэсэн үзүүлэлттэй байдаг. Хэдийгээр мөндөр нарны хавтанг гэмтээж болох ч тэдгээр нь бидний төсөөлдгөөс хамаагүй илүү бат бөх байдаг байна.

Эх сурвалж: onlyinyourstate.com

Сүүлд нэмэгдсэн