Anu.mn
Эрнест Хэмингуэйтэй ижил төстэй хүнийг шалгаруулдаг тэмцээн жил бүр Флоридад зохиогддог

Эрнест Хэмингуэйтэй ижил төстэй хүнийг шалгаруулдаг тэмцээн жил бүр Флоридад зохиогддог

Tue Jul 26 2022
Эрнест Хэмингуэйтэй ижил төстэй хүнийг шалгаруулдаг тэмцээн жил бүр Флоридад зохиогддог

Кей Вест, Флорида - Жил бүрийн 7-р сарын 21-нд алдарт зохиолч Эрнест Хэмингуэйг мэндэлсний ойд зориулан Хэмингуэйтэй төстэй хүнийг шалгаруулдаг тэмцээн Флорид мужийн Кей Вест арал дээр болдог байна.

Түүний мэндэлсний 123 жилийн ойд зориулсан энэ жилийн тэмцээнд 135 сахалтай эр оролцсон бөгөөд тэдний хэн нь Америкийн алдарт зохиолчтой илүү адилхан гэдгээ батлахаар өрсөлдсөн байна. Энэхүү уралдаан нь 1930-аад оны ихэнх жилүүдэд Кей Вест арал дээр амьдарч, зохиолуудаа бичиж байсан түүний ​​бүтээлч авъяас чадвар, өнгөлөг амьдралын хэв маягийг тэмдэглэх зорилгоор жил бүр уг арал дээр зохиогддог Хэмингуэйн өдрүүдийн баярын онцлох үйл явдал юм.

7-р сарын 21-ний Пүрэв гарагийн орой оролцогчид, Хэмингуэй болон түүний хамтрагчид үргэлж үйлчлүүлж шар айраг ууж суудаг байсан Sloppy Joe's Bar-ны тайзан дээр өмнөх тэмцээнүүдийн ялагчидаар бүрдсэн шүүгчдийн зөвлөлийн өмнө жагсан эхний шатны тэмцээнд оролцжээ. Ихэнх нь нүүр дүүрэн сахалтай, 1930-аад оны үеийн спорт загварын хувцас өмссөн байсан нь Хэмингуэйгийн сүүлийн жилүүдийнх "Papa" дүрийг дуурайсан бололтой. Уг тэмцээн нь 3 үе шаттайгаар шалгаруулалтаа явуулдаг ба хоёр дахь шатны шалгаруулалт баасан гарагт, 2022 оны ялагчийг бямба гарагийн орой шалгаруулсан байна. Энэ жилийн ялагч нь хуульч Жон Аувил гэгч эрхэм болсон юм. Түүний өмссөн байсан сүүн цайвар өнгөтэй цамц нь шүүгчдийн анхааралд өртөж ялагч болжээ.
Мөн тэмцээний эхний өдрийн өглөө нь Хэмингуэйтэй ижил төстэй бүлэг хүмүүс, Флоридагийн Сомбреро далайн эргийн ойролцоох загас агнуурын торонд орооцолдсон байсан, санамсаргүй байдлаар "Papa" хэмээн нэрлэгдсэн 185 фунт(83 кг) жинтэй далайн яст мэлхийг суллахад тусалсан байна.

Тэмцээний өмнөх Лхагва гарагийн орой Миссури мужийн Сент-Луис хотын Ник Хенке, Лориан Хэмингуэйн Богино Өгүүллэгийн Уралдааны ялагчаар тодорчээ. Эрнест Хэмингуэйн зохиолч ач охины шүүсэн "A Lot of Carrefours" нэртэй түүний бүтээл нь Америк болон олон улсын бусад 775 өгүүллэгүүдийг ардаа орхин ялалт байгуулсан юм.

Хэмингуэй 1930-аад оны ихэнх хугацаанд Кей Вестэд амьдарч байхдаа "For Whom the Bell Tolls", "To Have and Have Not" зэрэг сонгодог зохиолуудыг бичиж байжээ.

Image

Эх сурвалж: apnews.com

Сүүлд нэмэгдсэн