Эрдэмтэд, видео тоглоом тоглох чадвартай "мини тархи" гаргаж авав
Wed Feb 07 2024
Судлаачид тархины эсийг лабораторид ургуулж гаргаж авсан “мини-тархи”-ндаа, 1970-аад оны Понг видео тоглоом тоглохыг зааж өгөхөд тоглосон гэж ВВС мэдээллээ.
Cortical Labs-ийн доктор Бретт Каган, Neuron сэтгүүлийн нийтлэлдээ, “Лабораторид ургуулсан, хүрээлэн буй орчныг мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг, гадны эх сурвалжаас мэдээлэл хүлээн авч, түүнийг боловсруулж, бодит цаг хугацаанд хариу өгөх чадвартай анхны "ухаалаг тархи"-г бид бүтээсэн. Бид энэхүү төхөөрөмжөө тодорхойлох илүү сайн нэр олж чадсангүй. Микроцефали буюу тархи хэт жижиг байдаг удамшлын эмгэгийг судлах зорилгоор 2013 онд анх мини тархи бүтээгдсэн,түүнээс хойш тархины хөгжлийг судлахад ашиглагдаж байна. Харин одоо тэд анх удаа хүрээлэн буй орчинтой харилцдаг боллоо. "гэж мэдэгджээ.
Харин бусад мэргэжилтнүүд, энэ туршилт ихээхэн сонирхол татаж байгаа ч, тархины эсийг ухаалаг гэж нэрлэх нь хэтэрхий эртэднэ гэж үзэж байна.
Судлаачид, 800,000 хүний тархины эсийг үүдэл эсээс, заримыг нь хулганы үр хөврөлөөс гаргаж авсан бөгөөд электродууд ашиглан "мини-тархи"-г видео тоглоомтой холбоход, эсүүд өөрсдийн цахилгаан үйл ажиллагааг бий болгож, таван минутын дотор тоглож суран бага энерги зарцуулж, харин тоглоом дахин эхлэх болон бөмбөг санамсаргүй цэг дээр ирэхэд тэд шинэ таамаглашгүй нөхцөл байдалд дасан зохицохын тулд илүү их энерги зарцуулж байсан гэж тайландаа бичжээ.
Доктор Каган энэ технологийг, Альцгеймерийн өвчин зэрэг мэдрэлийн доройтлын өвчнийг эмчлэхэд ашиглаж болно гэж найдаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн “мини-тархи”-ны тоглох чадварт согтууруулах ундаа хэрхэн нөлөөлж байгааг шалгахаар төлөвлөж байна. Хэрэв энэ нь хүний тархитай адилхан хариу үйлдэл үзүүлэх юм бол энэ систем хэр үр дүнтэй болох нь харагдах болно. Судалгаа гүнзгийрэх тусам, “мини-тархи” улам бүр төвөгтэй болж магадгүй ч, доктор Каганы баг биоэтикчидтэй хамтран, санамсаргүйгээр ухамсартай тархийг бий болгохгүй байхаар ажиллаж байна.
"Анхны транзисторууд нь тийм ч найдвартай биш байсан ч, олон жилийн туршилт судалгааны үр дүнд дэлхий даяар асар том технологийн гайхамшгийг бий болгосон анхны компьютерийн үйлдвэрлэл шиг, энэ шинэ технологийн талаар бодох цаг болсон. Хиймэл оюун ухааны судлаачид, шатрын их мастеруудыг ялах төхөөрөмж бүтээсэнтэй адил юм”гэж доктор Каган ярьжээ.
Харин доктор Кагантай хамтран ажилладаг Лондонгийн их сургуулийн профессор Карл Фристон, "Мини-тархи, тоглоомыг детальчлан заагаагүй байхад сурч байгаа нь, илүү дасан зохицох чадвартай, уян хатан байдалтай болохыг нь харуулж байна." гэж тодорхойлсон байна.








