Эрдэмтэд сэтгэхүйн хүчээр компьютерийг удирдах боломжтой тархины суулгац бүтээжээ
Fri Feb 10 2023
Хүний тархины бор гадаргуу нь, эсүүдийн давхаргын 6 үеэс бүрддэг, харин Precision Neuroscience-ийн эрдэмтэд болон инженерүүдийн баг долоо дахь давхаргатай төстэй төхөөрөмжийг бүтээхээр ажиллаж байгаа талаар CNBC хэвлэл мэдээлэв.
Уг төхөөрөмжийг Layer 7 Cortical Interface гэж нэрлэдэг бөгөөд энэ нь саажилттай өвчтөнүүдэд зориулсан, мэдрэлийн дохио ашиглан дижитал төхөөрөмжийг удирдахад туслах тархины суулгац юм. Энэ нь, ALS (амиотрофын хажуугийн склероз) зэрэг хүнд хэлбэрийн дегенератив өвчтэй хүмүүст, ойр дотны хүмүүстэйгээ харилцах, курсорыг хөдөлгөх, бичих, тэр ч байтугай оюун ухаанаа ашиглан олон нийтийн сүлжээг ашиглах чадварыг сэргээх боломж олгох ажээ. Энэхүү 7-дох давхарга нь, хүний үснээс нимгэн, тархины гадаргуугийн эд эсийг гэмтээхгүй, соронзон хальс шиг харагдах электродуудын массив юм.
Precision нь 2021 онд байгуулагдсан, тархи-компьютерийн интерфейс (BCI) салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компаниудын нэг юм. BCI нь тархины дохиог тайлж, гадаад технологийн команд болгон хөрвүүлдэг систем бөгөөд хэд хэдэн компани ийм төхөөрөмжүүдийг амжилттай бүтээгээд байна.
Precision-ийг, Илон Маскийн Neuralink-ийг үүсгэн байгуулж байсан Бенжамин Рапопорт, Майкл Магер нар хамтран үүсгэн байгуулсан. Гэхдээ Neuralink-ийн BCI нь, тархины эдэд шууд суулгах зориулалттай байдаг бол, харин Precision нь инвазив багатай мэс заслын аргад тулгуурладаг. 7-р давхаргыг суулгахын тулд, мэс засалч гавлын ясанд маш нимгэн зүсэлт хийж, шуудангийн дугтуйнд захидал хийхтэй адилаар төхөөрөмжийг шургуулдаг. Precision-ийн гүйцэтгэх захирал Магер, -“Энэ зүсэлт нь, нэг миллиметрээс нимгэн маш жижиг тул, процедурын үед өвчтөнүүдийн үсийг хусах шаардлагагүй, мөн гавлын ясыг зүсэх, гавлын ясны нэлээд хэсгийг тайрах зэрэг цаг хугацаа шаардсан, маш их эрсдэлтэй технологиудаас том давуу талтай, гавлынхаа ясыг нүхлэхийг хүсдэг хүнтэй би хэзээ ч уулзаж байгаагүй. Процедурын шинж чанар нь, Precision-д электродын тоог хялбархан нэмэх боломжийг олгодог тул, энэ төхөөрөмжийг саажилтаас гадна бусад мэдрэлийн эмгэгүүдэд ашиглах боломжтой. Мөн өвчтөнүүд суулгацыг цаашид ашиглах шаардлагагүй гэж үзвэл, эсвэл ирээдүйд илүү шинэ төхөөрөмжөөр сольно гэж шийдвэл уг процедурыг буцааж болдог давуу талтай. Хэрэв энэ систем эргэлт буцалтгүй тавигддаг, эсвэл муудаж гэмтэх магадлалтай байдаг бол, хүлээх эрсдэл илүү их байна гэсэн үг юм." гэж ярьжээ.
Мөн, Райсын их сургуулийн цахилгааны инженерийн дэд профессор, BCI Motif Neurotech компанийн үүсгэн байгуулагч Жейкоб Робинсон, -“Precision нь бага инвазив BCI-д гайхалтай ахиц дэвшил гаргаж байна. Уг процедурын эрсдэл, ашиг тусыг зөвхөн өвчтөнүүд төдийгүй эмч, даатгалын компаниуд үнэлэх ёстой. Эмч нар процедурыг, тоон үзүүлэлтээр нь болон одоо байгаа нээлтүүдэд үндэслэн харьцуулан үнэлэх ёстой бол даатгалын компаниуд өвчтөнүүдийнхээ зардлыг тооцож үнэлэх ёстой, үүнээс харахад инвазив багатай мэс засал нь, энэхүү гурвалсан харилцааг илүү хялбар болгоно. Энэ нь, илүү олон хүнийг эмчлэх боломж байгааг харуулж байна. Гэхдээ, уг төхөөрөмжийг тархины эдэд шууд суулгадаггүй тул, тархины дохиог танихдаа бусад BCI төхөөрөмжүүд шиг хүчтэй биш. Гавлын ясны гадна суулгадаг тул, тархины эдэд суулгасан төхөөрөмжтэй харьцуулахад, холбоосын хувьд илүү хүчтэй биш" гэж тайлбарлав.
Precision нь, амьтдын мэдрэлийн дохиог тайлахад Layer 7 төхөөрөмжөө амжилттай ашигласан бөгөөд Магер ойрын саруудад энэ технологийг хүмүүст туршиж үзэхийн тулд FDA-ийн зөвшөөрлийг авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Тус компани саяхан 41 сая долларын B цувралын санхүүжилт зарлаж, хоёр жил хүрэхгүй хугацаанд нийт хөрөнгө оруулалт нь 53 сая долларт хүрчээ. Энэхүү санхүүжилт нь, Precision-д бүтээгдэхүүнээ сайжруулах, илүү олон ажилтан авах, FDA-гаар зөвшөөрүүлэх үйл явцыг хурдасгах боломжийг олгоно. Магерын хэлснээр, Precision энэ зорилгынхоо төлөө хурдацтай ажиллаж байна. Бид ойрын 15 жилийг, энэ технологи цөөхөн хэдхэн хүнд тусалсан сүүлийн 15 жилийн хэмжээнийх шиг байгаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс бид яарч байна. 2023 он нейротехнологийн салбарын хувьд "эргэлтийн жил" байх бөгөөд санхүүжилтийн хувьд, BCI орон зайд олон эерэг талууд гарч буйг дурджээ.
Тэрээр мөн, BCI технологитой холбоотой эргэлзээ болгоомжлол болон мэдрэлийн өвчнөөр шаналж буй сая сая хүмүүст тустай өөрчлөлт хийх бодит боломж хоёрын аль алийг нь ойлгож байна. Магадгүй тархи нь, олон талаараа орчин үеийн анагаах ухааны дараагийн хил хязгаар болж болох юм" гэж ярьсан байна.








