Эрдэмтэд: Орлогын түвшин амьдралд нөлөөлдөг. Аз жаргал ямар үнэтэй байдаг вэ?
Thu Feb 02 2023
Аз жаргалыг худалдаж авч болохгүй гэж бид байнга сонсдог ч, энэ сэдвээр хийсэн хэд хэдэн судалгааны үр дүн, орлого нэмэгдэх тусам аз жаргал нэмэгддэг гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар ВВС бичжээ.
Эрдэмтэд, хүн илүү их мөнгөтэй байх тусам аз жаргалтай байдаг гэсэн энгийн нэгэн хэв маягийг (олон хүн үүнийг урьд нь таамаглаж байсан байж магадгүй) баталжээ. 2010 онд хэвлэгдсэн судалгааны зохиогчид жилдээ 75,000 долларын орлого олж эхлэхэд аз жаргалын түвшин өсөхөө больдог гэж үзсэн. Гэтэл, Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар, хүн амын зарим давхаргын хувьд ийм босго ийм байхгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд судалгааны зохиогчдын нэг, Сан Диегогийн Их Сургуулийн (Калифорни) сэтгэл судлаач Жан Твенге "The Conversation" цахим хуудсанд хийсэн ажлынхаа талаар, 30-аас дээш насны 40,000 америкчуудын мэдээлэлд үндэслэн энэхүү дүгнэлт гарсан гэжээ.
Боловсролтой хүмүүс илүү аз жаргалтай байдаг уу?
1972-2016 оны хооронд явуулсан судалгааныхаа үеэр эрдэмтэд, аз жаргал хэмээх ойлголт болон мөнгөний хэмжээ хоёрын хоорондын хамаарал он жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлохыг оролдсон бөгөөд эрдэмтэд, өнөөдөр аз жаргал өнгөрсөн үетэй харьцуулахад санхүүгийн байдлаас ихээхэн хамаардаг болсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, одоо мөнгөөр өмнөхөөсөө илүү аз жаргалыг худалдаж авч болно гэсэн хандлага бий болсон нь харагдсан байна. Ингээд, судлаачид энэ асуудалд судалгаанд оролцогчдын нийгмийн давхарга, ялангуяа орлого, боловсрол нөлөөлдөг эсэхийг авч үзэхээр шийджээ.
1970-аад оны үед цагаан арьст америкчуудын дунд явуулсан судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувь нь, дээд боловсролтой хүмүүс, коллеж төгсөгчид болон ахлах сургууль төгсөөд сургуулиа орхисон хүмүүс адилхан "маш их аз жаргалтай" байсан гэсэн дүгнэлт харагдаж байв. Гэтэл, 2010 он гэхэд боловсрол нь цагаан арьстнуудын “Аз жаргал”-д чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн: коллежийн боловсрол эзэмшээгүй хүмүүсийн дөнгөж 29% нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үздэг байсан бол коллежийн боловсролтой хүмүүсийн 40% нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үздэг болсон. Мөн аз жаргал, орлогоос хамааралтай байдал 2010-аад онд илүү тод ажиглагдах болсон байна.
Хар арьст америкчуудын хувьд боловсролтой, баян хүмүүсийн аз жаргалын түвшин ажиглалтын хугацаанд өссөн бол мөнгөгүй, боловсролгүй хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Үүнээс гадна өмнөх судалгаанаас ялгаатай нь, орлого нэмэгдэхийн хэрээр энэ ангиллын аз жаргалын түвшин өсөхөө больсонгүй: жишээлбэл, жилд 160,000 долларын орлого олсон хүмүүс 115,000-160,000 хүртэлх долларын орлоготой хүмүүсээс илүү аз жаргалтай байгаа нь харагджээ.
Нийгмийн тэгш бус байдлын ангал
Үүнд хэд хэдэн тайлбар бий. Нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд орлогын тэгш бус байдал газар авч, баячууд улам баяжиж, ядуус улам ядуурч байна. Өнөөдөр дундаж гүйцэтгэх захирал дундаж ажилчдаас 271 дахин их цалин авдаг. Энэ нь 1978 оныхоос 30 дахин их байна. Харин өмнө нь дээд боловсролгүй хүн байр авч, гэр бүлээ тэжээхэд амар байсан бол одоо бүр хэцүү болсон нь ажиглагджээ. Мөн баян ядуугийн ялгаа ихэсч, дундаж амьдралтай хүмүүс багасч байгаа нь харагдсан бөгөөд энэ нь, орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэг хүний үндсэн хэрэгцээний өртөг инфляциас хурдан өсч байгаатай холбоотой, үүний зэрэгцээ ажилчид илүү үр бүтээлтэй ажиллаж эхэлсэн ч цалин нь хангалттай өсөөгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үүнээс гадна, аз жаргалын түвшний өөрчлөлт нь гэрлэлттэй холбоотой нь харагдсан. Гэр бүлтэй хүмүүс, ганц бие хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 1970 онд гэрлэлтийн түвшин нийгмийн бүх давхаргад бараг ижил байсан бол, харин одоо өндөр орлоготой, дээд боловсролтой хүмүүс илүү олноор гэр бүлтэй болж байгаа нь харагджээ.








