Эрдэмтэд: Колумб Америкт очсон анхны Европ хүн биш байсан
Mon Oct 10 2022
10-р сарын 10-нд Колумбын өдөр тохиож АНУ-д бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Харин эрдэмтэд, түүний Америкийг нээхэд оруулсан хувь нэмрийг үндэслэлгүйгээр хэт үнэлдэг, тивийг түүнээс нэлээд эрт нээсэн бөгөөд Америк тивд европчууд оршин тогтнож байсныг шинжлэх ухаанаар нотолсон хамгийн эртний огноо бол МЭ 1021 он гэж нэгэн шинэ судалгаагаар тогтоож, Кристофер Колумбаас өмнө тэнд европчууд байсныг илтгэх баримтуудын талаар мэдээлснийг Independent нийтэлжээ.
Судлаачид, Кристофер Колумбыг 1492 онд Америк тивийн эрэгт хүрсэн анхны Европ хүн гэж тооцож ирсэн. Гэтэл хойд европын иргэд бараг 500 жилийн өмнө уг тивд очиж байсан гэдэгт түүхчид итгэлтэй байна.
Исландын аялагч, Эрикийн гурван хүүгийн хоёр дахь нь болох Лейф Эриксоныг Хойд Америкт очсон анхны аялагч гэж тооцсон бөгөөд Олон улсын судлаачдын багийн хийсэн шинжилгээгээр, яг 1021 онд очсон гэж нотолсон байна.
Эриксоны аялалтай холбоотой Канадын Ньюфаундленд дахь L'Anse aux Meadows-ийн модон эд өлөгийн зүйлсийг МЭ 1021 оных гэж судлаачид үзэж байна. Гурван өөр модны, эдгээр гурван эд зүйлс нь Викингчүүдтэй археологийн холбоотой контекстээс гаралтай болохыг судалгаагаар тогтоожээ. Мод болгонд уугуул иргэдийн хэрэглэдэггүй багаж хэрэгсэл болох металл ирээр, тэдгээрийг огтолж байсан "тодорхой баримтууд" үлдсэн байдаг. МЭ 992 онд асар том нарны шуурга болж, модны насжилтын цагирагт радио нүүрстөрөгчийн маш тодорхой ул мөр үлдээсэн байдаг тул, үүн дээр үндэслэн аливаа зүйлийн үүссэн цаг хугацаа, оныг яг тодорхойлж болдог байна.
Голландын Гронингенийн их сургуулийн Судалгааны хэлтсийн захирал, дэд профессор Майкл Ди: "МЭ 992-993 оны хооронд радио нүүрстөрөгчийн ялгаралт мэдэгдэхүйц нэмэгдсэн нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн модны цагирагны архиваас олддог. Энэ судалгааны гурван модон эд зүйл, тус бүр нь холтосны захаас дотогш 29 жилийн цагирагтай байгаа юм" гэсэн бол, судалгааны ахлах, Гронингенийн их сургуулийн доктор Маргот Куитемс: "Царцдасанд нарны шуурганаас хойшхи 29 жилийн цагираг илрүүлсэн нь манай эриний 1021 онд огтлолт хийсэн гэсэн дүгнэлтэд хүргэсэн" гэжээ.
Судлаачдын хувьд харин, Америк тивд хийсэн Викингүүдийн экспедицийн тоо, Атлантын далай дээгүүр аялсан байх хугацаа тодорхойгүй хэвээр байна. Өнөөг хүртэл мэдэгдэж байгаа тоо баримтаас харахад, Америкт хийсэн анхны аялал болон үлдээсэн соёл, экологийн өв нь богино хугацааных байсан байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Гэхдээ ямартай ч, L'Anse aux Meadows-ийн мэдээлэл нь, Викингүүд Ньюфаундлендээс өмнө зүгт газар нутгийг үнэхээр судалж байсныг баталдаг.
Доктор Куитемс: “МЭ 1021 он бол, Европчууд Америкт очиж амьдарч байсныг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон хамгийн анхны жил юм. Харин, Викингүүд түүнээс өмнө Америкт очиж байсан гэх түүхийн багцаалсан үеийг, түүнээс эрт байдлаар Исландын домог дээр харуулдаг бөгөөд тэдгээрт, европчууд болон бүс нутгийн уугуул ард түмний хооронд ширүүн мөргөлдөөн болж байсан тухай, мөн найрсаг харилцаатай байсан тухай аман яриагаар домог болон дамжин явсаар олон зууны дараа гар бичмэл болон бичигдэж үлдсэн байдаг учираас үүнийг батлах археологийн нотолгоо маш бага юм. Мөн Викингүүд Атлантын далайг гатлан газардсан гэж эх газрын Европ дахь нэр хүндтэй хүмүүст мэдээлсэн гэсэн дундад зууны үеийн бусад мэдээллүүд бас байдаг" гэж тэр нэмж дурджээ.








