Anu.mn
Эрдэмтэд хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлдэг, жирэмсний тест шиг ажилладаг энгийн тес ...

Эрдэмтэд хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлдэг, жирэмсний тест шиг ажилладаг энгийн тест зохион бүтээжээ

Tue Feb 21 2023
Эрдэмтэд хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлдэг, жирэмсний тест шиг ажилладаг  энгийн тест зохион бүтээжээ

Ойрын ирээдүйд, хорт хавдрыг оношлоход ердөө энгийн шээс л хэрэгтэй болно. Өмнөд Солонгосын эрдэмтэд шээсэнд агуулагдах метаболитийг шинжилж, бие махбодид зарим төрлийн хорт хавдар байгаа эсэхийг илрүүлэх хурдавчилсан шинэ тест зохион бүтээж байна. Энэ нь, хорт хавдар сүүлчийн шатанд орж, амь насанд аюултай шинж тэмдэг илрэхээс өмнө өвчтөнийг сэрэмжлүүлэх, энгийн зурвасан мэдрэгчтэй тесттэй болох замыг нээж өгч байна хэмээн Study Finds бичжээ.

Яг одоо энэ багийнхан, энэхүү мэдрэгч нь түрүү булчирхай, нойр булчирхайн хорт хавдрыг бараг төгс нарийвчлалтайгаар илрүүлж чадна гэсэн бөгөөд туршилтын гадаргуу дээр бага хэмжээний (10 мкл) шээс дусаахад гэрэл цацруулж ажилладаг гэжээ.

Судлаачид, хорт хавдартай өвчтөнүүд болон эрүүл хүмүүсийн шээсэнд агуулагдах бодисын солилцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн ялгааг нарийвчлан авч үзсэн. Хорт хавдрын эсүүд хүний ​​биед үржиж эхэлмэгцээ, өвчтөний бодисын солилцоог өөрчилдөг тул шээсэнд янз бүрийн метаболит ялгаруулж эхэлдэг. Тэд, эдгээр метаболитуудын шинж тэмдгүүдийг тэрбум гаруй дахин нэмэгдүүлэн харуулах сайжруулсан гадаргуутай мэдрэгчийг, сүвэрхэг цаасан дээр шүрэн хэлбэртэй плазмоник наноматериал үүсгэн бүтээсэн байна. Эрдэмтэд өвчтөний шээсийг мэдрэгч рүү хийж, гэрлээр гэрэлтүүлэхэд хорт хавдрын метаболитийн дохио, мэдрэгчийн гадаргуу дээр шууд утгаараа "гэрэлтдэг". Үүнд хиймэл оюун ухаан ашиглан дүн шинжилгээ хийснээр, багийнхан түрүү булчирхай, нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдийн 99 хүртэлх хувийг, эрүүл дээжээс ялгаж чадсан байна.

Судлаачид, хорт хавдрыг оношлох орчин үеийн аргууд нь, ихэвчлэн хавдар илрүүлэхийн тулд цусны шинжилгээ, рентген шинжилгээг ашигладаг. Өндөр эрсдэлтэй олон хүмүүс жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдан хорт хавдрын эрсдэлээ хянадаг. Гэсэн хэдий ч эдгээр бүх аргууд нь өвчнийг хожуу үе шатанд илрүүлэхэд хүргэдэг бөгөөд энэ нь эмчилгээг хойшлуулж, өвчтөний үхлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тэмдэглэжээ.

Энэхүү шинэ сорил нь биологийн дээжийг (шээс) ашигладаг бөгөөд үүнийг авахад хялбар бөгөөд жирэмсний тесттэй адил хорт хавдрыг газар дээр нь, шууд хурдан илрүүлдэг. Ийм туузан шинжилгээ нь бусад оношлогооны аргуудаас хамаагүй хямд байх болно гэж багийнхан баталж байна.

“Нойр булчирхайн хорт хавдар зэрэг оношлох арга нь тодорхойгүй хорт хавдрын хувьд, илрүүлэхэд хүндрэлтэй, анхан шатны оношилгооны дараа эсэн мэнд үлдэх хувь нь бага байдаг. Солонгост өдөр бүр, нойр булчирхайн хорт хавдраар 14 хүн нас бардаг бөгөөд нэг хүнд ногдох эдийн засгийн зардал нь жилд 63 сая вон (49,000 доллар) байдаг. Мөн хорт хавдар зэрэг эдгэшгүй өвчнийг эрт оношлох нь, хамгаас чухал учраас бид энэхүү технологи нь оношилгооны шинэ аргыг бий болгоно гэж найдаж байна” гэж Солонгосын Материал судлалын хүрээлэнгийн Наноматериалын хэлтсийн ахлах судлаач Хо Санг Жунг ярьжээ.

Судлаачид одоогоор, уг шинжилгээг өвчний бусад хэлбэр, тэр дундаа бүдүүн гэдэсний болон уушигны хорт хавдрыг илрүүлэхэд хангалттай мэдрэмжтэй болгохоор ажиллаж байгаа ажээ.

Сүүлд нэмэгдсэн