Эрдэмтэд үхэшгүй мөнх амьдрах нууцыг далайн залхагийг судалснаар олж магадгүй.
Mon Sep 05 2022
Хүмүүс үхлээс маш их айдаг тул бидний зарим нь үхэшгүй мөнх болохын тулд, хэрэв бодит амьдралд байдаг бол цус сорогч болохыг хүсдэг. Удахгүй гарч эхлэх Vampire Academy цувралаар (9-р сарын 15-нд цацагдана) цус сорогчийн тухай цангаагаа тайлж болох ч далайн залхагийг судалснаар бид мөнх амьдрах аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж магадгүй юм.
Үхэшгүй мөнхийн далайн залхаг гэгддэг Turritopsis dohrnii нь нас бие гүйцсэн болон авгалдайн үеийг үе үе сольж, дахин дахин амьдардаг болохыг бид хэсэг хугацааны өмнө мэддэг болсон. Насанд хүрсэн залхагийн стресс тэвчихийн аргагүй болвол тэр зүгээр л цагийг ухрааж, авгалдай болж, бүх үйл явцыг дахин эхлүүлдэг. Ямар нэг өвчин эсвэл амьтны идэш тэжээл болох нь далайн залхагийн амьдралыг төгсгөдөг ч бусад амьд организмтай адилаар биологийн цаг нь дуусч үхдэггүй байна.
Бид үхэшгүй мөнхийн далайн залхагийн өөрийгөө дахин дахин залуужуулж чаддаг чадварыг ажиглаж чадсан ч тэдний мөнхийн амьдралд ямар биологийн механизмууд хувь нэмэр оруулдаг нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа юм. Oviedo их сургуулийн биохими, молекул биологийн тэнхимийн эрдэмтэд далайн залхагийн мөнх амьдруулах процессыг хариуцдаг генийг тодорхойлж чадсан бөгөөд энэ нь цаашдын судалгааны үүд хаалгыг нээжээ. Энэхүү судалгааны үр дүнг “Proceedings of the National Academy of Sciences”-д нийтэлжээ.
Turritopsis dohrnii далайн залхагийг биологийн хувьд онцгой болгодог зүйлийг олж мэдэхийн тулд тэдний геномыг бусад ойрын төрлүүдтэй нь харьцуулах шаардлагатай байв. Эрдэмтэд уг мөнх амьдрах чадвартай далайн залхагийн ДНХ-ийг Turritopsis rubra хэмээх төстэй боловч хамгийн чухал нь нөхөн төлжих чадваргүй залхагтай харьцуулжээ. Геномуудыг харьцуулснаар тэд үхэшгүй залхагийн насанд хүрсэн үе шатнаас авгалдайн үе рүү буцахын тулд ашигладаг нарийн дарааллыг тодорхойлж чадсан бөгөөд энэ процесыг трансдифференциал гэж нэрлэдэг байна.
Харьцуулалтад ДНХ-ийн репликаци, засварлалт, теломерын засварлах, үүдэл эсийн үйлдвэрлэл, эс хоорондын харилцаа холбоо, эсийн исэлдэлтийн орчныг багасгахад оролцдог генүүд илэрсэн гэж Oviedo-гийн их сургуулийн мэдээнд дурджээ. Эдгээр бүх үйл явц нь хүний эрүүл буюу эрүүл бус хөгшрөлттэй холбоотой байдаг.
Судалгаанаас үзэхэд үхэшгүй мөнхийн залхагийг үхэхээс зайлсхийдэг зүйл нь нэгээр тогтохгүй. Харин үүний оронд хөгшрөлт нь хэд хэдэн цоожтой хаалгатай адил бөгөөд тус бүр нь тодорхой генетикийн түлхүүр шаарддаг байна. Зөвхөн бүхэл бүтэн түлхүүртэй байж л та хөгшрөлтийн коридороор буцаж явах боломжтой болох юм. Ихэнх амьтад зөвхөн нэг чиглэлд хөдөлдөг биологийн замтай байдаг ба эд эс нь хувирахгүйгээр энэ байдлаараа үлддэг бол үхэшгүй мөнхийн залхагийн хувьд амьдралынхаа аль ч үе шатаас үл хамааран эд эсээ шаардлагатай чиглэлд, насжилтруу хувиргаж чаддаг байна.
Судлаачид хүний хөгшрөлттэй холбоотой нэн даруй хэрэглэгдэх зүйл одоогоор олоогүй байгаа талаар болгоомжтойгоор мэдээлсэн байна. Мөн хүмүүс дэлгүүрт орж залуу болгоно гэж амласан үхэшгүй залхагаас гаргаж авсан нүүрний тос эсвэл усгүйжүүлсэн нунтаг олж авна гэж одоохондоо бодох хэрэггүй. Гэсэн хэдий ч үхэшгүй мөнхийн залхаг эсийн төлөвөө хэрхэн удирддагийг илүү сайн ойлгох нь хөгширөлттэй холбоотой өвчинтэй тэмцэх боломжийг олгож магадгүй гэж судлаачид мэдэгджээ.
Энэхүү далайн залхагийн тухай бидний олж мэдсэн зүйлс нь хүний насыг уртасгаж, хамгийн чухал нь өндөр настай хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хүргэж болох боловч бид далайн залхаг шиг нас бие гүйцэхээс өмнөх үе рүүгээ буцах боломжгүй юм.
Эх сурвалж: syfy.com








