Эрдэмтэд 2023 онд хариултыг нь олсон, зургаан түүхэн нууц
Sat Dec 30 2023
Палеогенетик нь яс болон шороонд нуугдаж буй ДНХ-ийн гайхалтай нууцуудыг илчилдэг шинжлэл юм. Түүнчилэн, хиймэл оюун ухаан мартагдаж үгүй болсон үсгээр бичигдсэн эртний бичвэрүүдийг тайлдаг болжээ. Мөн эртний олдворуудын яс, шүд, сав суулга, утлага, барилгын материалууд дээр үлдсэн молекулуудын үлдэгдэлд химийн шинжилгээ хийснээр өнгөрсөн үеийн хоол хүнс, үнэрийн төрлүүд, барилга, бүтээцийн технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байна. Эрдэмтэд 2023 онд хариултыг нь олж чадсан хүн төрөлхтний түүхийн зургаан нууцыг CNN эмхэтгэн нийтэлжээ.
1.Түүхийн өмнөх үеийн “Удирдагч”-ийн жинхэнэ дүр төрх
2008 онд Испанийн Севилья хотын ойролцоох булшнаас олдсон 5000 жилийн настай араг яс, дотор нь байсан гайхалтай болор чинжаал болон бусад үнэт олдворуудыг, эрдэмтэд хүний араг ясны хүйсийг тодорхойлдог уламжлалт арга болох аарцагны ясны шинжилгээнд үндэслэн түүнийг залуу хүн гэж анх бодож байсан. Гэвч амелогенин хэмээх пептидийн уураг агуулсан шүдний пааланд шинжилгээ хийхэд уг үлдэгдэл нь эрэгтэй хүнийх биш эмэгтэй хүнийх болох нь тогтоогджээ. Энэ арга нь, эртний хүмүүсийн тухай олон санаан дээр үндэслэсэн "эрэгтэй анчин" гэсэн хэвшмэл ойлголтыг үгүйсгэж буй бөгөөд Севилийн их сургуулийн түүхийн өмнөх үеийн судалгааны тэнхимийн профессор Леонардо Гарсиа Санжуан, "Энэ техник нь балар эртний нийгмийн зохион байгуулалтад дүн шинжилгээ хийхэд цоо шинэ эрин үеийг нээнэ гэсэн дүгнэлтэд хүргэж байна" гэж бичжээ.
2.Ромын үеийн бетоны домогт бат бөх чанарыг тайлбарласан найрлага
Ромын үеийн бетон нь, орчин үеийн хэдэн арван жилд хэврэгшиж байдаг бетоноос илүү бат бөх болох нь батлагдсан байдаг. Жишээлбэл, дэлхийн хамгийн том арматургүй бөмбөгөр оройтой Ром дахь Пантеон юм. Судлаачид, Ромчууд барилгын материалаа маш бат бөх болгож, усан онгоцны зогсоол, бохирын суваг, газар хөдлөлтийн эрсдэлтэй газруудад, нарийн төвөгтэй барилга байгууламж барихдаа ашиглаж байсан нууцлаг найрлагыг олж мэдсэн гэж мэдэгджээ.
Судлаачдын баг, Италийн төв хэсэгт орших Привернум археологийн дурсгалт газрын хотын хэрэмнээс авсан 2000 жилийн настай бетоны дээжийг шинжилж, найрлагаараа Ромын эзэнт гүрнээс олдсон бусад бетоны дээжтэй төстэй болохыг, мөн бетон дахь шохойн тоосонцор гэж нэрлэгддэг цагаан хэсгүүд нь цаг хугацааны явцад үүссэн ан цавыг эдгээх чадвартай болохыг олж мэдсэн гэжээ. Өмнө нь эдгээр цагаан хэсгүүдийг зуурмагийн сайн холилдоогүй хэсгүүд эсвэл чанар муутай түүхий эдийг нотлох баримт гэж авч үздэг байжээ.
3.Мөсний хүн Өтзигийн жинхэнэ дүр төрх
1991 онд жуулчид, Италийн Альпийн нурууны өндөрлөг дээрх жалгаас Өтзи хэмээн нэрлэсэн мумижсан цогцсыг олсон. Энэхүү хөлдүү шарил нь, 5300 жилийн өмнө амьдрал ямар байсныг урьд өмнө хэзээ ч байгаагүй нарийн ширийнээр харуулсан хамгийн их анхаарал татсан археологийн олдвор юм. Ходоодных нь агууламжаас хамгийн сүүлд юу идсэн, хаанаас ирсэн нь илэрсэн. Мөн зэвсэг нь түүнийг баруун гараар ажилладгийг харуулж, хувцас нь эртний хүмүүс юу өмсдөг байсныг харах боломжийг олгосон. Гэвч, 8-р сард Өтзигийн аарцагнаас авсан ДНХ-ийн шинэ шинжилгээгээр, түүний гадаад төрхийг, үс, сахалтай, цайвар арьстай гэж урд нь тодорхойлсноор сэргээсэн шиг биш, харин бараан арьстай, бараан нүдтэй, халзан хүн байсан гэж гарсан нь эрс ялгаатай байгаа ажээ.
4. 20,000 жилийн настай зүүлтний эзэн олдлоо
Археологичид эртний дурсгалт газруудаас ясаар хийсэн багаж болон өөр бусад олон олдворуудыг ихээхэн олдог ч, хэн ашиглаж, хэрэглэж байсан нь тодорхойгүй хэвээр үлддэг байна. Харин энэ оны эхээр эрдэмтэд Сибирийн Денисова агуйгаас олдсон бугын ясан зүүлтнээс эртний хүний ДНХ-г илрүүлж, энэхүү олдворын тусламжтайгаар түүний эзэн нь 19-25 мянган жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй байсныг тогтоож чадсан бөгөөд түүнийг Америкийн уугуул иргэдтэй генетикийн холбоотой эртний Хойд Евразичууд гэгддэг бүлэгт харьяалагддаг гэж үзжээ. Мөн энэхүү хүний шүдтэй ижил хэмжээтэй бугын шүдэн зүүлтэд яагаад эртний эмэгтэйн ДНХ ийм их хэмжээгээр агуулагдаж байсан нь тодорхойгүй байгаа юм. ДНХ-г задлах шинэ аргыг боловсруулсан, Германы Лейпциг дэх Макс Планкийн хувьслын антропологийн хүрээлэнгийн молекул биологич Елена Эссел, уг зүүлтэд их дуртай байснаас урт удаан хугацаанд биендээ зүүсэн байх гэсэн таамаг дэвшүүлсэн ажээ.
5.Хиймэл оюун ухаан, эртний ихээхэн гэмтэлтэй хуйлмал бичгийн агуулгыг тайлав
Бараг 2000 жилийн тэртээ Везувий галт уулын алдарт дэлбэрэлтийн үеэр, 1100 орчим эртний хуйлмал бичиг, бичгийн дурсгалууд үнс болтлоо шатсан ажээ. 1700-аад онд, галт уулын шавран дороос Herculaneum Papyri гэгддэг эртний үеийн хамгийн том номын сан бүхий асар том нууц агуйг илрүүлжээ. Харин энэ оны эхээр, Небраскагийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны оюутан Лук Фарритор, шинжлэх ухааны тэмцээнд түрүүлэх хүртэл энэхүү хэврэг баримт бичгийн агуулга нь нууц хэвээр байсан бөгөөд тэрээр хиймэл оюун ухаан, компьютер томографийн тусламжтайгаар эдгээр харласан цаасан дээрх эртний Грекээр бичсэн үгийг тайлсан анхны хүн болжээ.
Фарритор, Грекээр "нил ягаан" гэсэн утгатай "πορφυρας" буюу "порфирас" гэдэг үгийг тайлсаныхаа төлөө 40 мянган доллар авчээ. Богино хугацаанд энэ техникийг ашиглан бүх гүйлгээг тайлах боломжтой болно гэж судлаачид найдаж байна.
6. Муми хийхэд шаардлагатай материалууд
Эрдэмтэд занданшуулах цехийн хаягдсан савны хэлтэрхийнээс эртний египетчүүд нас барагсдыг занданшуулахдаа ашигладаг зарим бодис, нэгдлүүдийг олж илрүүлжээ.
Эртний египетчүүдийн савнуудаас олдсон органик үлдэгдэлд химийн шинжилгээ хийсний дүнд, хүнийг нас барсны дараа биеийг нь тослох, эвгүй үнэрийг багасгах, мөөгөнцөр, нянд өртөх, ялзрахаас хамгаалахын тулд төрөл бүрийн бодис хэрэглэдэг байсныг эрдэмтэд тогтоожээ. Олдсон материалуудын дунд арц, кипарис, хуш модны тос, мөн пистачио модны давирхай, амьтны өөх, лаа зэргийг илрүүлсэн байна. Уг найрлага дах бодисууд нь олон янзын, зөвхөн Египетийнх биш, асар хол газар нутгийнх байсан нь, худалдаа, бараа солилцоо эрчимтэй хөгжиж байсныг харуулсан байна.








