Ерөнхийлөгч Байден, ерөнхийлөгч асан Обамаг Цагаан ордонд албан ёсны хөрөг зургийн ёслолд урьжээ.
Sat Sep 03 2022
Ерөнхийлөгч Жорж Вашингтоны үеэс уламжлагдан ирсэн ерөнхийлөгчийн хөрөг зургийн ёслолыг хамгийн сүүлд арав гаруй жилийн өмнө Ерөнхийлөгч Барак Обама ба тэргүүн хатагтай Мишелл Обама нар Жорж Буш болон түүний эхнэр Лаура Буш нарыг Цагаан ордонд урьж хийж байжээ.
Харин ерөнхийлөгч Трампын үед учир битүүлгээр, тодорхойгүйгээр тасраад байсан энэхүү уламжлалыг ерөнхийлөгч Жое Байден эргэн сэргээж байгаа бөгөөд ерөнхийлөгч асан Барак Обамаг Цагаан ордонд урьсан байна. Байдены зохион байгуулж буй энэ үйл ажиллагаа лхагва гарагт болох бөгөөд Барак Обама ба түүний эхнэр Мишелл Обама нарын хөргийг найз нөхөд, гэр бүлийнх нь өмнө дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.
Анхны хар арьст ерөнхийлөгч ба тэргүүн хатагтайн хөрөг зургууд нь Цагаан Ордны хөрөг зургийн цуглуулгад орох юм.
2017 оны 1-р сард ерөнхийлөгчийн албанаасаа буусан Барак Обамагийн хувьд энэ үйл ажиллагаанд оролцох нь түүний Цагаан ордонд 2 дахь удаагаа эргэн ирж байгаа үйл явдал бөгөөд өмнө нь өнгөрсөн 4-р сард түүний санаачилж байсан эрүүл мэндийн хуулийн 12 жилийн ойд оролцохдоо ирж байжээ. Харин Мишелл Обамагийн хувьд анхны удаагаа эргэн ирж байгаа нь юм.
Хөрөг зургийн ёслолууд нь ихэвчлэн экс ерөнхийлөгч нарт хөгжилдөх, хошигнох боломжийг олгодог байна.
"Миний хөрөг Цагаан ордны цуглуулгад сонирхолтой тэгш хэмийг авчирсанд би баяртай байна. Энэ нь одоо George W-ээр эхэлж, төгсөж байна" гэж Буш 2012 онд ёслолынхоо үеэр хошигнож байсан юм.

Сүүлийн ёслолуудыг харахад, намын харьяаллаас үл хамааран, Билл Клинтон эцэг Жорж Бушд зориулж хийсэн шиг одоогийн ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгчөө эелдэг найрсаг байдлаар хүлээн авах нь. Залуу Буш, Клинтонд зориулж, Обама залуу Бушд зориулж уламжлалт ёслолыг хийж байжээ.
Харин Доналд Трамп тодорхой шалтгаангүйгээр Обамад зориулж ёслолыг хийгээгүй юм.
Цагаан ордны хөрөг зургийн цуглуулга анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны хөргөөр эхэлдэг бөгөөд түүний хөргийг Конгресс худалдаж авсан байна. Бусад АНУ-ын эхэн үеийн ерөнхийлөгчидийн ба тэргүүн хатагтай нарын хөргүүд нь Цагаан ордонд бэлэг болон ирдэг байсан ба өнгөрсөн зууны дунд үеэс Цагаан Ордны Түүхийн Нийгэмлэг зургуудын төлбөрийг төлж иржээ.
Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг албанаас буухаас нь өмнө хөрөг зургийн үйл явцыг тайлбарлаж өгдөг. Ерөнхийлөгч асан, тэргүүн хатагтай нар зураач эсвэл уран бүтээлчдийг сонгож, тэднийг хэрхэн дүрслэх, зуруулахыг хүсч буй зааварчилгааг санал болгодог.
Мөн ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай нарын хөргийг олон сая зочид Цагаан ордны олон нийтийн зочлох боломжтой өрөө тасалгаа зэргээр үздэг ч бүх хөргүүдийг дэлгэдэггүй байна. Зарим хөргүүдийг хамгаалалтад авах эсвэл Цагаан ордны агуулахад хадгалж байдаг.
Обама нарын хөрөг зургийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг лхагва гараг хүртэл нууцлах болно.
Эх сурвалж: CBS News








