Anu.mn
Эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйн тулд, халуун үед хэрэглэх хэрэггүй 8 зүйлс

Эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйн тулд, халуун үед хэрэглэх хэрэггүй 8 зүйлс

Mon Jul 11 2022
Эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйн тулд, халуун үед хэрэглэх хэрэггүй 8 зүйлс

1. Чихэрлэг хийжүүлсэн ундаа уух,
Хөргөгчинд байгаа сав нь хөлөрсөн хийжүүлсэн чихэрлэг ундаа хэн бүхэнд аврал мэт санагддаг. Үнэндээ бол тийм биш юм. Цусанд сахар орох үед, цусан дахь тэнцвэрийг сэргээхийн тулд ус нь биеийн эсийг орхиж, элэг ажиллаж эхлэн, сахар гипоталамус(hypothalamus) руу очсоноор улам цангаж эхэлдэг. Ундааны чихэрлэг бодис нь цусанд маш хурдан нэвтэрдэг тул 5-10 минутын дараа та дахин цангана.Зарчмын хувьд жин нэмэх эрсдэлээс өөр их санаа зовох зүйл байхгүй. Гэсэн ч, чихэрлэг ундаагаар шингэнээ нөхөхийг оролдох нь шингэний дутагдлыг улам хурцатгаж, бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Чихэрлэг хийжүүлсэн ундаа нь электролит(electrolyte)-ийн тэнцвэрийг сэргээхэд ашиггүй, 7.5 дахин бага натри агуулдаг бөгөөд гипонатриеми(hyponatremia) үүсэхээс хамгаалахад шаардлагатай глюкоз(glucose)-оос ойролцоогоор 2 дахин их байдаг. Тиймээс тод лаазтай хийжүүлсэн ундааны хажуугаар чөлөөтэй өнгөрч, ус эсвэл спортын ундааг сонгоорой.

2. Хуванцар саванд ус хадгалах,
Хуванцар савыг полиэтилен терефталат(polyethylene terephthalate - PET) эсвэл поликарбонат(polycarbonate)-аар хийдэг. Халах үед хоёр материал нь хортой бисфенол А (bisphenol A), харин PET нь сурьма(antimony) ялгаруулдаг. Эхний бодис нь эстроген(estrogens)-тэй төстэй нөлөө үзүүлдэг бөгөөд бие махбод дахь дааврын тэнцвэрийг алдагдуулдаг, харин хоёр дахь нь хортой элемент, хорт хавдар үүсгэгч бодис гэж тооцогддог. Гэхдээ гэр тань халуун байх ба тасалгааны температурт хуванцар саванд ус хадгалахаас бүү айгаарай. Хуванцар сав хортой бодисыг их хэмжээгээр ялгаруулж эхлэхэд ихээхэн өндөр температур хэрэгтэй байдаг. Жишээлбэл, хаалттай орхисон машин, гараж эсвэл маш халуун өдөр шууд наранд орхисон ус аюултай. Ийм нөхцөлд усыг шилэн эсвэл металл саванд хийж, сэрүүн газар тавиарай.

3. Нэмэлт тэжээл, витаминыг гал тогоо эсвэл угаалгын өрөөнд хадгалах,
Вашингтоны их сургуулийн эмийн сангийн туслах профессор Скай МакКеннон The New York Times сонинд бичсэн нийтлэлдээ халуун нөхцөл эмийн үйлчилгээг сүйтгэдэг гэж бичжээ. Өндөр температурт хадгалсан аспирин аюултай болж, гидрокортизон(hydrocortisone) тос чанараа алдаж, гормон агуулсан бэлдмэлүүд үр нөлөөгөө алддаг. Жишээлбэл, жирэмслэлтээс хамгаалах эм, бамбай булчирхайн эм гэх мэт. Мөн МакКеннон инсулин, антикоагулант(anticoagulants) ба антиконвульсант (anticonvulsants)-ыг хадгалахад онцгой анхаарал хандуулахыг зөвлөжээ. Учир нь тэдгээрийн идэвхтэй бодисын тун бага зэрэг өөрчлөгдөхөд, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болзошгүй гэжээ.Температур өндөр байхын зэрэгцээ чийгшилийн хэмжээ витамин С, витамин В-ийн зарим хэлбэрүүдийг муутгана. Ийм нэмэлт бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй ч тэдгээр нь ямар ч ашиггүй болдог байна. ДЭМБ-аас эмийг 25 хэмээс доош температурт хадгалахыг, мөн өрөө халуун байвал хөргөгчинд хийхийг зөвлөжээ.

4. Ширээн дээр хурдан мууддаг хоолыг орхих,
+5-аас +60 хэм хүртэлх температур нь, мах, загас, өндөгийг муутгаж аюултай болгодог гэж тооцогддог. Хэрэв хоолонд бактери байсан бол 20 минутын дараа тэдний тоо хоёр дахин нэмэгдэх болно. Өрөөний хэвийн температурт ийм бүтээгдэхүүнийг хөргөгчнөөс гадна 2 цагаас илүү хугацаагаар хадгалахыг зөвлөдөггүй. Температур нь +32 хэм хүртэл өсөхөд аюулгүй хугацаа 60 минут хүртэл буурдаг байна. Хоолны хордлогод өртөхгүйн тулд хоолоо ширээн дээр бүү үлдээгээрэй. Үлдсэн хоолоо хөргөгчинд нэн даруй хий эсвэл хаяарай. Мөн хөлдүү хүнсийг гаргаж ил орхин гэсгээх хэрэггүй, харин богино долгионы зуухны тохирох тохиргоог ашиглах эсвэл хөлдөөгчнөөс хөргөгчинд шилжүүлэх маягаар гэсгээхийг зөвлөж байна.

5. Хэт халуун байвал сэнс хэрэглээрэй,
Сэнс нь агаарыг хөргөхгүй ба зөвхөн эргэлтэд оруулж агаарын урсгал, салхи үүсгэдэг. Ихэнхдээ энэ нь тайвшруулж, хөлсийг ууршуулахад тусалдаг. Харин агаарын температур 35 хэмээс дээш үед сэнс нь халуун агаар үлээж, улмаар дулааны өсөлтийг нэмэгдүүлдэг. Тиймээс, хэрэв өрөө үнэхээр халуун байгаа бол энэ хэрэгсэлд найдаж хэрэггүй бөгөөд агааржуулагчтай өрөө хайх нь дээр.

6. Согтууруулах ундаа уух,
Согтууруулах ундаа нь бие махбодид ус хадгалах даавар болох вазопрессин (vasopressin)-ы үйлдвэрлэлийг бууруулж, бөөрний шээс ялгаруулалтыг хязгаарладаг. Энэ дааврын хэмжээ буурснаар архи нь биеэс шээс, шингэнийг хөөж эхэлдэг(diuretic effect) ба 00-руу олон удаа явахад хүргэнэ. Үүний зэрэгцээ халуун цаг агаарын улмаас хөлрөлт ихсэхийн хэрээр шингэн алдалт, харвалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрэв та архинаас татгалзах аргагүй байгаа бол илүү их ус ууж, хөнгөн зууш идээрэй.

7. Хангалттай нойр авахгүй байх,
Нойр дутуу байх нь терморегуляц(thermoregulation)-ийг алдагдуулж, хөлс бага ялгаруулж, хангалттай унтах үеийнхтэй адил биеийг амраадаггүй. Энэ нь хүний бие хэт халах эрсдэлийг нэмэгдүүлнэ, ялангуяа дасгал хийх үед. Нэмж дурдахад нойргүй хонох нь дулааныг тэсвэрлэх чадварыг бууруулдаг байна.

8. Булчин татсаны дараа дасгалаа үргэлжлүүлэх,
Халуун цаг агаарт дасгал хийх нь булчингийн таталт, булчингийн их өвдөлттэй агшилтыг үүсгэдэг. Гэхдээ булчингийн спазм өнгөрсний дараа та бэлтгэлээ үргэлжлүүлэхийг оролдож болно. Гэхдээ ер нь дасгал сургуулилалт хийгээгүй нь дээр! Булчин татах, агших нь бие хэт халсаны анхны шинж тэмдэг бөгөөд энэ нь дулааны ядаргаа(heat fatigue) ба дулааны харвалт(heatstroke) болж хувирдаг. Энэ нь биеийн температур 40 хэм хүртэл нэмэгдэж, дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, толгой өвдөх, ухаан самуурах зэргээр илэрдэг ноцтой нөхцөл юм.

Тиймээс хэрэв та булчингийн таталт мэдэрч байгаа бол энэ өдөр дасгал хийх талаар бүү бодоорой. Ус ууж эсвэл изотоник(isotonic) бага зэрэг уугаад сэрүүн өрөөнд очиж, спазмтай татсан булчингуудыг сунган амрах хэрэгтэй.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн