Энэ жил АНУ-ын Армид сайн дураар элсэгчид ховордож, цэргийн хомсдол үүсэх нь
Thu Jul 21 2022
ВАШИНГТОН – АНУ-ын Армид (the Army) 1973 оноос хойш хамгийн бага тооны сайн дурынхан элсэх болж байгаа ба Арми шинэ цэрэг элсүүлэх асуудалтай тулгараад байна. Үүний үр дүнд армийн цэрэг татлагын алба элсүүлэх цэргийн тоо, зорилгоо биелүүлж чадахгүйд хүрч, алба хаагчийн хомсдолд орох нь.
Энгийнээр авч үзвэл нийгэмд иргэний ажлын байр элбэг байх үед армид сайн дурынхныг элсүүлэх нь ихэвчлэн хэцүү болдог. Энэ жил ажилгүйдлийн түвшин 3.6%-д хүрч буурсан нь сүүлийн 50 жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Гэхдээ шинэ хүчин зүйл үүнд нөлөөлсөн нь армийн цэрэгт элсүүлэх хүчин чармайлтыг сулруулсан гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд энэ нь америкчуудын COVID тахлын үед бий болсон ажил амьдралын тэнцвэрт байдалд хандах шинэ хандлага юм.
Өнгөрсөн 2-р сард, Орос-Украины дайн эхэлсний дараа Пентагон НАТО-г бэхжүүлэхээр Европ руу цэргээ илгээж байгаатай холбогдуулан цэргүүдийн хомсдол гарч эхэлжээ. Европ дахь энэ тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан Пентагон Европ дахь цэргийн хүчээ 100,000 болгон нэмэгдүүлж, өмнө байснаас 20,000 цэргээр нэмжээ. АНУ-ын нийт зэвсэгт хүчний хамгийн том хэсэг нь болох Арми, ийм онцгой байдлын үед тухайн нутаг дэвсгэрт хамгийн их цэргийн хүч гаргаж өгдөг байна.
Цаашилбал:
- Хөдөлмөрийн зах зээл дээрх сонирхол татахуйц ажлын байрууд нь Армиас гарах шалтгаан болж байгаа ба цэрэгт шаардлага хангахуйц хүн хүчний нөөцийг багасгаж байгаа бөгөөд Армид эгнээгээ дүүргэх, амин чухал ажлуудыг гүйцэтгэхэд шаардлагатай залуучуудын хомсдолд хүргэж байна.
- 4-р сард, Арми зорилгот элсүүлэлтийн цэргийн тоогоо 8282-оор цөөн буюу 68%-ийг элсүүлжээ. Тэнгисийн цэргийн хүчинд (The Navy) 1473 далайчин дутагдаж, зорилгоосоо 8%-иар дутуу байжээ. Харин Агаарын цэргийн хүчин (The Air Force), Тэнгисийн явган цэргийн корпус (Marine Corps), Сансрын хүчин (Space Force) бүгд зорилтоо биелүүлсэн байна.
- Арми 6 жилийн хугацаатай цэрэгт элсэгчдэд 50,000 доллар санал болгож байгаа нь хамгийн өндөр урамшуулал болж байна. 6-р сард долоо хоногийн турш Арми, элсэгчид ахлах сургуулийн диплом эсвэл түүнтэй дүйцэхүйц гэрчилгээтэй байх шаардлагыг цуцалжээ.
- Лхагва гарагт Армийн албан тушаалтнууд элсүүлэх асуудлынхаа талаар санамж бичиг гаргасан ба үүнд, хангалттай тооны Америкчууд Армийг ойлгодоггүй, амьдралыг цэрэг шиг, цэрэг байх талаар төсөөлж чаддаггүй, Америкийн байгууллагууд, тэр дундаа цэргийнхэнд итгэх итгэл, итгэлээ алдаж байгааг тэмдэглэжээ.
Армийн нарийн бичгийн дарга Кристин Вормут, штабын дарга генерал Жеймс МакКонвилл нар, лхагва гарагт цэргийн элсүүлэлтийн зорилтоо алдсан бодит байдлыг хүлээн зөвшөөрч, цэрэг татлагын чиг хандлагыг өөрчлөхөд чиглэсэн санаачилгыг зарласан санамж бичгийг гаргажээ. Арми 9-р сарын 30-нд төсвийн жилээ 466,000 орчим цэрэгтэйгээр дуусгахаар төлөвлөж байна. Цэрэгт элсэх, Армид ажилд орох хүн хомс байх шалтгааны улмаас 2023 онд энэ тоо 445,000 болж буурч магадгүй юм.
Үүнээс гадна шинээр зарим санаачлагууд гарч байгаа ба үүнд, армид алба хаах бие бялдар, эрдэм шинжилгээний стандартыг хангах боломжит элсэгчдийг бэлтгэх туршилтын хөтөлбөр, өөр нэг нь Армийн шилдэг 420 цэргийн алба хаах хугацааг сунгах зэрэг орж байна.
Эх сурвалж ба нийтлэлийн дэлгэрэнгүйг www.usatoday.com-оос.








