Элсний батарей: Эрдэмтэд эрчим хүч гаргаж авах, хураах хямд бөгөөд байгаль орчинд ээлтэй аргыг олжээ.
Thu Jul 07 2022
Финляндад, нар, салхи болон бусад сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргаж, хэдэн сараар хураах боломжтой дэлхийн анхны элсний батарей ашиглаж эхэллээ гэж ВВС мэдээллээ.
Энэхүү технологийг хөгжүүлэгчид, энэ шинэ бүтээл нь ногоон эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэхэд саад болж буй гол асуудал болох улирлаас хамааралтай асуудлыг шийднэ гэж найдаж байна. Энэ зайны ажиллах зарчим нь маш энгийн, нарны болон салхины эрчим хүчийг, элсээр дүүргэсэн усан санг халаахад ашиглана. Элсийг ойролцоогоор 500 хэм хүртэл халаах боломжтой байдаг бөгөөд элсний энэхүү дулаан хадгалах өндөр чанар нь эрчим хүчийг асар ихээр хуримтлуулах боломжийг олгодог. Ингэснээр өвлийн улиралд дулааны хэрэгцээ эрс нэмэгдэж, үнэ өсөх үед орон сууцны барилгыг халаахад ашиглаж болно гэж үзэж байна.
Финлянд улс нь хэрэглээний байгалийн хийн ихэнх хэсгийг Москвагаас худалдаж авдаг учраас Орос, Украины дайнтай холбоотой, эрчим хүчний салбарыг "ногоон шугамд" шилжүүлэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Түүнчлэн ЕХ-ны бүх орнуудаас Финлянд нь Оростой хамгийн урт хиллэдэг бөгөөд Хельсинки НАТО-д элсэх хүсэлтээ зарласны дараа Москва "найрсаг бус" баруун хөршдөө хий, цахилгаан нийлүүлэхээ бүрэн зогсоосон юм.
Финляндын өвөл нь урт, хүйтэн тиймээс хүйтний улирал эхлэхэд, гэрэлтүүлэг, халаалтаа хэрхэн шийдэх талаар тодорхойгүй байгаа нь улс төрчдийн төдийгүй тус улсын жирийн иргэдийн санааг зовоож байна. 7-р сарын 5-нд баруун бүсийн нэгэн жижиг цахилгаан станцад нэвтрүүлсэн шинэ технологи энэ асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд шинэлэг зүйл нь тийм ч гайхалтай биш, 100 тонн барилгын элсээр дүүргэсэн саарал өнгийн аварга том бункер юм. Энэхүү элсний агуулахын боломж асар их бөгөөд энэхүү маш хямд барилгын материал элс нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчийг хуримтлуулах, хадгалах боломжийг олгодог хямд, үр ашигтай батерейг бий болгоход шаардлагатай шинж чанартай байх боломжтой гэж үзэж байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түлшний үнийн огцом өсөлт зэрэг нь сэргээгдэх эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Тохиромжтой газруудыг хайж олох, нарны болон салхин цахилгаан станцуудыг шинээр суурилуулж тоноглох, тэдгээрээс цахилгаан эрчим хүчийг гаргаж авч хангах нь харьцангуй энгийн ажил юм. Харин шийдэхэд хэцүү асуудал нь – уг эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ хүчин чадал нь, улирал, өдрийн цаг агаараас зайлшгүй хамааралтай байдаг явдал юм.
Нар тусахгүй, салхилахгүй байх үед яах вэ?
Эрчим хүчний хангамжийн тасралтгүй байдлыг хэрхэн хангах вэ? Ногоон цахилгаан станцуудын тоо эрс нэмэгдсэнээр, сүлжээг тэнцвэртэй байлгахын тулд өөр бусад арга замуудыг ашигласан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Асуудлыг шийдэх хамгийн тодорхой шийдэл бол үйлдвэрлэсэн эрчим хүчийг хуримтлуулж, дараа нь буцааж өгөх боломжтой их багтаамжтай батерей буюу хураагуур барих явдал юм. Өнөөдөр ихэнх батарейг хийхэд литиум ашигладаг. Эдгээр нь харьцангуй үнэтэй, маш их зай эзэлдэг, хэт их цэнэглэлтийг сайн даадаггүй. Ингээд хэсэг залуу инженерүүд Финландын Канкаанпа хотод дэлхийн анхны элсний аккумляторыг суурилуулж дуусган, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй байхаар шийдэн ажиллаж байна. "Хямд үнэтэй ногоон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл өсөх бүрийд түүнийг түр хадгалах газар руу хурдан шилжүүлэх шаардлагатай болдог" гэж технологийг хамтран бүтээгч, Polar Night Energy-ийн үүсгэн байгуулагч Маркку Өлэнэн тайлбарлав. Эхний элсний аккумляторыг Ватаянкоски цахилгаан станцад суурилуулсан бөгөөд энэ нь ойр орчмын иргэдийг дулаанаар хангах юм.
Хямд цахилгаан нь элсийг эсэргүүцэлтэй халаалтын зарчимаар 500 хэм хүртэл халаана (цахилгаан камины зарчим). Элс нь агаарыг халааж, халуун агаар дулаан солилцуурын хүчээр зай хураагуурын агуулах дотор эргэлддэг. Элс нь эрчим хүч хэмнэхэд их тохиромжтой, учир нь дулаан хадгалах багтаамж нь өндөр, маш удаан халдаг боловч удаан хөрдөг материал юм. Хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар бүтээсэн агуулах нь элсийг хэдэн сарын турш 500 градусын температурт байлгаж чадна. Цахилгаан эрчим хүчний үнэ улирлын чанартай нэмэгдэж эхлэхэд аккумляторын халуун агаарыг төвийн халаалтын системд ус халаахад ашиглана. Тэндээс дулааныг орон сууц, оффис руу нийлүүлж, тэр байтугай орон нутгийн усан санг халаана гэж тооцож байна.
Энэхүү хямдхан, сонирхолтой Элсний батарейны загварыг Тампер дахь хуучин целлюлозын үйлдвэрт боловсруулсан бөгөөд тус хотын зөвлөл нь уг газрыг олгож, шаардлагатай санхүүжилтийг гаргаж өгсөн байна. Өвлийн ид хүйтэнд, цахилгаан станцууд өдөрт хэдхэн цаг ажиллахад халаалт нь маш үнэтэй тусдаг. Харин бид, энэ энергийг хуримтлуулж, шаардлагатай үед сүлжээнд дахин буцаах чадвартай энэхүү хураагуурыг ашиглавал ихээхэн хэмнэлт гарах болно гэж хотын захиргааны эрчим хүч, цаг уурын асуудал хариуцсан Элина Сеппянен тайлбарлав.
Туршилтын технологи хэр зэрэг өргөжин тэлэх боломжтой вэ гэдэг нь хараахан хариулагдаагүй байгаа гол асуулт юм. Элсний батерей хэр ашигтай байх вэ? Түүний эрчим хүч хэдэн зуун айлын орон сууцыг дулаан, цахилгаанаар тасралтгүй хангахад хүрэлцэх үү? Элс нь дулааныг төгс хадгалдаг боловч сүлжээнд нийлүүлэхэд шаардлагатай цахилгаан эрчим хүч болгон урвуу хувиргах нь үр ашиг багатай, илүү өртөгтэй процесс болох уу гэх зэрэг олон асуултууд гарч байна. Гэсэн ч яваандаа энэ технологи нь эрчим хүчний гол зардлаа голчлон байгалын түлш шатаах замаар нөхдөг томоохон аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдэд маш их ашиг тустай байх болно. Мөн энэ чиглэлээр элсийг ногоон эрчим хүчний хэрэгцээнд дулааны хуримтлуулагч болгон ашиглах - АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторийн баг зэрэг дэлхийн бусад хэд хэдэн судалгааны бүлгүүд ажиллаж байгаа юм. Ямартай ч Финляндчууд хамгийн түрүүнд энэ системийг эхлүүлж, одоогоор төслийн нэг хөрөнгө оруулагчийн хэлснээр "бүх зүйл зохих ёсоор ажиллаж байна" гэсэн байна. "Арга нь үнэхээр энгийн, шинэ зүйлийг туршиж үзэх санаа үнэхээр таалагдсан. Ямар нэг хэмжээгээр энэ нь “галзуу” гэмээр төсөл байж магадгүй ч амжилттай дуусна гэдэгт би итгэлтэй байна.Дэлхийд анх удаа ийм зүйлийг бүтээлээ" гэж цахилгаан станцын гүйцэтгэх захирал Пекка Пасси хэлжээ.
Эх сурвалж: forumdaily.com








