Anu.mn
Элон Маск бараг 7 тэрбум долларын Теслагийн хувьцааг заржээ.

Элон Маск бараг 7 тэрбум долларын Теслагийн хувьцааг заржээ.

Thu Aug 11 2022
Элон Маск бараг 7 тэрбум долларын Теслагийн хувьцааг заржээ.

Twitter-ийг 44 тэрбум доллараар худалдан авах гэрээний талаар хуулийн маргаан үүссэн, шүүх хурлын тов товлогдож буй энэ үеэр, Элон Маск Tesla-гийн бараг 7 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг зарсан байна.

Мягмар гарагт Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн баримтын дагуу, тэрбумтан 8-р сарын 5-наас 9-ний хооронд цахилгаан машин үйлдвэрлэгч компанийн 7.9 сая орчим ширхэг хувьцааг шилжүүлсэн байна.

"Twitter энэ гэрээг хүчээр хаахыг хүсч байгаа ба зарим хувьцаат түншүүдтэй тохиролцоонд хүрч чадахгүй байгаа үйл явдалд Tesla-гийн хувьцааг яаралтай зарахаас зайлсхийх нь чухал байна" гэж Мягмар гарагийн орой Маск Twitter хуудсандаа мэдэгджээ.

Олон нийтийн мэдээллийн сүлжээний компани, 4-р сард Элон Масктай 44 тэрбум доллараар Twitter-ийг худалдах тохиролцоо хийсэн бөгөөд энэ худалдан авах гэрээнээс Tesla-гийн босс гарах алхам хийсэн тул түүнийг шүүхэд өгч, хуулийн тэмцэл өрнүүлж байгаа билээ. Шүүх хурлын тов нь энэ 10-р сард эхлэх болжээ.

Маск 44 тэрбум долларын гэрээ хийхээсээ өмнө Twitter-ийг залилан мэхэлсэн гэж буруутгаж, уг платформ нь бизнесийн гол талуудын талаар өөрийг нь төөрөгдүүлсэн хэмээн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үүнээс өмнө Маск, 4-р сард тэрээр Twitter-ийн гэрээг санхүүжүүлэхээр бэлтгэж байхдаа 8.5 тэрбум долларын үнэ бүхий Tesla-гийн хувьцааг зарж байжээ. Тэрээр тухайн үед Twitter хуудсандаа: "Өнөөдрөөс хойш TSLA-ийн хувьцааг худалдах төлөвлөгөө байхгүй." гэж бичиж байсан юм.

Лхагва гарагийн үдээс хойш Tesla-гийн хувьцаа 2.2 хувиар өсч 868.34 доллар болсон бол Twitter 3.4 хувиар өсч 44.28 ам.доллар болжээ.
Маск 11-р сараас хойш Tesla-гийн 32 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг зараад байна.

Дэн Ивес де Ведбуш Секьюритиз, Twitter-ийн худалдан авалт эцсийн дүндээ явагдана гэж бодож байгаа талаар хэлээд, "Маск одоо Twitter-ийн хэлцлийг санхүүжүүлэхийн тулд хангалттай хэмжээний TSLA хувьцааг зарсан. Энэ нь худалдан авалт хийгдэх өндөр магадлалтай болж байгааг харуулж байна" гэж тэр Agence France-Presse-т ярьжээ. "Энэ худалдан авалтын дарамт нь Tesla-гийн хувьцаанд нэлээдгүй нөлөөлж байсан бөгөөд одоо стресс алга болсон тул дарамт дагаад арилсан." гэжээ.

Гэхдээ тэрээр өөрийн дүн шинжилгээндээ энэ үйл явдал нь олон хувилбартай байж болох боломжтой ч гэж тэмдэглэжээ. "Twitter-ийн гэрээ 10-р сард албан ёсоор шүүхэд очихоос өмнө Маск “дарьтай торхны асуудал”-ыг шийдэх гэж оролдож байгааг бид бас харж болно" гэж Ивес нэмж хэлсэн байна.

Сүүлийн долоо хоногт Tesla-гийн хувьцааны үнэ Twitter-ийн хэлцлийн хувь тавилантай холбоотой байсан бөгөөд эхлээд худалдан авалт хийх нь Маскийн анхаарлыг сарниулж, санхүүгийн шаардлагагүй эрсдэлд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолоос болж уналтад орсон. Харин дараа нь түүнийг худалдан авахаас татгалзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд дахин өсөв.

Twitter-ийн гэрээнд хэрэв энэ гэрээ цуцлагдах, хэрэгжихгүй тохиолдолд гэрээг зөрчсөн тал тодорхой нөхцөлд нэг тэрбум ам.долларын гэрээг цуцлах хураамж төлнө гэсэн заалт орсон.

Элон Маск 250 тэрбум ам.долларын хөрөнгөөр ​​Bloomberg-ийн тэрбумтнуудын индексийг тэргүүлж байгаа ч он гарснаас хойш 20.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь гол төлөв Tesla-гийн хувьцааны үнэ буурсантай холбоотой юм.

Эх сурвалж: independent.co.uk ба news.yahoo.com

Сүүлд нэмэгдсэн