Дэлхийн хамгийн том оффис болох Пентагоны барилга
Sat Dec 03 2022
1943 онд баригдсан Пентагон нь дэлхийн хамгийн том оффисын барилга гэсэн цолыг хадгалсаар байна. Үүний зэрэгцээ, энэ оффисын аль ч хэсгээс 7 минутын дотор аль ч булан руу очиж болдог байна. Мөн энэ барилга хэрхэн ийм ер бусын хэлбэртэй болсон, хэдэн давхартай, яагаад шаардлагатай хэмжээнээс хамаагүй олон бие засах газар байдаг гэх мэт олон сонирхолтой баримтуудыг HIS сэтгүүл нийтэлжээ.
Пентагон бол Виржиниа мужид байрладаг АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр юм. Пентагоны нэр (Грекээр "таван өнцөгт" гэсэн үг) нь түүний хэлбэрээс үүдэлтэй. Пентагон нь мөн дэлхийн хамгийн том оффисын барилгаас гадна, дэлхийн 14 дэх том барилга юм.
Энэхүү барилгын дизайныг Америкийн архитектор Жорж Бергстром гаргасан бөгөөд 1941-1943 оны хооронд баригджээ. Төслийн захиалагч нь армийн командлал байв. Дашрамд дурдахад, Барилгын цэргийн генерал Лесли Гроувз захиалагчийн талаас хяналтаар ажилласан. Тэрээр мөн Манхэттэн төслийн (АНУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн код нэр) техникийн захирал байсан ажээ.
Пентагоныг “Доод там” хэмээх, голдуу Африк гаралтай америкчууд амьдардаг ядуусын хорооллын суурин дээр барьжээ. Барилгын таван өнцөгт хэлбэрийг сонгосон нь, тухайн газар нутгийн онцлогоос шалтгаалсан байна. Эхний ээлжинд 108° өнцгөөр (пентагоны өнцөг) хэд хэдэн зам огтлолцсон газарт барихаар төлөвлөж, төсөл нь зөвшөөрөгдсөн байсан ч, ерөнхийлөгч уг барилга Вашингтоныг харах боломжийг хаана гэж үзсэнээс, барилгын талбайг Потомак голын дагуу доош шилжүүлсэн ч, хэлбэрийг нь өөрчлөөгүй ажээ.
Пентагоны таван тал тус бүр нь 281 м, периметр нь 1405 м, коридорын нийт урт нь 28 км, бүх давхрын талбай нь 600,000 м² гаруй юм.
Нэг удаа генерал Эйзенхауэр оффисоо олохгүй төөрч байсан гэдэг.
Албан ёсны хувилбараар Пентагон нь газар дээр 5, газар доор 2 давхартай. Гэхдээ газар доор дахиад 8 давхар, асар олон хонгил байдаг гэсэн яриа явдаг. Мөн таван өнцөгт хэлбэрийн ачаар барилгын хамгийн алслагдсан буланд ердөө 7 минутын дотор хүрэх боломжтой байдаг.
Бас нэг сонирхолтой баримт нь, Пентагон, тэнд ажиллах хүний тооноос хоёр дахин их бие засах газартай. Энэ нь, ямар нэг стратеги төлөвлөлттэй холбоотой биш, харин архитектурын түүхэн оцлог болж таардаг. Учир нь, тэр үед барилга барихдаа цагаан, хар арьстнуудад тусдаа бие засах газар хийдэг заншилтай байсан бөгөөд харин Рузвельтийн ачаар тусгаарлах тэмдэг хаалган дээр нь хадаагүйгээс гадна, цаг хугацаа өнгөрч хүмүүсийг арьсны өнгөөр ялгахаа больсон ч, тэрхүү нэмэлт жорлонгуудыг хаагаагүй аж.
Аюулгүй байдлын яам, офиссын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс барилгын дотор талын зургийг нийтэлдэггүй тул Пентагон дотроо ямар байдгийг мэдэх боломжгүй юм.








