Дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын рейтингийг нийтэлжээ
Sun Jul 03 2022
2022 оны Henley Passport Index-ийн эрэмбээр, Япон, Сингапур улсууд дахин дэлхийн хамгийн хүчирхэг хоёр паспортыг эзэмшигчээр тодорчээ. Энэ тухай Travel and Leisure бичжээ.
Өнгөрсөн онд мөн нэгдүгээрт эрэмблэгдсэн энэ хоёр улсын паспорт эзэмшигч иргэд COVID-19-тэй холбоотой хязгаарлалтын нөлөөллөөс үл хамааран дэлхийн 192 улсад визгүй зорчих боломжтой байсан бөгөөд тэдний араас Герман, Өмнөд Солонгос улсууд190 улсад визгүй зорчих боломжтой гэдгээрээ удаалсан байна. Henley Passport Index нь Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны (IATA) 17 жилийн өгөгдөл, мэдээллийг ашиглан зэрэглэлээ гаргадаг. Энэ индекст 199 улсын паспорт, 227 улсын аялал багтдаг байна.
Henley & Partners компанийн ТУЗ-ийн дарга, доктор Кристиан Каелин “Паспорт, виз нь дэлхийн хэмжээнд хөдөлгөөнд оролцох боломжийг тодорхойлдог, дэлхийн нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж буй хамгийн чухал хэрэгслүүдийн нэг юм. Бидний төрсөн улсын хил хязгаар, эзэмшиж буй бичиг баримт маань бидний арьсны өнгө шиг заяагдмал. Тйимээс, баян чинээлэг улс орнууд хүн төрөлхтний болон материаллаг нөөцийг дэлхий даяар дахин хуваарилж, тэнцвэржүүлэхэд туслах эерэг шилжилт хөдөлгөөнийг дэмжих ёстой.” гэж бичжээ.
АНУ, Их Британи улсууд 186 чиглэлд визгүй зорчих боломжтойгоороо зургаад бичигдэж, мөн Бельги, Шинэ Зеланд, Норвеги, Швейцарь улсууд энэ жил зургадугаар байрыг хуваалцсан байна. Харин 2020 онд АНУ наймдугаарт бичигдэж байжээ.
Украин 34-р байранд орсон ба энэ улсын иргэд 143 улсад ямар ч асуудалгүйгээр нэвтрэх боломжтой. 117 улс руу зорчих боломжтойгоор ОХУ 49-д, Беларусь улс 77 улсад визгүй зорчдог тул 68-р байранд оржээ. Гүрж 50-р байранд (115 улс), Казахстан 75 улс руу визгүй, 69–д жагсчээ.
Зарим улс орнууд чансаагаа ахиулсан ч энэ жилийн индекс 17 жилийн хугацаан дахь дэлхийн хөдөлгөөнт байдлын хамгийн том зөрүүг харуулсан гэж тус компани мэдэгдэв.
Жагсаалтын төгсгөлд, паспорт эзэмшигчид нь зөвхөн 26 улсад визгүй нэвтрэх боломжтой Афганистан болон Омикрон хувилбар дэлгэрсний дараа АНУ-аас өмнөд Африкт түр хугацаагаар зорчихыг хориглосон орнуудын нэг Мозамбик зэрэг улсууд орсон байна. Харин Монгол улс 61 улсад визгүй зорчих боломжтой гэдгээрээ Бенин, Руанда улсуудтай 83-р байрыг хуваалцжээ.
Эх сурвалж: forumdaily.com








