Дэлхийн хамгийн аюултай цагаачлагчдын замууд ба цагаачид хамгийн их амь насаа алддаг газрууд.
Mon Jul 04 2022
Сүүлийн үед хууль бус цагаачид олноор амиа алдсан хоёр том хэрэг гарч дэлхий нийтийг цочирдуулж байна. Олон тооны цагаачид Мороккогоос Хойд Африк дахь Испанийн Мелилла руу хил давах гэж оролдож байхдаа, одоо тогтоогоод байгаагаар доод тал нь 23 хүн нас баржээ. Үүнээс гурав хоногийн дараа Америкийн цагдаа нар Техас мужийн Сан Антонио хотод эзэнгүй орхигдсон ачааны машинаас 50 гаруй хууль бус цагаачдын цогцсыг олжээ. Энэхүү аюултай замуудын талаар ВВС мэдээллээ.
COVID-19 тахлын улмаас, олон улс орон хилийн хяналтаа чангатгасан нь хууль бус цагаачдыг хил нэвтрэх аюултай замаар бөөнөөрөө явахад хүргэсэн. Энэ нь хохирогчдын тоо нэмэгдэхэд хүргэж байна гэж мэргэжилтнүүд анхааруулсан бөгөөд Олон улсын цагаачлалын байгууллагын тооцоолсноор 2014 оноос хойш 50,000 орчим цагаач АНУ-руу болон ЕХ-ны орнууд руу орох оролдлогынхоо үеэр амиа алдсан эсвэл сураггүй алга болсон, гэхдээ бодит тоо үүнээс ч их байх магадлалтай гэж мэдээлжээ.
Цагаачдын хувьд хамгийн аюултай замууд:
Төв Газар дундын тэнгис
Энэ замыг Олон Улсын Цагаачлалын Холбоо (IOM) хамгийн аюултай гэж үздэг. Зарим тооцоогоор 2014 оноос хойш, 19.5 мянга гаруй хүн Хойд Африкаас Газар дундын тэнгисээр дамжин Европ руу гарах гэж байгаад амиа алдсан байна. Ихэнхдээ хүмүүс хийлдэг завь гэх мэт түр зуурын, ачаалал даахгүй завиар хүний тоо хэтрүүлэн далайд гардаг тул энэ аялал нь ихэвчилэн үхэлд хүргэдэг байна. Үүнээс гадна эдгээр "хөлөг онгоц" нь ихэвчлэн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд эсвэл хууль бусаар хил давуулагчидын мэдэлд байдаг. Африк тивээс ихэнх цагаачид Газар дундын тэнгисээр дамжин Европ руу аялдаг Тунис болон Ливид очдог. Энэ газруудад живсэн цагаачдад тусгайлан зориулсан оршуулгын газар хүртэл байдаг бөгөөд ийм оршуулгын газрыг хараад зарим хүмүүс бодлоо өөрчилдөг ч, олон цагаачид амь насаа эрсдэлд оруулахад бэлэн хэвээр байдаг байна.
IOM-ны хэвлэлийн төлөөлөгч Сафа Мсели,"Газар дундын тэнгисийг гатлах цагаачдын оролдлого үргэлжилсээр байна, бид дэлхийн хамгийн аюултай цагаачдын замын дагуух нас баралтын түвшин өндөр байгаад хамгийн их санаа зовж байна" гэж хэлжээ.
2015 оноос хойш бараг 300,000 хүнийг Газар дундын тэнгисийг гатлах оролдлогынх нь үед аварсан гэсэн Европын холбооны гадаад хилийн хамгаалалтын агентлаг Frontex-ын мэдээлэл байдаг байна.
Африк доторх маршрутууд
Африкийн олон цагаачдын хувьд Европ явах мөрөөдөл нь тив алгасах урт аялалаас эхэлдэг. Тэд хойд Африкт хүрэхийн тулд Сахарын цөлийг гатлах шаардлагатай болдог. Энэхүү цөлийн байгалийн нөхцөл нь хүмүүсийг ихээхэн аюулд учруулдаг ба IOM-ын тооцоолж байгаар 2014-2022 оны хооронд Сахарын цөлд бараг 5.4 мянган хүн амиа алдсан гэж үзэж байна.Энэ замын бас нэг бодит аюул нь хүн худалдаалах гэмт хэргийн бүлэглэлүүд, мөн авлигад автсан гааль, хилийн ажилтнууд юм.
Мексик ба АНУ-ын хоорондох хил
Цагаачдын хувьд АНУ бол очихыг зорьдог, хүссэн газар нь юм. Мексик, АНУ-ын хил нь хамгийн хэцүү газрын нэгд тооцогддог. Энэ бүс нутаг нь туулахад хэцүү элсэн цөл, хоёр улсын хил дагуу урсдаг аюултай Рио-Гранде гол зэрэг хэцүү газар нутгаараа алдартай. Энэхүү хил давах оролдлогын үед живэх аюул маш өндөр байдаг. IOM-ын тооцоогоор 2014 оноос хойш 3000 гаруй хүн тэнд нас баржээ.
Тиймээс, машинаар явж аюулаас зайлсхийх боломж байдаг ч, энэ нь ч мөн маш их эрсдэлтэйг саяхан Сан Антонио хотод цагаачид олноороо үхэлд өртсөн хэрэг харуулсан юм. Сафа Мселигийн хэлснээр, сүүлийн үед, АНУ-д орох гэж оролдсон цагаачдын гунигт төгсгөлтэй ижил төстэй хэд хэдэн хэрэг гарч, олон тооны хохирогчид гарсан байна.Тухайлбал, 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-ыг зорихоор гарсан 56 цагаач Мексикийн Чиапас мужид зорчиж явсан ачааны машинтайгаа осолдож нас баржээ.
Азийн маршрутууд
IOM, 2020 онд арван цагаач тутмын дөрөв нь Азиас ирж байна гэж мэдээлжээ. Ази тивийг дайран өнгөрөх хэд хэдэн үндсэн цагаачидын замууд байдаг. Сүүлийн 8 жилийн хугацаанд эдгээр замд бараг 5000 хүн нас барж, сураггүй алга болжээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Рохинжа цагаачид буюу Бангладешчууд бөгөөд Бенгалын булан, Андаманы тэнгисээр дамжин хөрш зэргэлдээх аюулгүй орнууд, тэр байтугай Европт хүрэхийг оролдсон байв. Далайн аялалын үеэр эдгээр хүмүүсийг аюултай бэрхшээлүүд хүлээж байдаг. “Бид хүнс, ундны усгүйгээр бүтэн сарыг задгай тэнгист өнгөрүүлэх шаардлагатай болсон” гэж Рохинжагын дүрвэгч Мухаммед Ильяс Энэтхэгийн далайн цэргийнхэн аварсаны дараа сэтгүүлчдэд ярьжээ. Мөн бусад аюултай замуудын адил энэ замуудад хууль бус хүний наймааны золиос болох өндөр эрсдэл байдаг байна.
Өөр нэг асуудалтай газар бол Афганистанд Талибанчууд засгийн эрхэнд гарсантай холбоотой Иран, Туркийн хилийн бүсээр Афганчууд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр их дүрвэж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, 2 сая гаруй афган дүрвэгч Иран болон хөрш зэргэлдээ орнуудад албан ёсоор бүртгүүлээд байгаа аж.
Эх сурвалж: forumdaily.com








