Дэлхийн амьдрахад хамгийн тохиромжтой 10 хот
Wed Jul 10 2024
Америкийн нэг ч метрополис энэ жагсаалтад ороогүй байна. The Economist Intelligence Unit (EIU) байгууллагаас, 2024 оны дэлхийн хамгийн амьдрахад таатай хотуудын чансааг саяхан нийтэлжээ. Жагсаалтын эхэнд Австрийн нийслэл Вена орсон гэж CNN мэдээлэв. The Economist сэтгүүлийн охин компани EIU нь, дэлхийн 173 хотыг эрүүл мэнд, соёл, байгаль орчин, тогтвортой байдал, дэд бүтэц, боловсрол зэрэг чухал хүчин зүйлсээр эрэмбэлсэн байна.
Хамгийн шилдэг хот Таван ангиллын дөрөвт нь төгс оноо авсан Вена хот гурав дахь жилдээ жагсаалтыг тэргүүлж байна. Спортын томоохон арга хэмжээнүүд зохиогддоггүйгээс, уг хот соёл, урлаг, байгаль орчны чиглэлээр бага оноо авчээ. Копенгаген (Дани) дахин хоёрдугаар байрт орсон бол Швейцарийн Цюрих зургаагаас гуравдугаар байр руу дэвшжээ. Мельбурн (Австрали) гуравдугаар байрнаас дөрөвдүгээр байр руу унаж, Калгари (Канад) Швейцарийн Женевтэй тавдугаар байрыг хуваажээ. Ванкувер (Канад), Сидней (Австрали) нар чансааны долдугаар байрт орсон бол Японы Осака, Шинэ Зеландын Окленд хотууд ижил оноогоор ес, аравдугаар байруудыг хуваалцан эхний аравт багтжээ. Баруун Европын хотуудын үр дүн сайн байна, 30 хот 100-аас 92-ийн дундаж оноо авсан ч бүс нутгийн тогтвортой байдлын ерөнхий оноо нь буурсан байдалтай байв. Энэ нь жагсаал цуглаан, гудамжны үймээн самуун, гэмт хэргийн гаралт ихэссэнтэй холбоотой аж. Хавайн Хонолулу хот 23-р байрт орж, АНУ-ын хамгийн өндөр оноо авсан хот болсон бол Жоржиа мужийн Атланта хот дөрвөн байраар ахиж 29-т жагсчээ. Лос Анжелес 58-д, Нью-Йорк 70-д оржээ. Орон сууцны хурц хямрал Хойд Америк боловсролын салбарт хамгийн өндөр оноо авсан бол Канадын дэд бүтцийн оноо хэд хэдэн бүс нутгийг хамарсан "орон сууцны хүнд хямрал"-ын улмаас өнгөрсөн жилийнхээс доогуур байв. “Түрээсийн орон сууцны үнэ урьд өмнө байгаагүй доод түвшинд байгаа, зээлийн хүү өссөн ч худалдан авалтын үнэ өссөөр байгаа Австрали, Канадад, нөхцөл байдал онцгой түгшүүртэй байна” гэж тайланд дурджээ. Ванкувер хэдийгээр эхний аравт үлдсэн ч бага зэрэг ухарсан, харин Торонто (2023 онд есдүгээрт) 12-р байрт орж чансаа нь буурчээ. Их Британийн нийслэл Лондон хот амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтын 45-д бичигдэв. Тогтвортой байдал, эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирсны ачаар Ази тивд Хонконг 61-ээс 50-д жагсаж, чансаагаараа хамгийн их өссөн байна. АНЭУ-ын хотууд мэдэгдэхүйц сайжирсан: Абу Даби, Дубай хотуудын зэрэглэл дээшилсэн; Саудын Арабын Эр-Рияд, Жидда, Аль-Хобар хотууд ч томоохон ахиц дэвшил гаргасан байна. Энэ хооронд Израилийн Тель-Авив хот хамгийн том уналтад орж, Израиль болон Хамас-ын хооронд болсон дайны улмаас 20 байраар ухарч 112-т бичигджээ. Тогтвортой байдал буурсан Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн хүн амын амьдралын чадвар бага зэрэг нэмэгдсэн ч тогтвортой байдалд эрсдэлтэй байсаар байна. "Өндөр зээлийн хүү болон бусад эдийн засгийн хүндрэлийг дагалдан инфляцийн түвшин нэмэгдсэн нь дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгууландахад хүргэсээр байна" гэж EIU-ийн аж үйлдвэр хариуцсан дэд захирал Барсали Бхаттачарья ярьсан байна.
Жагсаалтын сүүл мушгисан хотуудын хувьд: Сирийн Дамаск хамгийн сүүлд жагссан хэвээр байгаа бөгөөд Ливийн Триполи, Алжирын Алжир, Нигерийн Лагос арай дээгүүр бичигджээ.
Жагсаалтын хамгийн сүүлийн дөрвөн хотын аль нь ч 2023 оноос хойш нийт оноогоо ахиулаагүй гэж судалгаанд тэмдэглэжээ. “Бидний хийсэн судалгаанаас хойш, АНУ-д болсон оюутны эсэргүүцлийн жагсаал гэх мэт олон нийтийн эмх замбараагүй байдал, жагсаал цуглаан дэлхий даяар гарсаар байна. Энэ нь нийгмийн асуудал ойрын ирээдүйд шийдэгдэхгүйг харуулж байна” гэж мөн тэмдэглэжээ.
Дэлхийн амьдрах чадварын индекс 2024: Топ 10 Австри, Вена Копенгаген, Дани Цюрих, Швейцарь Мельбурн, Австрали Калгари, Канад Женев, Швейцарь Сидней, Австрали Ванкувер, Канад Осака, Япон Окланд, Шинэ Зеланд








