Дэлхийг орхихгүйгээр сансарт аялах жуулчлал: Дубайд сарны зочид буудал баригдаж байна.
Fri Sep 23 2022
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд хотод, 5 тэрбум ам.долларын өртөгтэйсарны амралтын газрын төслийг Канадын архитектурын Moon World Resorts Inc компани эхлүүлжээ гэж traveller365.com-д мэдээлэв.
Тус компани Дубайд 224 метр өндөр сарны тансаг цогцолбор барихаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн ажлыг 48 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөж, мөн жилд 2.5 сая жуулчдыг татах, жилийн орлого нь 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх урьдчилсан таамаг гаргасан байна.
Энэхүү төсөл нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх аялагчид, сонирхогчидод хүртээмжтэй, жинхэнэ сансрын аялал жуулчлалын газрыг санал болгох зорилготой бөгөөд энэхүү сарны симуляци нь аялагчдад стратосферээс цааш аялахгүйгээр сарны бодит гадаргуугаар алхах, судлах боломжийг олгоно.
40,000 м2 талбай бүхий энэхүү гайхамшигт амралтын газар нь эрүүл мэндийн алжаал тайлах төв, хурлын танхим, ресторан, шөнийн цэнгээний газар болон сансрын аялал жуулчлал, зочломтгой орчин, технологи зэрэг чиглэлүүдэд төвлөрсөн сонирхолтой олон зүйлийг багтаана. Мөн худалдан авах боломжтой "Sky Villas" нэртэй 300 хувийн орон сууц барина. Мөн эдгээр бүх зүйлс сарны тогоо хэлбэртэй өргөн уудам нутаг дэвсгэрт байрлана.
Төслийн хамтран зохиогч Майкл Хендерсон - "Ойролцоогоор 300 орчим орон сууцнуудаас хүмүүс худалдан авах боломжтой бөгөөд эзэд нь саран дээрх хувийн онцгой клубын гишүүн болно." гэж ярилцлагадаа дурджээ.
Саран дээр янз бүрийн сансрын агентлагуудын төлөөлөгчийн газрууд нээгдэж, ирээдүйн сансрын нисэгчдийг сургах тусгай төвүүдийг барилга дотор тохижуулахаар төлөвлөж байна гэж Hitech мэдээлэв. Үүнээс гадна тэд энэхүү дэлхийн хиймэл дагуул дотор "сарны шаттл" хөөргөхөөр амлаж байна.
Одоогоор Дубайд энэ амралтын газрыг нээх тодорхой төлөвлөгөө гараагүй байгаа ч төслийн ард байгаа Канадын хоёр бизнес эрхлэгчийн нэг Майкл Хендерсоны хэлснээр тус компанийн төлөвлөгөө нь манай гаригийн дөрвөн чиглэлд Moon Destination амралтын газруудыг лицензжүүлэхэд чиглэж байна.

Эх сурвалж: traveller365.com
Орчуулагч, редактор: Б.Байгалмаа








