7-р сарын 19-нд их хэмжээний сэрүүн агаарын урсгал Францын Атлантын далайн эрэгт ирснээр 63 бүс нутагт температурын шинэ дээд үзүүлэлт тогтоосон халууныг дарсан боловч, гал сөнөөгчид халууны давалгаа хэдийгээр хойд болон зүүн тийш шилжиж байгаа ч баруун өмнөд хэсэгт гарч буй асар олон түймэрүүдийг унтраахаар тэмцсээр байна.
7-р сарын 18-ны өдөр, Францын баруун бүс нутгийн Нант хотод +42 хэм хүрч, 1949 онд тогтоосон +40,3 хэм хүрч байсныг эвдсэн бол баруун хойд Брест боомт +39,9 хэмд хүрч, 2002 оны дээд амжилт +35,1 хэмийг мөн давжээ. Норманди дахь Ла Гагад 7-р сарын 19-ний шөнийн 3 цагт +32.8 хэмийн температур бүртгэгдсэн зэрэг шөнийн температурын хэд хэдэн дээд үзүүлэлтийг тогтоосон. Албаны хүмүүсийн мэдээлснээр Францын баруун эрэг бүхэлдээ, өмнөд хэсгийн Ландесаас хойд зүгт Финистере хүртэл халуунд өртөөд байна гэжээ.
Харин хамгийн хүчтэй түймэр нь Жирондын баруун өмнөд хэсэгт гарсан бөгөөд гал унтраах бригад Ла Тесте-де-Бух, Ландирас зэрэг хотуудад хоёр долоо хоног үргэлжилсэн түймрийг унтраахаар, мөн Винсак хотод долдугаар сарын 18-ны шөнө гарсан гурав дахь түймрийг унтраахаар тэмцэж байна.
Бордо хотын прокурорын мэдээлснээр нэгэн автомашины жолооч 7-р сарын 12-нд Ландираст гал гарсан газраас холдон явж буй машиныг харсан, уг галыг унтраах гэж оролдоод дийлээгүй гэж мэдээлсэн бөгөөд мөрдөн байцаагчид санаатайгаар гал тависан ул мөрийг олжээ. Жиронд амьдардаг, 7-р сарын 19-нд байцаагдсан 39 настай эрэгтэйг, 2012 онд ой хээрийн түймэр тавьсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн байцаагдаж байсан бөгөөд 2014 онд мөрдөн байцаалтын ажиллагаа нь нотлох баримт дутмаг учраас хэрэгсэхгүй болсон гэж албаныхан мэдэгджээ.
Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудалд 7-р сарын 19-ний үдийн хоолны дараахан агаарын температур +40.2 хэмд хүрч, Их Британийн дээд үзүүлэлтийг эвдсэн байна.
Мөн Лондонгийн нисэх онгоцны буудлуудын нэг Лутонд хөөрөх зурвасын хэсэг бараг хайлж, нислэгийн хуваарь тасалдсан. Мөн тус улсын өмнөд хэсгийн төмөр замын томоохон хэсгүүд өндөр температурт өртсөн ажээ.
НҮБ-ын цаг уурын агентлагийн тэргүүн энэ хэт халж байгаа нь засгийн газруудад "сэрэх дохио" болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас, “Ардчилсан орнуудад ч гэсэн энэ тохиолдож байгаа үйл явдал сонгогчдын сонголтод нөлөөлнө гэж найдаж байна” гэжээ.
7-р сарын 19-ний өдөр цаг уурчдын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт тивийг бүрхсэн хоёр дахь халуун агаарын масс зүүн Франц, Бельги, Нидерланд, Герман руу шилжиж, агаарын температур +40 хэмд хүрч байна.
Нидерландын цаг уурын алба KNMI, агаарын температур +39 хэм хүрч болзошгүй гэж Нидерландын төв болон өмнөд хэсэгт улбар шар өнгийн цаг агаарын эрсдэлийн анхааруулга өгсөн бол Бельгийн цаг уурчид +40 хэм ба түүнээс дээш температурт хүрэх магадлалын өндөр сэрэмжлүүлэг зарлажээ.
Брюссель хотын улсын томоохон музейнүүд 65-аас дээш насны хүмүүсийг сэрүүцүүлэхийн тулд үнэ төлбөргүй нэвтрэх журам гаргасан бол Амстердам дахь ажилчид халуунд металл тэлж гацахаас сэргийлж механик сувгийн гүүрэн дээр ус асгаж байна.
Харин Германд, Саксонид гарсан ойн түймрийг унтрааж байгаад хоёр гал сөнөөгч бэртжээ. Цаг агаарын хэт халалтаас ган гачиг болохоос болгоомжилж, Германы тариаланчдын холбоо хүнсний үйлдвэрлэлд "их хэмжээний хохирол учрах" эрсдэлтэйг анхаарууллаа.
Европын Комиссоос Европын холбооны 46%-д ган гачгийн сэрэмжлүүлэг гарган, 11% нь эрсдэлтэй байна гэж зарлав. Франц, Испани, Португалийн ой хээрийн түймэр хуурай ой, уулархаг нутгийг сүйрүүлсээр байна.
Францад 2000 орчим гал сөнөөгч гурван түймрийг унтрааж байна. Нийт 37 мянга гаруй хүнийг бүс нутгаас нүүлгэн шилжүүлснээс зөвхөн 7-р сарын 18-нд гэхэд 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ла Тесте-де-Бух хотын дарга Патрик Дэйв “үнэхээр зүрх шимшрэм байна. Манайх аялал жуулчлалын хот учраас, эдийн засгийн хувьд хүнд хохирол амсна” гэв.
Өнгөрсөн долоо хоногт Европын хамгийн өндөр элсэн манхан болох Дун Пилатын ойролцоох 5 амралтын газраас 6000 аялагчидыг нүүлгэн шилжүүлсэн, уг аялалын бүсийн "бараг 90 хувь нь устгагдсан" гэж орон нутгийн засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв. Элсэн манхны ойролцоо 9 км урт, 8 км өргөн хэсэг газар шатсан хэвээр байгаа бөгөөд “түймэр эргэн тойрноо хайр найргүй устгаж байна.” гэж орон нутгийн гал түймрийн албаны дарга Марк Вермеулен хэлэв.
Одоогоор Францад хүн нас барсан тохиолдол гараагүй байгаа ч 7-р сарын 19-ний байдлаар арав гаруй түймэр үргэлжилсээр байгаа Испани улсад, Замора мужид гарсан түймрийн улмаас 69 настай хоньчин амиа алджээ. 7-р сарын 17-нд мөн нэг гал сөнөөгч нас барсан юм. 7-р сарын 18-нд Мадрид хотод 50 гаруй насны эрэгтэй халуунд цохиулж нас барсан нь тодорхой болсон. Баруун хойд зүгт орших Мадрид болон Галисиагийн хоорондох төмөр замын хоёр тал дахь гал түймрийн улмаас төмөр замын хөдөлгөөн түр зогссон хэвээр байна. Хойд нутгийнх нь Табара хотын ойролцоо хээрийн түймэр тариалангийн талбайг бүхэлд нь хамарч, галыг цурманд оруулах зорилгоор нүх ухах гэж байсан экскаваторыг бүхэлд нь хамарснаар жолооч нь түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Португалийн хойд хэсэгт гарсан ойн түймрийг 1400 гал сөнөөгч унтраажээ. Хойд зүгт орших Вила Реал-д гарсан галаас зугтаж явсан машин замаас гарч осолдож хоёр хүн нас барсаны дараа 7-р сарын 18-нд гал түймрийн улмаас амиа алдагсдын тоо хоёр дахин нэмэгдэж, дөрөв болсон гэж албаны хүмүүс мэдэгдэв. Португалд долоо хоног гаруй үргэлжилсэн түймрийн улмаас 60 хүн гэмтэж бэртсэн, мөн 70 орчим насны хоёр хүн бүрэн шатсан машин олсон" гэж Мурса хотын захирагч Марио Артур Лопез хэлэв.
Сүүлийн долоо хоногуудын халуунд Испани, Португалд нийтдээ мянга орчим хүн нас баржээ. Европ даяар хэдэн арван мянган хүн гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрч байна.
Афинд 7-р сарын 19-ний орой хүчтэй салхи шуурганд дэгдсэн ойн түймэр Пендели уулыг давж, тэнгэр тэр чигтээ өтгөн утаа тоос шороогоор бүрхэгдэв. Грекийн Уур амьсгалын хямрал, иргэний хамгаалалтын яамнаас Нтрафи орчмын оршин суугчдыг гэр орноо орхин явахыг тушаасан бөгөөд гал сөнөөгчид газарт болон агаараас галыг унтраасаар байгаа юм. Тус улсын “Open TV” сувгаар галд байшингууд шатаж байгаа, гаражид үлдсэн машинуудыг шатааж байгаа дүрс бичлэгийг үзүүлж, хүмүүс хэрхэн зугтаж буйг үзүүлсэн байна. Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар гал Пендели уул даяар асар хурдтай тархан орж ирсэн гэжээ.
Хэрэв хүчтэй салхи болоогүй, мөн хур тунадас орохгүй, хуурайшилттай байгаагүй бол өндөр халуун температур дангаараа ийм сүйрэлд хүргэхгүй байсан гэж цаг уурчид үзэж байна.
Ерөнхийд нь авч үзвэл, аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш манай гаригийн дундаж температур +1.1 хэмээр нэмэгдсэнийг ВВС мэдээлэв. Хэвийн бус халуун үе тивүүдэд тохиох нь илүү их олширч, удаанаар үргэлжилэх болж, температур нь үе үе, улам бүр нэмэгдсээр байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын өмнөд болон төв хэсэгт температурын хэдэн арван дээд үзүүлэлт тогтоогджээ.
Урьд өмнө байгаагүй халуун Колорадо, Техас, Оклахома, Арканзас мужуудад тохиож байна. 7-р сарын 15-ны өдрийн өндөр халалт, 22 сая америкчууд буюу нийт хүн амын 7%-ийн эрүүл мэндэд заналхийлэл учируулахуйц халсан байна. Ойрын долоо хоногт нутгийн өмнөд болон баруун хэсгээр +40 хэмд хүрч халах төлөвтэй байна. Жил бүр хэдэн зуун америкчууд үүнээс болж нас бардаг. Одоогийн байдлаар АНУ-д нийтдээ 84 орчим томоохон түймэр асч байгаа бөгөөд 1.2 сая га газар хэдийнэ шатаад байна. Техас, Аризона, Юта мужуудаас гадна Аляскад хамгийн олон түймэр бүртгэгдээд байна гэж Rambler мэдээлэв.
Мэргэжилтнүүд одоогийн халууны давалгааг уур амьсгалын өөрчлөлт гэж буруутгаж, ойрын 30 жилийн хугацаанд цаг агаарын эрс тэс уур амьсгал улам бүр дордож, хүний амь нас, амьжиргаанд бүр ч их аюул учруулах болно гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: forumdaily.com