February
3
2023
Anu.mn
Мэдээ
Дэлхий дээрх хамгийн хүчтэй газар хөдлөлт ямар байж болох, мөн түүний үүсэх магадлал
Дэлхий дээрх хамгийн хүчтэй газар хөдлөлт ямар байж болох, мөн түүний үүсэх магадлал
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Дэлхий дээрх хамгийн хүчтэй газар хөдлөлт ямар байж болох, мөн түүний үүсэх магадлал
Photo: IStock

Сонирхолтой нь, газар хөдлөлтийн хүч,  магнитудаас, хүмүүст сүйрэл учируулах үхлийн аюул тэр бүр шалтгаалдаггүй гэнэ. Энэ гамшигт үзэгдлийн талаархи ойлголт, мөн ирээдүйд биднийг ямар "чичиргээ" хүлээж байж болох талаар LiveScience мэдээлэв.

1960 оны тавдугаар сарын 22-нд Чилийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, 10 минутын турш газар маш хүчтэй чичирч, хүмүүс хөл дээрээ тогтож чадахгүй байсан гэдэг. Зам, барилга байгууламжид хагарлууд үүсч нурсан бөгөөд энэхүү газар хөдлөлт болон түүнээс үүдсэн цунамигаас амьд үлдсэн нэг хүн, -“Эхлээд Хүйтэн дайн болж байна, тэр нь цөмийн Армагеддон болж хувирлаа” гэж бодсон хэмээн ярьсан байдаг.

Газар хөдлөлтийн төвдөө хамгийн ойр байгаа хотын нэрээр нэрлэгдсэн энэхүү Валдивиа газар хөдлөлт нь, ойролцоогоор 9.5 магнитудын хүчтэй байсан бөгөөд урьд өмнө болон түүнээс хойш бүртгэгдэж байсан дэлхийн хамгийн хүчтэй газар хөдлөлт байв.

Ер нь газар хөдлөлт үүнээс илүү хүчтэй байх боломжтой юу? гэсэн асуултад геологичид тийм гэж хариулдаг ч, үүнээс илүү хүчтэй том газар хөдлөлт болох магадлалыг тун бага гэж үздэг. Газар хөдлөлтийн геологич Вэнди Бохон, -“9.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болох ч, дэлхийн царцдасын асар том хэсгийг нэгэн зэрэг хагалж хөдөлгөхөд, хагарлын хөдөлгөөн маш гүнд байх ёстой бөгөөд мөн ер бусын урт хугацаа шаардагдана. Дэлхий дээр ийм зүйл тохиолдох газар тийм ч олон байдаггүй. 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг манай гарагт үүсэж болох дээд хязгаар гэж хэлж болно. 10 магнитудын хүчтэй газар хөдлөлт гарах магадлал маш бага. Энэ нь Холливуд, түүний кинонуудын хувьд гайхалтай байх нь гарцаагүй, харин дэлхийн хувьд бодитой бус байгаад Бурханд талархаж байна.” гэж ярьсан байна. 

Магнитуд нь, газар хөдлөлтийн үед ялгарах энергийн хэмжээг илэрхийлдэг хэмжүүр юм. Энэ нь газар хөдлөлтийн хүчтэй мэдрэмжээс арай өөр бөгөөд голомт, түүнээс хол ба ойр байршил, мөн газрын хөрсний нөхцөл байдал нөлөөлдөг. Ижил хэмжээний магнитудын газар хөдлөлт гэхэд, хатуу хад чулуун дээр зогсохоос илүү сул хөрс, элсэн дээр зогсож байгаа хүнд илүү хүчтэй мэдрэгддэг байна.

Мөн газар хөдлөлтийн хүчний хэмжээ нь хагарлын нийт талбайгаас хамаарна. Энэ нь эргээд дэлхийн царцдас руу хагарал хэр гүн орох болон хагарч буй хэвтээ байрлалын сегментийн уртаас хамаардаг байна. Хэр том газар хагарах, хөдлөх хүчний хэмжээнд физикийн хязгаарлалт байдаг. Томоохон гүний хагарлууд нь, субдукцийн бүсэд байдаг бөгөөд нэг тектоник хавтанг нөгөө нь шахсанаар үүсдэг. Газар хөдлөлт зарим үед, дэлхийн гадаргаас 500 миль (800 км) гүнд тохиолдож болох ч, АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, ихэнх ийм гүний газар хөдлөлт нь газрын гадарга дээр хүчтэй чичиргээ үүсгэдэггүй. Харин дэлхийн царцдаст, гадаргын дээд хэсгийн хэдэн арван километр дотор болдог хөдлөлт хүмүүст хамгийн аюултай байдаг байна. Газар хөдлөлтийн магнитудад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол хагарал, түүний шилжилт байдаг. 1960 онд болсон Чилид болсон газар хөдлөлт нь шилжилттэй байснаас, тус улсын газар нутгийг өргөсгөсөн гэж 2016 оны газар хөдлөлтөөс амьд гарсан Чилийн их сургуулийн газар хөдлөлтийн судлаач Сержио Барриентос бичсэн байдаг.

Хүчний хэмжээний ойлголт

Газар хөдлөлтийн магнитудын хэмжээ нь, маш хүчтэй газар хөдлөлтүүдийн хоорондох ялгааг санамсаргүйгээр далдлах магадлалтай. Хуваарилалт нь шугаман биш, харин логарифм байдаг. Хөрсний хөдөлгөөний нэгжийн өсөлт, газар хөдлөлтийг 10 дахин нэмэгдүүлж, ялгарах энерги нь 32 дахин нэмэгддэг. Геологич Бохон, боодол спагетти хугалахтай зүйрлэж тайлбарлах дуртай. Түүнийхээр, нэг ширхэг спагетти хугалахыг 5 баллын газар хөдлөлттэй тэнцнэ гэж үзвэл, 6 баллын хүчтэй газар хөдлөлтийн энергийг гаргахын тулд 32 ширхэг спагетти хугалах хэрэгтэй болно. Харин масштабын хувьд 7-ийн утга нь 1024 ширхэг спагетти хугалахтай, 8-ийн утга нь, 32.768 ширхэгийг хугалахтай, 9-ийн утга нь 1.048.576 ширхэгийг хугалах үеийн хүчтэй тохирч байна. Энэ жишээнээс харахад, ялгарсан энергийн хувьд 8 ба 9 магнитудын газар хөдлөлтийн ялгаа нь, 5 ба 6 баллын хүчтэй газар хөдлөлтийн зөрүүгээс хамаагүй их байна.

Хэмжилтийн тодорхойгүй байдлаас болж, 1960 онд Чилид болсон газар хөдлөлтийг 9.5 магнитудын хүчтэй байсан эсэх талаар шинжлэх ухааны маргаан одоо ч байсаар байдаг. Мөн, магнитудын хэмжээний ойлголтын хувьд, 9.5 магнитудын хүчтэй Чилийн газар хөдлөлт нь, 1964 онд Аляскад Prince William Sound хотод болсон 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хоёр дахин хүчтэй байсан байна.

Түүнчилэн, онолын хувьд илүү том газар хөдлөлтийг үүсгэж болох астероидтой мөргөлдөх үеийн гаригийн сүйрэлүүд байдаг. Эрдэмтэд 66 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийг устгасан астероидын мөргөлт нь, хоёр оронтой тоогоор хэмжигдэх газар хөдлөлтийг үүсгэсэн гэж үздэг ч, яг хэмжээг нь тодорхой тогтооход хэцүү байдаг байна. Хэдэн тэрбум жилийн хугацаанд дэлхий ийм сүйрлийн гэрч болох нь гарцаагүй. Гэхдээ хүн төрөлхтөний ​​хувьд 9 баллаас илүү хүчтэй хөдлөлт тохиолдох магадлал маш бага. 2022 оны судалгаагаар, геологийн мэдээлэлд үндэслэн тооцоолсноор эртний хамгийн том газар хөдлөлт Чилид  3800 жилийн өмнө болсон бөгөөд мөн 9.5 магнитудын хүчтэй байсан байх магадлалтай гэж геологчид үздэг байна.

Газар хөдлөлтийн хүчний хэмжээ нь, хүмүүст үхлийн аюул учруулах хамгийн гол хүчин зүйл биш бөгөөд бага хэмжээний магнитудтай газар хөдлөлт, хүн ам суурьшсан газар, мөн нурах магадлалтай барилга байгууламжтай газруудад болсноос болж олон хүн нас барсан тохиолдлууд олон байдаг. Чилид болсон 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үед 2000 орчим хүн амиа алдсан бол, 1556 онд Хятадын Шаньси хотод болсон 8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 830,000 орчим хүн амиа алдсан гэж үздэг. Мөн 2010 онд Гаитид болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлтийн үед 220,000 орчим хүн амь үрэгджээ. Мөн,1994 онд, хэнд ч анзаарагдаагүй хагарлаас болсон ердөө 6.7 магнитудын хүчтэй Нортриджийн газар хөдлөлт, Лос Анжелес хотод нөлөөлснөөс 57 хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж, олон тэрбум долларын хохирол учруулсан ажээ.

Бохон хэлэхдээ, "Гайхалтай газар хөдлөлтөд хүргэж болзошгүй маш олон жижиг гэмтэлүүд байдаг." "Гэхдээ хүмүүс зөвхөн том тоог л боддог."

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.