Anu.mn
Чингис хааны ач хүү Хүлэгү хааны ордныг археологичид олсон байж магадгүй

Чингис хааны ач хүү Хүлэгү хааны ордныг археологичид олсон байж магадгүй

Tue Jul 26 2022
Чингис хааны ач хүү Хүлэгү хааны ордныг археологичид олсон байж магадгүй

Туркийн зүүн хэсэгт орших Ван мужаас Чингис хааны ач хүү Хүлэгү хаанд зориулан барьсан байх магадлалтай ордны туурь балгас олдсон гэж археологичдын баг үзэж байна. Гэсэн хэдий ч уг судалгаанд оролцоогүй бусад судлаачид уг туурийг Чингис Хаантай, түүний гэр бүлтэй холбохоос өмнө илүү их мэдээлэл, судалгаа хэрэгтэй гэж анхааруулж, болгоомжтой байхыг уриалжээ.

Хүлэгү (мөн Хулагу гэж нэрлэдэг) хаан бол МЭ1217-1265 он хүртэл амьдарч байсан, Ойрхи Дорнод, Баруун Өмнөд Азид Монголын аян дайныг удирдаж Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж, Ил Хаант улсыг байгуулсан Монголын удирдагч байв. Тэрээр 1258 онд Багдад хотыг эзлэн, Багдадын Их номын сан гэгддэг Мэргэн ухааны ордон зэрэг хотын ихэнх хэсгийг сүйрүүлж, Багдадын удирдагч Халиф Аль-Мустасим Биллахыг цаазалсан гэдгээрээ алдартай.

Монголын эзэнт гүрний эв нэгдэл Чингис хааны өөр нэг ач хүү Мөнх хаан нас барсны дараа 1259 онд дууссан ба Ойрхи Дорнодод, Хүлэгү хаан Ил хаант улсыг байгуулсан юм. Гэвч Ил хаант улс нь богино насалж, 14-р зууны эхээр задран унасан бөгөөд сүүлчийн үлдэгдэл нь 1357 онд устгагджээ.

Түүхэн эх сурвалжид, тус бүс нутагт зуны нийслэл ба хааны ордон байсан гэж дурдагддаг боловч яг хаана байсан талаар тодорхой заагаагүй байна. Одоогоор уг ордны туурийн малтлага үргэлжилж байгаа ч маш их тонуулсан байдалтай байгаа юм. Малтлагын багийн гишүүн, Монголын ШУА-ийн археологич Ринчинхорол Мөнхтулга: "Хааны ордны цогцолборын үлдэгдэл одоо бүрэн сүйрсэн" гэж Live Science-д цахим шуудангаар мэдэгджээ. Гэвч археологийн багийнхан бараг юу ч үгүй болтол тонуулсан туурьнаас дээврийн хавтан, тоосго, гурван өнгийн керамик ваар, шаазан эдлэлийн үлдэгдэл олсон байна.

“Нэг чухал олдвор бол зарим дээврийн хавтан дээр “S” үсэгтэй төстэй Свастика тэмдэглэгээ байгаа бөгөөд энэ нь Монголын эзэнт гүрний “Хас” хээ юм. Хас хээ буюу тамга нь "Монголын хаадын эрх мэдлийн бэлгэдлийн нэг" гэж Ринчинхорол онцолжээ.

Свастика хээний янз бүрийн хэлбэрийг эртний болон дундад зууны үед хэрэглэж байсан бөгөөд мөн өөр нэг хувилбарыг 20-р зуунд нацистууд эзэмшиж байжээ.
Эдгээр хас хээ, тэмдэг бүхий хавтангууд нь судлаачидад Хүлэгү хааны ордон олдсон гэж үзэх чухал шалтгаан болж байна гэж Ринчинхорол тэмдэглэв.

Археологичид хэрхэн дүгнэж байна вэ?
Live Science, энэ археологийн нээлтэд судлаачид ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэхийн тулд судалгаанд хамааралгүй хэд хэдэн мэргэжилтнүүдтэй холбоо барьжээ.

Хойд Жоржиагийн их сургуулийн Төв Евроазийн түүхийн профессор Тимоти Мэй, "Энэ Хүлэгүгийн ордон байх боломжтой" гэж Live Science-д цахим шуудангаар хариу илгээсэн ба тодорхой мэдээлэл өгөхөөс өмнө илүү их мэдээлэл хэрэгтэй байна гэжээ. Мэй мөн "Үүнд оролцож буй эрдэмтэд маш сайн бөгөөд тэдний зөв байж магадгүй" гэж бичсэн байна. Түүнчлэн бусад эрдэмтэд Тимоти Мэйтэй төстэй байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Энэхүү нээлт нь "сэтгэл хөдөлгөм" боловч илүү их мэдээлэл шаардлагатай гэж Солонгосын Йонсей их сургуулийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Майкл Хоуп Live Science-д цахим шуудангаар өөрийн хариугаа илгээсэн байна. Хоуп мөн “Хүлэгү хааны ордны тухай зарим түүхэн баримтууд байдаг. 13-р зууны Арменийн түүхч, Ганжагийн Киракос (МЭ1200-1271) нь Ван нуур, Урмиа нуурын хооронд хаа нэгтээ орших ордны тухай дурдьсан байдаг”, “Мөн Аканчийн Григорий хэмээх өөр нэг Арменийн түүхч (МЭ1250-1335) Ил хаант улс Ван нуурын зүүн хойд зүгт Ала Так хэмээх газарт зуны нийслэл байгуулсан талаар дурьдсан байдаг, үүнд нь хааны ордон багтсан ч байх магадлалтай” гэж Хоуп тэмдэглэжээ.

Бид энэ бүс нутаг нь Монголчуудын хувьд чухал газар байсан гэдгийг баттай мэдэж байгаа тул "Илханичуудын жижиг суурингийн туурь, магадгүй энэ бүс нутгаас тэдний орд харшуудыг олоход гайхах хэрэггүй" гээд, "Энэ бол Киракосын дүрсэлсэн Хүлэгүгийн ордон мөн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Би үүнийг үгүйсгэхгүй, гэхдээ би илүү их мэдээлэл өгөхийг тэсэн ядан хүлээж байна" гэж Хоуп хэлэв.

Тус газарт Турк-Монголын хамтарсан баг судалгаа хийж байна. Судалгааны тайланг ойрын хэдэн сард бэлтгэнэ гэж судлаач Ринчинхорол мэдээлжээ.

Эх сурвалж: livescience.com

Сүүлд нэмэгдсэн