Anu.mn
Чикагогийн нэгэн дүүрэгт борлуулагдсан Mega Millions-ын тасалбар 1.28 тэрбум долларын “jac ...

Чикагогийн нэгэн дүүрэгт борлуулагдсан Mega Millions-ын тасалбар 1.28 тэрбум долларын “jackpot” хожжээ.

Mon Aug 01 2022
Чикагогийн нэгэн дүүрэгт борлуулагдсан Mega Millions-ын тасалбар 1.28 тэрбум долларын “jackpot” хожжээ.

Megamillions.com вэбсайтын мэдээлснээр, 7-р сарын 29-ний баасан гарагийн орой болсон сугалааны тохиролд нэг 1.28 тэрбум долларын жакпот хожсон тасалбар байсан бөгөөд үүнийг Чикагогийн Des Plaines дэх Speedway шатахуун түгээх станцын дэлгүүрээс хэн нэгэн худалдаж авсан байна.

Ялагчийн дугаар нь: 13-36-45-57-67, Mega Ball: 14.

Mega Millions Консорциумын ахлах захирлаар ажиллаж байгаа Охайо мужийн сугалааны захирал Пэт Макдоналд, "Бид Mega Millions-ын түүхэн дэх хамгийн том жакпот хожлуудын нэгнийх нь гэрч болж байгаадаа баяртай байна", "Бид хэн ялсныг мэдэхийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд ялагчид тун удахгүй баяр хүргэх болно!" гэж сугалааны цахим хуудаснаа мэдэгдсэн байна.

Энэ жакпот нь тоглоомын сүүлийн 20 жилийн түүхэн дэх гурав дахь том MegaMillions жакпот шагнал болжээ. 4-р сарын 15-наас хойш хэн ч тоглоомын сонгосон зургаан тоотой таарч чадаагүй тул шагналын сан нь ийм өндөр дүнтэй болсон бөгөөд энэ нь жакпот ялагчгүй 29 дараалсан сугалааны тохирол юм. Сугалааны тохирлын түүхэнд 2018 оны 10-р сарын 23-ны өдөр Өмнөд Каролинад зарагдсан тасалбараар хамгийн том MegaMillions жакпот 1,537 тэрбум доллар хожиж байв. Мөн 2021 оны 1-р сарын 22-нд Мичиган мужид дөрвөн тоглогчийн баг 1.05 тэрбум долларын жакпот мөн хожжээ.

Энэ удаагийн хожлын 1.28 тэрбум долларын шагналыг урт хугацааны буюу 29 жил гаруй хугацаанд жил бүр хувааж төлөх сонголтоор ялагчид санал болгож болох боловч ихэнх өмнөх ялагч нар бэлэн мөнгөөр шагналаа авахыг сонгож байсан байна. Баасан гарагийн оройн тохиролын дүн нь бэлэн мөнгөний сонголтоор авбал ойролцоогоор 747.2 сая доллар болох юм.

Иллиной мужийн Сугалааны хуулиар, хожлын тасалбарыг зарсан дэлгүүр бас нэлээд том ялагч болж байгаа юм. Зөвхөн тасалбар зарсныхаа төлөө хагас сая доллар авна.

Mega Millions нь АНУ-ын 45 муж улсууд болон Вашингтон ДС ба Виржиний арлуудад тоглогддог бөгөөд энэхүү азын тоглоомыг муж бүрийн сугалааны хороо зохицуулдаг байна.

Сугалаанд хожих магадлал эсвэл байгалийн гамшигт өртөх магадлал хоёрын аль нь илүү өндөр вэ?
Америкчууд мөрийтэй тоглож, дараагийн саятан болохыг оролдохын тулд халааснаасаа ганц хоёр доллар хайж, сугалаа авч мега сугалааны жакпотууд хүлээх дадалтай хүмүүс юм гэж New York Post сонин бичжээ. Сугалаанд хожих магадлалын тухай энэхүү мэдээлэл зарим хүмүүсийн нүдийг нээж, эрүүлээр бодож тунгаахад хүргэнэ. Үнэн хэрэгтээ жакпотыг хожих магадлал маш бага бөгөөд харин байгалийн гамшигууд, болон ховор тохиолдлуудад өртөх магадлал хамаагүй өндөр байдаг байна.

АНУ-ын хамгийн алдартай хоёр сугалааны аль аль нь, дээд шагналаа 292 сая ба 302 саяд 1 хүн хожих боломжтой гэсэн магадлалыг өгдөг. Нарийвчилж үзвэл, Powerball 292,201,338-д 6-н тоо таарсан 1 сугалаа хожих магадлалтай, харин MegaMillions-д 302,575,350-д 1 гэж мэдэгддэг. Үүнийг дэлхий болон байгаль эхээс үүдэлтэй ховорт тооцогддог тохиолдлуудын магадлалуудтай харьцуулахад хожих магадлал бараг байхгүй гэж хэлж болно.

Хүйтнээс болж үхэх магадлал:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүйтнээс даарч хөрснөөс болон ханиадны улмаас нас барах магадлалыг 6045 хүн тутамд 1 гэж тооцдог. Салхи, хүйтэн температур хамтдаа зуны халуунаас илүү хүмүүсийг үхэлд хүргэдэг гэж судлаачид үзэж байна.

Халуун болон хүйтэн цаг агаарын улмаас амь насаа алдах магадлал:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл халуун цаг агаарт халуунд цохиулж нас барах магадлалыг 8248-д 1 гэж тооцдог. Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс явуулсан судалгаагаар өвлийн улиралд хүйтнээс болсон нас баралт, зуны халуун үеэс хоёр дахин их байгааг тогтоожээ.

Аянганд цохиулах магадлал:
Үндэсний цаг уурын алба, хүн амьдралынхаа туршид аянганд цохиулах магадлал 15,300-д 1 гэж тооцдог.

Хар салхинд үхэх магадлал:
DiscoverTheOdds.com үхлийн аюултай хар салхинд өртөх магадлалыг жилд 5,693,092-д 1 буюу амьдралынхаа хугацаанд 71,163-д 1 гэж тооцдог. NOAA шуурганы урьдчилан таамаглах төвийн мэдээлснээр АНУ-д жилд дунджаар 1100 орчим хар салхи болдог бөгөөд энэ нь өдөрт гурван хар салхи болдог гэсэн үг аж.

Газар хөдлөлтийн улмаас нас барах магадлал:
Live Science нь газар хөдлөлтөд нас барах магадлалыг USGS-ийн мэдээлэлд үндэслэн тооцоолж, 131,890-д 1 гэсэн магадлалыг гаргажээ. Газар хөдлөлтийн мэдээллийн үндэсний төвийн мэдээлснээр дэлхий дээр жил бүр 20,000 орчим буюу өдөрт 54 орчим газар хөдлөлт болдог.

Акулын дайралтын улмаас нас барах магадлал:
Хүн акулын халдлагад өртөх магадлал (далайн эрэг рүү явдаг хүмүүсийн хувьд) 11.5 саяд 1, ийм дайралтанд өртөж нас барах магадлал 264.1 саяд 1 байна.

Эх сурвалжийг fortune.com ба forumdaily.com-уудын нийтлэлүүдээс орчуулав.

Сүүлд нэмэгдсэн