Өчигдөр ба маргааш хоёр уулздаг ОХУ, АНУ-ын хил: хоёр арал хоорондоо ердөө 4 км зайтай ч, бараг нэг хоногийн цагийн зөрүүтэй.
Sun Jul 03 2022
Дэлхий дээр ийм хоёр арал байдаг бөгөөд хоорондоо маш ойрхон ч бие биенээсээ бараг бүтэн хоног шахуу, 20 цагийн зөрүүтэй байдаг гэж Tonkosti сонин дээр бичжээ.
Эдгээр арлууд нь ОХУ, АНУ-ын харьяанд байдаг зэрэгцээ оршдог арлууд бөгөөд жуулчид аялагчид тэр бүр очдоггүй газрууд юм. Учир нь Диомидын болон Гвоздевын аралууд руу аялах нь хугацаа их ордог, өндөр зардалтай байдаг тул аялахад тохиромжгүйд ордог. Нэмж дурдахад, Оросын талын арал нь цэргийнхэний харъяанд байх бөгөөд тэд аялагчдад тун болгоомжтой, хязгаарлалттай ханддаг байна.
Арлууд нь Берингийн хоолойн төв хэсэгт, Чукотка болон Аляскаас 35 км зайд оршдог. Тэдний нэг арай илүү том (29 кв.км) нь ОХУ-ын хамгийн зүүн цэг гэж тооцогддог бөгөөд Ратмановын арал гэж нэрлэгддэг. Эскимосууд үүнийг Имаклик буюу "далайгаар хүрээлэгдсэн” гэж нэрлэнэ. Нөгөө арал (7.3 кв.км) нь Америкийн Крузенштерн буюу Ингалик (эсрэг гэсэн утгатай) нэртэй арал юм.
Түүнчлэн Орост харьяалагддаг арлыг заримдаа “Big Diomede” (Гвоздев арал), Америкийнхыг “Small Diomede” гэж нэрлэх нь ч бий. Арлуудын нэгийг Витус Беринг нээсэн бөгөөд тэр өдрийн гэгээнтэн Диомидын нэрээр нэрлэсэн гэдэг. Харин Гвоздев бол уг арлуудыг газрын зураг дээр байрлуулсан далайчны нэр юм.
Хэдийгээр эдгээр арлууд ердөө 3750 метрээр тусгаарлагддаг ч цагийн зөрүү нь бараг нэг хоног буюу 20-21 цаг байна. 3-р сараас 11-р сар хүртэл Оросын талд 20 цаг, үлдсэн хугацаанд 21 цаг зөрүүтэй байдаг. Арлуудын хооронд ОХУ, АНУ-ын хил, үүнтэй зэрэгцэн цагийн шугам байдаг байна.
Мөн сонирхолтой нь, Оросын арлыг Маргаашийн арал, Америкийнхыг Өчигдрийн арал гэж нэрлэдэг гэнэ.
Хэдийгээр жуулчид, аялагчид энэ арлуудад хайхрамжгүй ханддаг ч, харин гэмт хэрэгтнүүдийн сонирхлыг ихээр татдаг байна. Учир нь АНУ, ОХУ-ын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүйтэй холбоотой бөгөөд хэрэв аль нэг талаас гэмт хэрэгтэн оргож зугтсан тохиолдолд шоронд орохоос зайлсхийх боломжтой болдог байна.
Эх сурвалж: forumdaily.com








