CES 2024 үзэсгэлэнд тавигдсан, робот хамтрагч, тунгалаг дэлгэц, мах шарж утах төхөөрөмж зэрэг гол шинэ бүтээгдэхүүнүүд
Thu Jan 18 2024
Жил бүр олон зуун томоохон технологийн компаниуд Лас Вегаст Consumer Electronics Expo буюу CES-д оролцдог. Энэхүү мега үзэсгэлэн, хамгийн сүүлийн үеийн технологийн шинэ бүтээлүүдтэй, худалдаанд гарахаас нь хэдэн сар, хэдэн жилийн өмнө танилцах сайхан боломж олгодог гэж NBC мэдээлэв.
Ballie-хиймэл оюун ухаант, өхөөрдөм робот хамтрагч
Самсунг компанийн өмнөх CES-д танилцуулж байсан бөмбөрцөг хэлбэртэй робот Ballie-д хиймэл оюун ухааны чадавхи болон проекторыг нэмснээр дахин сэргээсэн байна.Тэрээр гэрийн тэжээвэр амьтан тэжээх, өрөөний гэрэлтүүлгийг тохируулах зэрэг ухаалаг даалгавруудыг гүйцэтгэж чаддаг. Мөн "хүний биеийн байдал, нүүрний өнцгийг автоматаар тодорхойлж, нөхцөл байдлаас шалтгаалан оновчтой проекцын өнцгийг тохируулдаг дэлхийн анхны проектор" гэж IGN мэдэгджээ. Samsung энэ роботын үнэ болон гарах огноог хэзээ зарлах нь тодорхойгүй байна.
Rabbit R1- таны зан байдлыг судлах боломжтой хиймэл оюун ухаанаар ажилладаг халаасны хэрэгсэл
Өнгөц харахад Rabbit R1 нь Playdate гар утасны хувилбартай төстэй. Гэхдээ Playdate-ээс ялгаатай нь энэ төхөөрөмж нь хиймэл оюун ухаанаар ажилладаг нэмэлт хэрэгсэл юм. Rabbit компани хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ, R1 нь зарим програмыг ашиглах үед таны зан байдлыг ажиглаж, дараа нь тэдгээрийг дуурайж, бие даан гүйцэтгэж чаддаг. R1-ийн тайлбараас харахад, энэ нь Amazon Alexa шиг виртуал туслахтай төстэй боловч хиймэл оюун ухаантай. Энэ нь түүнд хөгжим тоглох, Amazon-оос ямар нэгэн зүйл захиалах зэрэг ажлыг бие даан гүйцэтгэх боломжийг олгодог.
C Seed N1 MicroLED нь бүрэн эвхэгддэг 137 инчийн зурагт
Диагональ C Seed N1 MicroLED нь 137 инч бөгөөд өрөөн дотор ашиглахад маш том хэмжээтэй, ихээхэн зай эзэлдэг. Гэхдээ ашиглаагүй үедээ эвхэж жижиг болгож болдог.
GE Profile Smart – гэрийн нөхцөлд мах шарж, утах төхөөрөмж
Энэхүү 6 тохиргоот төхөөрөмж нь, хоол хүнсийг (өвчүү, хавирга, гахайн мах, далавч, тахиа, хулд загас) гал тогооны өрөөнд шарж утахдаа модны үртсэн үрэл ашигладаг. Зохион бүтээгчид нь, модны утааг дулаан агаар болгон хувиргадаг гэж мэдэгджээ. Нэмэлт функцуудыг авахын тулд GE Profile Connect программтай холбодог. Багтаамжийн хувьд, талласан 3 хавирга, бүтэн тахиа, 6 кг гахайн мах шарж утаж болгоно.
Proclaim Custom-Jet - шүдээ цэвэрлэхэд 7 секунд
Таны шүдээ цэвэрлэх бүх ажлыг долоон секундын дотор автоматаар хийж чадах шүдэндээ угладаг уян хуванцар төхөөрөмж болох Proclaim систем нь, шүдний завсар болон буйлны нян, шүдний завсарын хоолны үлдэгдлийг цэвэрлэх зориулалттай олон өнцөгөөр шүрших 60 шүршигч бүхий 3D хэвлэмэл төхөөрөмж юм. Илүүдэл ус нь төхөөрөмжийн урд хэсгээр угаалтуур руу урсдаг.
Jackery Solar Mars Bot - нар хаана байгааг хэзээ ч мэддэг робот
Нарны зайны хавтангууд нарыг дагаж чаддаг бол сайхан уу? Энэ робот яг үүнийг хийдэг. Тод гэрлийг автоматаар мэдэрч, чиглүүлж, хөдөлж байхдаа эвхэгдэж, хөдөлгөөнгүй үед дэлгэгднэ. Мөн саадаас зайлсхийх хэд хэдэн камертай. Хэрэглэгчийн сонгосон байршилд цэнэглэгдэж, шаардлагатай бол гараар зөөж болно. Уг самбар нь USB-A, USB-C бүхий хэд хэдэн порттой, 120 В-ын хүчдэлтэй. Тус брэнд Solar Mars Bot-ийн худалдаанд гарах огноо болон үнийг мэдээлээгүй байна.
Samsung компанийн тунгалаг microLED дэлгэц
Тунгалаг дэлгэц хийх санаа нь удаан хугацаанд яригдсаар ирсэн. Өмнөх үзэсгэлэнгүүдэд тавигдаж байсан тунгалаг дэлгэцүүд нэвт харагддаг ч, дэлгэц дээрх зураг, өнгө нь тийм ч сайн байгаагүй гэж MobileReview мэдээлэв. Харин энэхүү тунгалаг microLED дэлгэцийг ухаалаг зогсоол, худалдааны төв, зочид буудал зэрэг дэд бүтцэд ашиглах боломжтой B2B бүтээгдэхүүн гэж Самсунгаас мэдэгдсэн бөгөөд мөн хэрэглэгчдэд хэмжээ, хэлбэрийг сонгох боломжийг олгодог модульчлагдсан загварыг санал болгоно гэжээ. Ийм microLED дэлгэцийг тусгаарлах хана мэт ашиглаж болно. Жишээ нь, банкны ажилтнууд дэлгэцийн цаана харагдаж, наана нь дэлгэцэн дээр ханш, зар сурталчилгаа, үнийн саналууд гүйж харагдна гэсэн байна.








