Anu.mn
Цахиурын хөндий өмнөх шигээ байхаа больсон: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд яагаад Са ...

Цахиурын хөндий өмнөх шигээ байхаа больсон: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд яагаад Сан Францискод ажиллахыг хүсэхгүй байна вэ?

Wed Oct 25 2023
Цахиурын хөндий өмнөх шигээ байхаа больсон: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд яагаад Сан Францискод ажиллахыг хүсэхгүй байна вэ?

Орчин үеийн технологийн компаниудад ажиллах хүмүүсийн сонирхол буурч, мөн Цахиурын хөндий дэх технологийн төвүүдийн мэдээллийн технологийн ажилчдын, ажлын сэтгэл ханамжийн түвшин нь мэдэгдэхүйц буурсан гэж Ain мэдээлэв.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийдэг Glassdoor порталын ахлах эдийн засагч Аарон Терразас, мэдээллийн технологийн салбарын ажилтнуудын цалин буурч, ажил амьдралын тэнцвэрт байдал алдагддаг гэдгээрээ алдартай Уолл Стритийн компаниудтай бараг ижил түвшинд хүрээд байгаа талаар нийтлэл бичжээ.

Анх удаа технологийн ажилчид ийм байдалтай тулгараад байна. Урд нь ажилчдын сэтгэл ханамжийн хувьд инновацийн салбар онцгой байдаг байсан. Хэдийгээр, бизнесийн зорилго нь амбицтай, хугацааны хувьд аймшигтай шахуу байдаг хэдий ч, ирээдүйг бүтээх эрмэлзлэлтэй, эрч хүчтэй, боловсролтой залуучуудыг технологийн салбар татсаар ирсэн бөгөөд өндөр цалин, баяжих боломж, чөлөөт хувцаслалт, үдийн хоол, спортоор хичээллэх боломж бүхий тансаг офис зэрэг нь нөлөөлсөн нь гарцаагүй юм. Эдгээр нь, мэдээллийн технологийн ажилтнуудыг бусад салбарын ажилчдаас илүү аз жаргалтай болгож байв. Glassdoor-ийн мэдээлснээр, цар тахлын үед технологийн ажилчдын 80 гаруй хувь нь компаниа найздаа санал болгодог байсан нь бусад салбараас хамаагүй илүү байсан байдаг. Гэтэл 2023 онд бүх зүйл өөрчлөгдсөн: Ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшин огцом буурснаар барахгүй, Glassdoor's Fishbowl-ын аноним онлайн нийгэмлэгүүдийн мэдээлснээр, мэдээллийн технологийн ажилчдын дунд түгшүүрийн мэдрэмж нэмэгдэж байгаа нь харагдсан байна. Ажлаас халагдсан болон шинээр төгссөн мэргэжилтнүүдийн ажил олох боломж, цалин хөлс, ажлын сэтгэл ханамжийн талаарх хүлээлт нь аажмаар буурч байна.

Арав гаруй жилийн турш технологийн компаниуд, зээлийн хүү бага, хэрэглэгчдийн итгэл өндөр, мөн ирээдүйдээ итгэлтэй, зоригтой, боловсролтой боловсон хүчинтэй байснаараа бизнесийн экосистемийг бий болгосон бөгөөд мөн хөрөнгө оруулагчдын бэлэн мөнгөний урсгал нь амлалтаа биелүүлэхийг нь хялбар болгож ирсэн ажээ.

Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ аажмаар нэмэгдүүлж, эрсдэлтэй санаануудыг санхүүжүүлэх зээлийн зардлаа нэмэгдүүлсэн. Эдийн засгийн бүх салбарын аж ахуйн нэгжүүд тайлан балансдаа хүүгээ шинэчилж, богино хугацаанд ашиг олох боломжгүй төслүүдээ танасан. Олон жилийн турш бодит ашиг олохгүй байж болох шинэ технологид олон тэрбум доллар оруулдаг Технологийн салбарын компаниудын хувьд энэ нь сүйрэл юм. Калифорнийн Бэй Аэриа, Техас мужийн Остин гэсэн хоёр томоохон технологийн төвүүд огцом уналтад орж, технологийн хөдөлмөрийн зах зээлд ихээхэн нөлөөлж байна. Орон нутгийн ажилгүйдлийн түвшин сүүлийн нэг жилийн хугацаанд хагас нэгжээс илүү хувиар өссөн нь эдийн засгийн уналт удахгүй болохын дохио юм. Мэдээллийн салбарын ажилчдын ажилгүйдэл өнгөрсөн жилээс хоёр дахин нэмэгдэж, 2013 онд хүрч байсан хамгийн дээд цэгийн түвшинд хүрээд байна. Гэхдээ, мэдээллийн технологийн ажилчдын сэтгэл ханамжгүй байдлын гол шалтгаан нь зөвхөн дээр дурдсан зүйл биш бөгөөд Технологийн салбарын өнөөгийн таагүй байдлын гол цөм нь, хөгширч буй корпорацийн соёл нь юм. 

Нэгдүгээрт, мэдээллийн технологийн салбарын “менежмент”. Сүүлийн таван жилийн хугацаанд мэргэжилтнүүд болон менежерүүдийн харьцаа муудсан - одоо технологийн мэргэжилтэн бүр өмнөхөөсөө илүү олон менежертэй болсон. 2018, 2019 онд нэг менежерт дунджаар 6.6 гүйцэтгэх ажилтан ногдож байсан бол цар тахлын дараа энэ харьцаа 6 болж буурчээ. Энэ нь 1990-ээд оны технологийн өсөлтөд хувь нэмрээ оруулсан мэдээллийн технологийн компаниудын түүхэн, хэвтээ удирдлагаас эрс ялгаатай юм. Мэдээжийн хэрэг, технологийн компаниуд илүү нарийн төвөгтэй байгууллага болж хөгжихийн хэрээр илүү олон түвшний менежмент шаардлагатай. Гэвч, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс нь, стратегийн шийдвэр гаргадаг хүмүүсээс улам бүр холдож буй байдал ажиглагдаж байгаа аж.

Хоёрдугаарт, мэдээллийн технологийн компаниудад инженер, эрдэмтдээс гадна,хүний нөөц эсвэл маркетингийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд олноор ажилладаг. Технологийн салбарын ажил, үйл ажиллагаа нь, эдийн засгийн бусад салбаруудын ажлын байртай маш төстэй болсон бөгөөд өндөр цалинг ихэвчлэн илүү ачаалалтай хуваарь, илүү цагийн үндсэн дээр олгодог. Энэ нь ер бусын зүйл биш, бүтээгдэхүүн нь гайхагдахаа больж, уйтгартай корпорацийн аваргууд гэгддэг 1920-иод оны Форд Моторс компаниас 1990-ээд оны Intel хүртэлх, өнгөрсөн үеийн шинийг санаачлагчдын туулсан замтай ижил байгаа нь харамсалтай юм.

Бүх зүйлийг буцаах боломжтой юу?

Ажилтнуудын эрмэлзлэл, инновацийн очийг сэргээхийн тулд, удирдлагууд нь байгууллагынхаа хандлагыг шинэчлэх, байгууллагын бүтцийг тэгшитгэх, ажилчдад тогтвортой байдлын мэдрэмж төрүүлэхийн тулд урт хугацааны төлөвлөлтөд анхаарлаа төвлөрүүлэх, чухал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд түлхэц болохын тулд, техникийн авъяас чадварт оруулах хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлэх, ажилтан, ажилчдаа сонсох, мөн тэднийг хамгийн сайн чаддаг, хийдэг зүйлээ хийхийг нь дэмжих, ажиллах боломжоор нь хангах шаардлагатай болно.

Сүүлд нэмэгдсэн