Цахилгаан эсвэл бензин хөдөлгүүртэй автомашин: засвар үйлчилгээний хөлсний хувьд, аль нь хямд байдаг вэ?
Fri Jun 03 2022
"Consumer Reports" байгууллага, бензин хөдөлгүүртэй, хайбрид болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины засвар үйлчилгээний үнэ хэр зөрүүтэй болохыг тооцоолсон тухай "Америкийн дуу хоолой" сонинд бичжээ. АНУ-д 1 автомашины нийт зарцуулсан зардлыг 200,000 миль /321,000км/-н гүйлт дээр тооцдог байна. Энэ нь цаг тухайд нь засвар үйлчилгээ чанартай хийлгэж ирсний үр дүнд эзэндээ үйлчилэх авто машины (Max) гүйлт буюу нас юм. Энэ хугацаанд авто машинд зарцуулсан зардлыг тооцохын тулд, тус байгууллага 2019, 2020 онуудад олон мянган авто машин эзэмшигчдийн дунд явуулсан санал асуулга, судалгааны үр дүнг ашигласан бөгөөд уг мэдээллээс харахад дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины эзэд дээрхи гүйлтийн хугацаанд машин засварт дунджаар 9200 доллар зарцуулдаг харин Цахилгаан машин эзэмшигчид 4600 доллар зарцуулдаг нь харагджээ. “Цахилгаан машин нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин шиг засвар үйлчилгээ шаарддаггүй. Засвар хийх шаардлага нь бага байдаг. Мөн Цахилгаан тээврийн хэрэгсэл нь бага засвар шаарддагаас гадна жолоодлогын үзүүлэлтээрээ бензинтэй харьцуулахад илүү сайн, агаар мандалд хортой бохирдуулагч бодис ялгаруулдаггүй гэж Consumer Reports-ийн тээврийн хэрэгслийн туршилтын хэлтсийн захирал Гейб Шенгар тайлбарлажээ. Мөн энэ үед хайбрид буюу цахилгаан тэжээлээс цэнэглэгддэг, дотоод шаталтат хөдөлгүүртэй машинуудын засвар үйлчилгээний зардалд дүн шинжилгээ хийхэд, бүрэн цахилгаан машинтай адил зардал гардаг болох нь харагдав. Энэ бүхэн нь цахилгаан машин сонгохоо шийдээгүй байгаа хүмүүст түлхэц болох бөгөөд бензин машины засварт зарцуулах мөнгөнийхөө талыг хэмнэх боломж өгөх юм.
Харин цахилгаан болон хайбридын хувьд, эхний 50,000 миль (80,000 километр)-д хайбрид машиныг засах зардал нь цахилгаан машиныг засварлах зардлаас бараг хоёр дахин их зардалтай байгаа нь үнэн. Энэ гүйлтийн дараа хоёр төрлийн автомашины засварын зардал ижил, харин ашиглалтын хугацаа дуусахад цахилгаан машиныг засах нь илүү үнэтэй байдаг нь харагдсан байна. Тиймээс "гүйлтийн насжилтын" хугацаанд цахилгаан машинууд болон хайбридуудыг, бензин хөдөлгүүртэй автомашинтай хамтад нь харьцуулахад засвар үйлчилгээнд зарцуулах хөлс 4600 доллараар хэмнэлттэй байдаг гэсэн дүгнэлт гарчээ.
Consumer Reports бол АНУ-д худалдаалагдаж буй бүтээгдэхүүний бие даасан туршилтыг явуулдаг 1936 онд байгуулагдсан Америкийн ашгийн бус байгууллага юм.
Эх сурвалж: www.forumdaily.com








