Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/19/2026
Anu.mn
Цагаачлалын албаныхан орогнол хүссэн өргөдлийг ярилцлагагүйгээр шууд татгалзах эрхтэй болж ...

Цагаачлалын албаныхан орогнол хүссэн өргөдлийг ярилцлагагүйгээр шууд татгалзах эрхтэй болж магадгүй байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sat Jun 13 2026
Цагаачлалын албаныхан орогнол хүссэн өргөдлийг ярилцлагагүйгээр шууд татгалзах эрхтэй болж магадгүй байна

Department of Homeland Security буюу АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам, орогнол хүсэгчдийн зарим өргөдлийг ярилцлага хийхгүйгээр шууд татгалзах боломж олгох шинэ журам боловсруулж байгаа талаар мэдээлжээ.

Үүнийг, Donald Trump-ын засаг захиргааны цагаачлалын бодлогыг чангатгах дараагийн алхам гэж үзэж байна.

Шинэ журмын дагуу U.S. Citizenship and Immigration Services-ийн ажилтнууд, тухайн хүн АНУ-д орж ирснээсээ хойш нэг жилээс илүү хугацааны дараа орогнол хүссэн өргөдөл гаргасан болохыг тогтоовол, ярилцлага хийхгүйгээр өргөдлийг шууд татгалзаж болно.

Ийм тохиолдолд өргөдөл гаргагчийг албадан гаргах ажиллагаанд шилжүүлж, цагаачлалын шүүхэд өөрийн эрхээ хамгаалах шаардлагатай болно.

АНУ-ын цагаачлалын хуулиар, ихэнх хүмүүс орогнол хүсэх өргөдлөө АНУ-д ирснээсээ хойш 1 жилийн дотор гаргах ёстой байдаг. Гэхдээ дараах онцгой нөхцөлүүдэд хугацаа хэтэрсэн байсан ч, өргөдлийг хүлээн авах боломжтой байдаг байна.

  • Хүнд өвчин, эрүүл мэндийн ноцтой асуудал
  • Өмгөөлөгчийн буруу зөвлөгөө эсвэл хангалтгүй хууль зүйн туслалцаа
  • Насанд хүрээгүй, харгалзан дэмжигчгүй хүүхэд
  • Бусад онцгой нөхцөл байдал

Шинэ журмаар USCIS-ийн ажилтан, тухайн хүн ийм онцгой нөхцөлд хамаарч байна гэж үзвэл хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж, ярилцлага товлох боломжтой хэвээр байна.

Өмнө нь USCIS, бараг бүх орогнол хүсэгчтэй ярилцлага хийж, хугацаа хэтэрсэн шалтгааныг тайлбарлах боломж олгодог байсан юм.

Харин шинэ журам хэрэгжвэл, хугацаа хоцорсон өргөдлүүд хурдан татгалзагдах, хүмүүс нөхцөл байдлаа тайлбарлах боломжгүй болох, зарим хүн буруугаар депортацийн ажиллагаанд шилжих эрсдэлтэй гэж өмгөөлөгчид үзэж байна.

Орогнол хүсэгчдэд тусалдаг Asylum Seeker Advocacy Project байгууллагын удирдагч Conchita Cruz, энэ өөрчлөлтөөс болж олон хүн өөрийн нөхцөл байдлыг тайлбарлах боломжгүй үлдэж болзошгүй гэж анхааруулжээ.

Засгийн газар яагаад ийм арга хэмжээ авч байгаа талаар USCIS-ийн мэдээлснээр, одоогоор орогнолын өргөдлийн асар их хуримтлал үүсээд байгаа аж.

Сүүлийн мэдээллээр:

  • USCIS дээр ойролцоогоор 1.5 сая орогнолын өргөдөл хүлээгдэж байгаа.
  • Цагаачлалын шүүхүүдэд нийт 3.3 сая хэрэг хуримтлагдсан.
  • Үүний 2.3 сая нь орогнолын хүсэлттэй холбоотой байна.

Засгийн газар энэ өөрчлөлтөөр үндэслэл сул эсвэл хугацааны шаардлага хангахгүй өргөдлүүдийг хурдан шүүх рүү шилжүүлж, системийн ачааллыг бууруулах зорилготой гэж тайлбарлажээ.

АНУ-д орогнол авахын тулд, хүн дараах шалтгааны улмаас хавчлага, мөрдлөгөөс зугтаж байгаагаа нотлох ёстой.

  • Арьс өнгө
  • Шашин шүтлэг
  • Үндэс угсаа
  • Улс төрийн үзэл бодол
  • Нийгмийн тодорхой бүлэгт харьяалагдах байдал

Харин эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл зэрэг нь орогнол олгох үндэслэл болдоггүй.

Сүүлийн саруудад Трампын засаг захиргаа, орогнолын системд нэвтрэх боломжийг хязгаарлах, депортацийг хурдасгах, “Аюулгүй гуравдагч улс”-ын гэрээг өргөжүүлэх, зарим улсын иргэдийн орогнолын хэргийг нэмэлт шалгалтад оруулах зэрэг бодлого хэрэгжүүлж байна.

Хэрэв шинэ журам батлагдвал, АНУ-д ирснээсээ хойш нэг жилээс илүү хугацааны дараа орогнол хүссэн хүмүүс ярилцлагад орох боломжгүйгээр өргөдлөө татгалзуулах эрсдэлтэй болно. Харин онцгой нөхцөлтэй хүмүүсийн хувьд хамгаалалт хэвээр үлдэх боловч, тухайн нөхцөлийг USCIS урьдчилан тогтоосон тохиолдолд л хэрэг нь үргэлжлэн хэлэлцэгдэх юм.

Сүүлд нэмэгдсэн