Anu.mn
Цагаачид, Америкийн хамгийн том хоёр асуудлыг шийдэж чадна

Цагаачид, Америкийн хамгийн том хоёр асуудлыг шийдэж чадна

Sat Jun 03 2023
Цагаачид, Америкийн хамгийн том хоёр асуудлыг шийдэж чадна

Хууль ёсны цагаачлалыг хэт улс төржүүлдэггүй байсан бол, АНУ-ын хамгийн хэцүү хоёр асуудал нэг шийдэлтэй байж болох байсан гэж CNN мэдээлэв.

Улс даяар бизнес эрхлэгчид нийтдээ хүний нөөцийн хомсдолд ороод буй энэ үед, холбооны засгийн газар АНУ-д ажил олохоор хөвөрч буй өмнөд хил дээрх цагаачдын урсгалыг зогсоохоор тэмцэж байна. Гэтэл ажиллах хүчний хомсдол нь, тогтвортой инфляци, зээлийн хүүгийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Либертари Катон хүрээлэнгийн цагаачлалын судалгааны дэд захирал Дэвид Бир, "Засгийн газрын бодлого болон эдийн засгийн бодит байдал хоёр хоорондоо нийцэхгүй байна. Бид хүмүүсийг оруулахгүй бодлого баримталж байгаа, гэтэл хөдөлмөрийн зах зээлд 10 сая сул ажлын байр байна. Энэ хямрал хоёр жил үргэлжилж байна." гэсэн байна.

Хоёр асуулт - нэг хариулт

Эдгээр асуудлууд,хууль ёсны цагаачлалын замыг өргөжүүлэх гэсэн нийтлэг нэг шийдэлтэй байж болох юм. Хөдөлмөрийн насны хүн амын өсөлт удааширч, зогсонги байдалд орсон Америкийн ажиллах хүчийг нэмэгдүүлэх хамгийн бодит арга бол цагаачдыг нэмж авах явдал гэж олон шинжээч үзэж байна.

Байдены засаг захиргаа, хууль ёсны цагаачлал нь хөдөлмөрийн зах зээлийн хямралыг хөнгөвчлөх боломжтой гэж их онцолж үзээгүй. Гэвч, "Бидний ерөнхий хандлага бол АНУ-д ирж буй хүмүүст хууль ёсны маршрутыг бий болгож, эдгээр замыг ашиглахгүй байхыг сонгосон хүмүүсийн эсрэг хатуу арга хэмжээ авах явдал” гэсэн үзэл бодол баримталж ирсэн. Юутай ч Байден, хууль ёсны эрх мэдлээ ашиглан байнгын ажлын визээр хүлээн авсан цагаачдын тоог хоёр дахин нэмэгдүүлж, мөн "түр хамгаалалттай статус" авсан хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлсэн юм. Түүнчилэн, хямралтай тулгарсан улс орнуудаас олон тооны цагаачдыг хууль ёсны дагуу авахын тулд холбооны засгийн газрын тэнсэн суллах эрх мэдлийг ашигласан. Тухайлбал, Вьетнам цагаачид болон коммунист дэглэмтэй Кубын цагаачидыг хүлээн авч байсан, мөн Афганистан, Украин, Венесуэл, Никарагуа, Гаити, Куба гэсэн дөрвөн орноос сар бүр 30,000 цагаач хүлээн авахаа мэдэгдээд байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тэнсэн суллагдах дөрвөн улсын цагаачдын хууль бусаар хил давах тохиолдол эрс буурсан гэж тус улсын засаг захиргаа болон түүний холбоотнууд тэмдэглэжээ. Гэхдээ, АНУ-д хоёр жил л амьдрах боломжийг олгодог учраас тэнсэн суллах эрх нь хязгаарлагдмал юм. Бүгд найрамдах намын 20 Ерөнхий прокурорын эвсэл түүний хэрэглээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж.

Трампыг ерөнхийлөгч байх үед, АНУ-д хүн амын өсөлт, ялангуяа хөдөлмөрийн насны хүн амын өсөлт ихээхэн удаашралтай байгааг үл харгалзан, 1920-иод оноос хойш хэрэгжүүлж ирсэн бодлогуудаас хамгийн том хууль ёсны цагаачлалыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Төлөөлөгчдийн танхим болон Сенат дахь Бүгд найрамдахчуудын дийлэнх олонхи нь санал өгч байв. Тэд, АНУ олон цагаачдыг хүлээн авахын оронд илүү олон насанд хүрэгч иргэдээ хөдөлмөрийн зах зээлд хамруулах ёстой гэж үздэг. Мөн Бүгд найрамдахчуудын хяналтад байдаг хэд хэдэн мужууд, хөдөлмөрийн хомсдолыг нөхөхийн тулд хүүхдийн хөдөлмөр, тэр дундаа аюултай нөхцөлд ажиллах хязгаарлалтыг цуцалсан байдаг.

Хүн ам зүйн асуудлууд

АНУ, хүн амын өсөлт удаашралтай байгаа хамгийн урт хугацааг туулж байгаа бөгөөд 2010-2020 оны хооронд, Их хямралын үеэс бусад АНУ-ын түүхэн дэх ямар ч үед байгаагүй илүү удаан өссөн гэж Брукингс Метро судалгааны төвийн хүн ам зүйч Уильям Фрей, Хүн амын тооллогын товчооны мэдээлэлдээ дурджээ.

Энэ удаашрал нь, ялангуяа залуучууд болон хөдөлмөрийн насныханд хүндээр туссан. АНУ-ын ажиллах хүч (ялангуяа 16 ба түүнээс дээш насны ажиллах хүч) 1960-1980 онд бараг тавны гурваар өсч, 1980-2000 он хүртэл гуравны нэг дахин өссөн байна. Харин 2000-2020 он хүртэл ердөө зургааны нэгээр л өссөн. 2020 оноос хойш ажиллах хүчний өсөлт улам удааширчээ.

Фрейгийн тэмдэглэснээр, АНУ-д 18-аас доош насны хүүхдийн тоо 2010-2020 он хүртэл 1 сая орчмоор буурсан. Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн ажилчид учраас энэ уналт нь ажиллах хүчний тогтмол бууралтыг баталгаажуулж байна. Амьдралын оргил үе дэх ажилчдын тоо зогсонги байдалд ороод зогсоогүй хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож буй тэдний хувь хэмжээ ч зогсонги байдалд орсон. Сүүлийн үеийн ажиллах хүчний өсөлтийн эдгээр удаашрал, тогтворгүйд тооцогддог үргэлжлүүлэн ажиллаж буй өндөр настай америкчуудын тоог мэдэгдэхүйц нэмж, 55-аас дээш насны ажилчдын эзлэх хувь 1993 онд найман хүн тутмын нэг байсан бол өнөөдөр бараг дөрвөн хүн тутмын нэг болж хоёр дахин нэмэгджээ. Энэ нь эдийн засаг, сүүлийн үеийн түүхэнд байгаагүй өндөр настай ажилчдаас илүү хамааралтай болсныг харуулж байгаа юм.

EBRI-ийн Нийгмийн халамжийн судалгааны захирал Крейг Копланд, ойрын ирээдүйд илүү олон ажилчин бий болгох цорын ганц арга зам нь илүү олон цагаачдыг хүлээн авах гэж үзсэн бол, Катон хүрээлэнгийн Бир, АНУ бэлэн ажиллах хүчээ нөхөхийн тулд цагаачдад найдах хэрэгтэй гэсэн байна. Тэрээр, 1995 оноос хойш цагаачид болон тэдний хүүхдүүд ажилчдын өсөлтийн 70% -ийг эзэлж байна гэсэн судалгаагаа танилцуулж, -“Зөвхөн Конгрессийн арга хэмжээ л хууль ёсны цагаачлалын замыг тухайн улсын ажиллах хүчний хомсдолд бодитой хариу өгөх хэмжээнд өргөжүүлж чадах юм” гэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн