Anu.mn
Цагаачдыг баривчилах ажиллагааны талаарх мэдээлэл урьдчилан задарч байгаа шалтгааныг олохы ...

Цагаачдыг баривчилах ажиллагааны талаарх мэдээлэл урьдчилан задарч байгаа шалтгааныг олохын тулд, төрийн албан хаагчдыг худал үнэнийг тогтоох төхөөрөмжөөр шалгаж байна

Wed Mar 12 2025
Цагаачдыг баривчилах ажиллагааны талаарх мэдээлэл урьдчилан задарч байгаа шалтгааныг олохын тулд, төрийн албан хаагчдыг худал үнэнийг тогтоох төхөөрөмжөөр шалгаж байна

Дотоодын аюулгүй байдлын яам, ажилтнууддаа полиграфийн шинжилгээ хийж байна. Төлөвлөгдсөн баривчилгааны талаарх мэдээллийг хэн нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, задруулж байгааг засаг захиргаа тодорхойлохыг хүсч байна гэж хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч 3-р сарын 8-нд CBS News-т өгсөн тайлбартаа мэдэгджээ.

2-р сарын 18-нд Дотоодын аюулгүй байдлын яамны нарийн бичгийн дарга Кристи Ноем, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд ажилтнуудад полиграфийн шинжилгээг ашиглахаа мэдэгдсэн бөгөөд 3-р сарын 8-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэг дээр Ноем, "Баривчилгаа явагдах гэж буй талаар гадныханд мэдээлэл өгч, хууль сахиулах ажилтнуудын амь насанд аюул учруулж байсан хоёр мэдээлэгчийг тус хэлтэс илрүүлсэн. Бид энэ хоёр хүнд хариуцлага тооцож, хийсэн хэргийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх бодолтой байна” гэж ярьжээ.

Хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч CBS News-т өгсөн ярилцлагадаа, полиграфын шинжилгээг гурван долоо хоног орчим хугацаанд явуулж байна. Хичнээн ажилтан хамрагдсан нь тодорхойгүй байна гэжээ.

Нэгдүгээр сараас хойш Цагаан ордон, хууль бус цагаачидтай тэмцэх, хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргах ажлыг зохион байгуулах тухай Ерөнхийлөгч Трампын сонгуулийн кампанит ажлын амлалтыг идэвхтэй биелүүлж байна.

Тус хэлтэст харьяалагддаг АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба (ICE), цагаачдыг баривчлах үүрэгтэй бөгөөд АНУ даяар баривчилгааны үйл ажиллагаа явуулж, олон мянган хүн саатуулагдаад байна. Өнгөрсөн долоо хоногт Ноем, хоёрдугаар сард 20,000 гаруй хууль бус цагаачийг баривчилсан гэж мэдэгдэв.

Архи, тамхи, Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодистой тэмцэх газар, Мансууруулах бодистой тэмцэх газар зэрэг хэд хэдэн агентлаг эдгээр хүчин чармайлтыг дэмжих боловсон хүчнийг томилох үүрэгтэй ажиллаж байна.

Трампын засаг захиргаа мөн, Байдены үеийн цагаачлалын байцаагчид, цагаачдыг сургууль, мөргөлийн газар болон бусад өндөр хамгаалалттай байгууламжийн ойролцоо баривчлахыг хориглосон бодлогыг өөрчилсөн бөгөөд энэ шийдвэрийг одоогоор шүүх эсэргүүцэж байгаа аж.

Нэгдүгээр сарын сүүлчээр Ноем CBS News-т өгсөн ярилцлагадаа, ICE баривчилгааны үеэр зураг авч, нийтлэлж байгааг "Ажлаа харуулах хариуцлагатай арга хэмжээ. Энэ бол шоу биш. Энэ бол манай улсын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа." гэж онцлон тэмдэглэжээ.

Сүүлд нэмэгдсэн