Бугуйвч, бөгж удахгүй биднийг шумуулнаас хамгаалдаг болно
Sun Oct 16 2022
Шумуул айлгадаг шинэ төхөөрөмжийг Германд бүтээжээ. 3D принтерээр бүтээгдсэн дурын хэлбэрийн, бугуйвч эсвэл бөгжин капсулд шумуулны эсрэг идэвхтэй орцуудыг хийснээр, энэхүү хэрэгсэл нь тэрхүү бодисыг аажмаар гаргаж хүнийг долоо хоногийн турш шумуулнаас хамгаалах болно гэж Hightech компани мэдэгдэв.
Халле-Виттенбергийн их сургуулийн мэргэжилтнүүд туршилтын загварт ашиглахын тулд Меркийн IR3535 бодисыг сонгосон. Энэ нь шумуул дайжуулагч шүршигчийн орцонд ордог бөгөөд арьсыг цочроодоггүй, олон жилийн турш дэлхий даяар үр дүнтэй ашиглагдаж байгаа зүйл юм. Харин мэргэжилтнүүд энэ бодисыг бугуйвч эсвэл бөгжний дотор хийж удаан хугацаагаар сарниулах аргыг олсон байна. Тэд задардаг биополимер хуванцарыг 3D-р хэвлэх тусгай аргыг мөн ашигласан. Шинжлэх ухааны төслийн тэргүүн Ду Фанфан "Гол санаа нь репеллент бодис байнга ялгарч, шавьжийг дайжуулах юм" гэжээ.
Ууршилтын хурд нь температур, концентраци, полимер материалын бүтэц зэрэг янз бүрийн хүчин зүйлээс хамаарна. Эрдэмтэд хэд хэдэн туршилт, тооцоо хийсний дараа IR3535 нь биеийн хэвийн температурт дор хаяж долоо хоног ууршдаг болохыг тогтоожээ.
Судлаачид шавьжийг үргээх дагалдах хэрэгсэл бүтээх боломжтойг нотолсон ч, бөгж болон бусад гоёл чимэглэл нь үнэт эдлэл маягийн эх загвар хэлбэрээр хэрэглэгддэг. Одоо in vivo аргын үр нөлөөг тодорхойлохын тулд нэмэлт туршилт хийх шаардлагатай байна. Үүний дараа материалыг оновчтой болгох шаардлага гарах магадлалтай гэсэн байна.
Шумуул зарим хүнийг нь хазаж, заримд нь хүрэхгүй байхыг илүүд үздэгийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь хүний нас шийдвэрлэх хүчин зүйл гэж үздэг бол зарим нь цусны бүлэгт хамааралтай гэж үздэг. Харин зарим нь шумуулыг амны үнэр татдаг ч гэж үзэх нь бий. Мөн шинэ туршилтын мэдээллээс харахад энэ асуудал таны хувцасны өнгөтэй холбоотой байх магадлалтай гээд, зарим өнгө нь шумуулны анхаарлыг татдаг бол заримыг нь огт анзаардаггүй гэсэн дүгнэлт гарсан аж.








