Билл Гейтсийн хүн төрөлхтний ирээдүйн талаархи бодол өөдрөг байна
Fri Jan 27 2023
Тэрбумтан, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхий дээрх хүн төрөлхтний ирээдүйн талаар "маш өөдрөг" бодолтой байна гэж CNBC мэдээлэв.
Билл Гейтс, дэлхий оршин тогтноход аюул учруулж болох цаг уурын өөрчлөлт, ирээдүйд гарч болох өвчин цар тахлууд болон тэдгээрийг урьдчилан сануулах, бэлтгэлтэй байхад маш их цаг зарцуулдаг бөгөөд тэрээр,одоогийн болон ойрын ирээдүйн хойч үеийнхэнд тулгарах болзошгүй сорилтууд нь, түүхийн аль ч үед төрсөн хүмүүсийнхээс илүү сайн байх болно гэж үзэж буйгаа, 1-р сарын 23-нд Австралийн Сидней хотын Лоуи институтэд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.
Дэлхий нийтээр Ковид-19 тахлын эсрэг авах хариу арга хэмжээ хангалтгүй, засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зорилтуудаа биелүүлж чадахгүй байгаа, АНУ-д улс төрийн туйлшрал өсөн нэмэгдэж байгаа зэрэг сэтгэл гутрал, бухимдалтай хандлагаар дүүрэн байгааг Гейтс тэмдэглэсэн байна.
10-р сард Gallup-ийн санал асуулгаар, америкчуудын дөнгөж 42% нь, өнөөгийн залуучууд эцэг эхээсээ илүү "амьжиргааны түвшин"-д амьдарна гэдэгт итгэдэг гэсэн нь 2019 оныхоос 18 пунктээр бага байна гэж Gallup мэдээлсэн бөгөөд өнгөрсөн цаг үеүдэд явуулж ирсэн ижил төстэй санал асуулгуудын үр дүнтэй харьцуулахад сүүлийн гуч орчим жилийн хамгийн доод түвшний өөдрөг үзлийн түвшин гарчээ.
Гэхдээ Гейтс,-“Гутранги үзэлтнүүд аливаа нөхцөл байдлыг бүтнээр нь бүрэн харах дээр алддаг. Аливаа чиг хандлагуудыг бодит байдлаар харахаас, сөрөг талаас нь харах илүү амархан байдаг. Сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий даяар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин хоёр дахин буурсан нийгмийн эрүүл мэндийн дэвшлийг онцлон тэмдэглэмээр байна. Мөн хүмүүсийн амьдрах орчныг бүхэлд нь сайжруулахад чиглэсэн инновацийн тоо мэдэгдэхүйц өсөлттэй байх болно. Бид таргалалтаас ангижирна, хорт хавдрыг эдгээнэ, полиомиелитийг устгана” гэсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хямд, үр ашигтай, цэвэр эрчим хүчний технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөн хүрээтэй нэвтрэх боломжийг олгосон технологийн дэвшлийг магтан сайшаав.
"Дэлхий дээр олширсоор буй боловсрол эзэмшиж буй хүмүүсийн тоо мөн эрүүл мэнд, эрчим хүч, боловсролын салбарт инновацийг бий болгоход шаардлагатай багаж хэрэгслийн чанарын дэвшил бол гайхалтай зүйл. Түүхийг эргэн харахад байдал улам л сайжирч байгаа нь тодорхой байна. Бид 300 жилийн өмнө ямар байсан бэ? Хүний дундаж наслалт сүүлийн гурван зуунд мэдэгдэхүйц уртассан. 1700 онд хүн дундажаар 40 нас хүрэхээсээ өмнө нас бардаг байсан. Өнөөдөр АНУ-д дундаж наслалт 76.1 жил байна. Тэр үед хүн, хаан ч бай, гуйлгачин ч бай нялхсын эндэгдэлд асар их өртдөг байсан, бичиг үсгийн түвшин маш бага байсан. Энэ бүхнээс харахад, цаг хугацааны явцад хүн төрөлхтний эзэмшсэн инновацийн цар хүрээ бол гайхалтай түүх юм." гэж нэмж хэлэв.
Гейтсийн хэлсэн үг нь өнгөрсөн жил тэрбумтан Чарли Мунгерын хэлсэн үгтэй ижил төстэй санааг давтсан бөгөөд тэрээр, өнөөдөр хүмүүс, илүү хэцүү цаг үеийнхнээс илүү аз жаргалтай байгаагаа мэдэхгүй байна гэж харамсаж байв. "Нөхцөл байдал өмнөхөөс тав дахин сайжирсан" гэж Мунгер хэлж байжээ.
Гейтс, -“Инноваци нь дан ганц эерэг үр дүнд хүргэдэггүй нь харамсалтай, технологийн болон шинжлэх ухааны хувьсал нь цөмийн зэвсэг эсвэл биотерроризм зэрэг аюултай дэвшилд хүргэж болзошгүй. Орчин үе нь зарим эрсдэлүүдийг дагуулж байна. Гэхдээ ерөнхийдөө би гайхалтай өөдрөг байна” гэж онцгойлон тэмдэглэсэн байна.








