Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн 2015 онд үүсгэн байгуулсан Breakthrough Energy Ventures нь, Австралийн Rumin8 стартапын санхүүжилтийг тэргүүлсэн байна. Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос, Хятадын бизнес эрхлэгч Жак Ма нар мөн Breakthrough-ийг дэмжиж буй талаар The Guardian бичжээ.
Rumin8 нь, үхрээс ялгардаг хүлэмжийн хий болон метаны хэмжээг багасгахын тулд үхрийн тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн боловсруулж буй төсөл юм. Энэхүү тэжээлд улаан замаг, бэлчээрийн ургамлууд багтдаг бөгөөд эдгээр нэмэлтүүд нь "байгалийн метаногенийн эсрэг нэгдэл" -ийг үйлдвэрлэж, малаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг байна.
Хий ялгаруулдаг хивэгч амьтдыг машин, цахилгаан станц шиг уур амьсгалын хямралын гол шалтгаан гэж үздэггүй ч, эдгээр амьтад жилд 900 галлон (3406 литр) бензин шатсантай тэнцэхүйц 220 фунт (100 кг) метан ялгаруулдаг. Энэ нь нүүрстөрөгчийн давхар ислээс 80 дахин илүү дулааныг хадгалж, дэлхий даяар ялгаралт нь нэмэгдсээр буй метаны хийн гол эх үүсвэр болж байгаа аж. 2022 оны судалгаагаар, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний дэлхийн томоохон 15 компанийн метаны хийн ялгаруулалт Орос, Канад, Австрали зэрэг дэлхийн хэд хэдэн орныхоос өндөр байгааг тогтоожээ.
АНУ болон ЕХ нь, 2030 он гэхэд метаны хийн ялгаруулалтыг 30%-иар бууруулах дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг амлалтад гарын үсэг зурсан орнуудын тоонд багтдаг. Гэсэн ч, ойрын хэдэн арван жилд дэлхий даяар махны хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд тэргүүлэх компаниуд дэлхийн агаар мандалд метаны хий нэмэгдэх, уур амьсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулах шууд арга замуудыг хайж байна. Урд өмнөх судалгаануудаас, үхрийн тэжээлд далайн ургамал нэмэхэд малын гэдсэн дэх метан ялгаруулалт 80 гаруй хувиар буурдаг гэсэн дүгнэлт гарч байжээ.
Гейтс, эртнээс махан хоолны хэрэглээ нь дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг талаар ярьж таниулж, хүмүүсийг синтетик үхрийн мах хэрэглэхэд бүрэн шилжихийг уриалж ирсэн хүн юм.
Rumin8-ын гүйцэтгэх захирал Дэвид Мессина, -"Мал аж ахуйгаас ялгарах метаны хийн ялгаруулалтыг бууруулах шийдлүүдийг санхүүжүүлэх чин хүсэлтэй хүмүүс байгаа нь маш чухал юм. Аз болоход, Rumin8-ын технологийн давуу тал, үр дүн, бүтээгдэхүүний өгөөжийг эдгээр хүмүүс харсан. Манай лабораторийн үр дүн маш сайн, улам сайжирсаар байна. Амьтдад хийсэн шинжилгээний үр дүн батлагдсан. Мөн бидний хийж буй санхүүгийн загварчлал нь, бид бүтээгдэхүүнээ арилжааны үнээр нийлүүлэх боломжтой гэдгийг харуулж байна." гэж ярьсан байна.