Билл Гейтс бараг бүх хөрөнгө мөнгөө тусламж хэрэгтэй хүмүүст хандивлаж дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас гарна.
Sun Jul 17 2022
Тэрбумтан Билл Гейтс өөрийн сонголтоор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас гарна гэж мэдэгджээ. Тэр мөнгөнийхөө ихэнхийг хандивлахаар төлөвлөж байна. Энэ талаар Independent дэлгэрэнгүйгээр нийтэлжээ.
122 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн дөрөв дэх баян хүн 20 тэрбум долларын хандив өгөхөөс эхлээд бараг бүх санхүүгийн хөрөнгөө буяны сандаа шилжүүлэхээр төлөвлөж байна хэмээн зарлав. Мөн тэрээр, "Ирээдүйд би бараг бүх хөрөнгөө тус санд өгөхөөр төлөвлөж байна. Эцэст нь би дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас гарна." гэж Twitter хуудсандаа бичжээ.
Майкрософт компанийг үүсгэн байгуулагч энэ эрхэм, экс эхнэр Мелиндагийн хамт бүх цаг үеийн хамгийн том буяны үйлстэн юм.Хосууд 2000 онд дэлхий даяар, ялангуяа хөгжиж буй орнуудад ядуурал, өвчин эмгэг, шударга бус байдалтай тэмцэх, тэр дундаа вакциныг санхүүжүүлэх зорилгоор өөрсдийн нэр дээр сан байгуулсан. Энэ нь дэлхийн хамгийн баян буяны байгууллагуудын нэг юм.
2026 он гэхэд тус сан жил бүр 6 тэрбум доллар зарцуулж байсныг 9 тэрбум доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа Гейтс мэдэгдээд, -"Би зовлон зүдгүүрийг бууруулж, амьдралыг сайжруулахад хамгийн их нөлөө үзүүлэх арга замаар өөрийн нөөцийг нийгэмд буцааж өгөх үүрэгтэй. Асар их хөрөнгөтэй, эрх ямбатай бусад хүмүүс ч мөн адил алхам хийнэ гэж найдаж байна."гэж тэр нэмж хэлсэн байна.
Энэхүү эхний 20 тэрбум долларын хандив нь Гейтсийн нийт хандивыг 55 тэрбум долларт хүргэж байна гэж Forbes мэдээлэв.
Ингэснээр хосууд 48 тэрбум долларын хандив өргөсөн найз Уоррен Баффетыг давсан бөгөөд Баффетын хандивын ихэнх нь Гейтсийн санд харьяалагддаг байна.
Гейтс, -"Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд тохиолдсон олон томоохон үйл явдлууд хүмүүсийн сэтгэлийг үймрүүлж, дэлхий нийтийн ирээдүйд эргэлзэхэд хүргээд байна. Цар тахал бол дэлхийн түүхэн дэх хамгийн том гамшигийн нэг юм. Мөн Украины дайн бол дэлхий нийтийг хамарсан том эмгэнэл юм. Уур амьсгалын өөрчлөлтийн хохирол аль хэдийн тооцоолж байсан ихэнх таамаглалаас их хурдтай өсч байна. АНУ-д жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд ухралт болсон.” гэж яриад,
Өөдрөгөөр, “Энэ цаг үеийн томоохон хямралууд бид бүгдээс илүү ихийг хийхийг шаардаж байна. Гэхдээ аливаа хохирлыг бууруулж, дэлхийн хөгжил ахиц дэвшилдээ эргэн орох боломжтой гэдэгт би итгэж байна.Би хөрөнгийн жагсаалтын эхний дарааллаас гарна. Үүнд багагүй хугацаа шаардагдах ч, миний явах чиглэл тодорхой байна." гэж хэлсэн байна.
Эх сурвалж: forumdaily.com








