Байдены засаг захиргаа хууль бус цагаачдад Secure Docket Card буюу ID үнэмлэх олгохоор төлөвлөж байна
Tue Jul 26 2022
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хууль бус цагаачдад зориулсан шинэ бичиг баримт, (ID) иргэний таних үнэмлэхийг боловсруулж байгаа бөгөөд энэ нь цагаачлалын файлын нэгдсэн санг бүрдүүлэхээс гадна Тээврийн аюулгүй байдлын албанд (TSA) хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний бичиг баримт болох юм байна. Энэ тухай CNN нийтэлжээ.
Энэхүү санаачлага нь Байдены засаг захиргаанаас цагаачдыг албадан гаргах, шилжүүлэх, бичиг баримтжуулах үйл явцыг цэгцтэй болгохын тулд хийж буй хүчин чармайлтын нэг хэсэг юм. Үүний зэрэгцээ АНУ-Мексикийн хил дээр ирэх цагаачдын тоо тогтмол нэмэгдсээр байна.
Бүгд найрамдахчууд Байдены засаг захиргааны цагаачлалын бодлогыг удаа дараа шүүмжилсээр ирсэн бөгөөд Цагаачлалын цагдаагийн газрын (ICE) хамгийн сүүлийн энэхүү санаачилга нь Бүгд найрамдах намын зарим төлөөлөгчдийн шүүмжлэлийг дагуулж магадгүй байна.
Гэхдээ тухайн иргэний зураг бүхий иргэний үнэмлэх шиг харагдах энэ карт нь цагаачлалын үйл явц болон бүртгэл тайланг хөнгөвчилнө гэж албаны хүмүүс үзэж байна.
Secure Docket Card гэж нэрлэгдсэн уг карт нь овог нэр, иргэншил, түүнчлэн цагаачлалын талаарх мэдээлэл бүхий шинэ портал руу нэвтрэх QR кодыг агуулсан байх болно. Энэхүү портал нь хувь хүмүүс цагаачлалын үйл явцаа ахиулах үед мэдээллээ шинэчилэх, холбооны эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хялбар болгох зорилготой юм. Картыг мөн цагдан хоригдож буй цагаачдад олгохоор төлөвлөж байна.
Картыг иргэний үнэмлэх, тухайн хүнийг таних бичиг баримт болгон ашиглаж болох ч сонгуульд санал өгөхөөр бүртгүүлэх боломжгүй юм. Албаны хүний мэдээлснээр цаашид уг картыг нисэх онгоцны буудлуудад зорчиход ашиглаж болно. TSA одоогоор зарим цагаачлалын бичиг баримтыг хүчинтэй аялалын үнэмлэх болгон хүлээн авч байгаа юм.
“ICE Secure Docket Card (SDC) хөтөлбөр нь иргэн бус хүмүүст олгогддог янз бүрийн хэлбэрийн баримт бичгийг жигдрүүлж, баталгаажуулах мөн найдвартай картаар шинэчлэх туршилтын хөтөлбөр юм. Энэхүү хамгаалалтын карт нь засгийн газар болон харьяат бус хүмүүст харилцан ашигтай байх үүднээс гэрэл зураг, намтар, хамгаалалтын шинж чанаруудыг агуулсан байх болно.— Энэ хөтөлбөр нь боловсруулах шатандаа байгаа хэдий ч SDC-ийн гол зорилго нь одоо олгогдож байгаа зөрчилтэй, мөн хурдан мууддаг цаасан бичиг баримтуудыг сайжруулахад чиглэж байна. Туршилтын төслийн үр дүн гарах хүртэл ICE цаашид боломжуудыг өргөжүүлэх асуудлыг авч үзсээр байх болно”гэж ICE-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Конгрессын Төлөөлөгчдийн Хорооны саяхан гаргасан тайланд ICE Secure Docket Card хөтөлбөрт зориулж 10 сая доллар хуваарилсан тухай дурдсан байна.
Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) 2023 оны санхүүгийн жилийн төсвийн хуулийн төслийг дагалдсан тайланд тус хөтөлбөрийг "иргэн бус хүмүүс цагаачлалын баримт бичгийн асуудлаар цагаачлалын албанд хандах" боломжийг олгох болно гэж тодорхойлсон. Мөн тус агентлаг оны эцэс гэхэд картыг туршихаар төлөвлөж байна гэж Дотоодын аюулгүй байдлын яамны төлөөлөгч мэдэгдэв.
Америкийн Цагаачлалын Хуульчдын Нийгэмлэгийн (AILA) ерөнхийлөгч Жереми МакКинни энэхүү картын талаар "Хэрэв ICE эрх бүхий иргэн бус хүмүүс өөрсдийн статусаа мэдээлэх, байршил, хаягийн талаар мэдээлэл өгөх, дэмжлэг авах боломжтой шинэ чиглэлд явж байгаа бол AILA энэ хандлагыг сайшааж байна" гэж өөдрөгөөр хүлээн авч буйгаа илэрхийлжээ.
Энэхүү карт нь "Цагдан хорих бусад хувилбарууд" буюу ATD жагсаалтад орсон хүмүүст туслах болно, цагдан хорихоос суллагдсан ATD-д байршуулсан хүмүүсийн тоо хурдацтай өсч байна. Төрийн хамгаалалтаас суллагдсан цагаачдыг АНУ-д оршин суух зөвшөөрөл олгох уу, эсвэл албадан гаргах уу гэдгийг тогтоохоор цагаачлалын шүүхээр оруулж хэлэлцүүлсээр байна. Гэхдээ энэ үйл явцад олон жил шаардагддаг бөгөөд янз бүрийн цагаачлалын агентлагуудын олон тооны шалгалтад хамрагддаг гэж DHS-гийн төлөөлөгч мэдэгдэв.
Цагаачлал, гаалийн алба ATD ашиглан 300,000 гаруй цагаачдыг хянадаг, үүнд шагайны GPS монитор, гар утас эсвэл SmartLINK гэгддэг программ ашигладаг. Secure Docket Card нь, цагаачлалын албаныханд цагаачийг хорихоос суллагдсан эсэх, эсвэл АНУ-аас албадан гаргасан гэж зарласан эсэхийг шалгах боломжийг олгоно гэж мөн албаны хүн ярилцлагадаа дурджээ.
Энэ асуудлаар Цагаачдын эрхийг хамгаалагчид, баривчлах хувилбарын хөтөлбөрийг өргөжүүлж шинэ асуудал үүсгэж, мэдээлэл цуглуулах маягаар хувийн нууцад ноцтой асуудал үүсгэнэ гэж өмнө нь маргаж байсан юм.
Цагаачдын иж бүрэн порталыг хөгжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ талаар Америкийн Иргэний эрх чөлөөний холбооны хувийн нууцын асуудал хариуцсан ахлах бодлогын шинжээч Жей Стэнли: ерөнхийдөө хувийн мэдээллийг нэг газар хадгалах нь эрсдэл дагуулдаг. Мөн албаныханд таны тухай илүү ихийг мэдэх боломжийг олгоно. Юутай ч зарим тохиолдлуудад хэрэглэгчдэд ээлтэй байж болох ч ямар төрлийн мэдээллийн тухай ярьж байгаагаас шалтгаалж зарим онцгой тохиолдлуудын нарийн ширийн зүйлд “муу зүйл ” нуугдаж байхыг үгүйсгэхгүй гэж ярьжээ.
Эх сурвалж: forumdaily.com








