Байдены үед, цагаачдыг хүмүүнлэгийн parole хөтөлбөрт олноор хамруулж буйгаас хууль ёсны цагаачидын тоо 30 жилийн дээд амжилтыг эвджээ
Sun Jul 23 2023
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хилээр хууль бусаар нэвтрэх явдлыг бууруулах, дүрвэгсдэд орогнох эрх олгох хөтөлбөрийн хүрээнд хагас сая гаруй цагаачийг хүлээн авсан тухай CBS News бичжээ.
Ерөнхийлөгчийн засаг захиргаа 1950-иад оны хуулийг ашиглан АНУ-ын орчин үеийн түүхэн дэх хууль ёсны цагаачлалын хамгийн том тэлэлтийг эхлүүлсэн. Хоёр жил хүрэхгүй хугацаанд тус улсын засаг захиргаа хүмүүнлэгийн parole хөтөлбөрөөр 541,000 цагаачийг АНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ нь холбооны албан тушаалтнуудад гадаадын иргэдийг визгүй нэвтрэх эрхийг олгосон юм. Байден, Дональд Трампын үеийн бодлогоос болж сүйрсэн шилжүүлэн суурьшуулах системийг сэргээхийг оролдож байна. Энэхүү хүмүүнлэгийн parole-г АНУ-ын ивээн тэтгэдэг Латин Америк, Карибын тэнгисийн 168,400 орчим цагаачид, Украины 141,200 дүрвэгч; Мексикийн хил дээрх 133,000 орогнол хүсэгч, 77,000 афганчуудыг нэвтрүүлэхэд ашиглажээ. АНУ-ын өмнөд хилээр Украины 22 мянган иргэнийг оруулсан гэх мэдээлэл байна.
Байдены засаг захиргааны хөтөлбөрүүд нь хууль ёсны цагаачлалыг сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн их өргөжүүлснийг харуулдаг. Бүгд найрамдах намынхны дургүйцлийг төрүүлсээр буй энэ ажиллагаа, 1990 оноос хойш хууль ёсны цагаачлалын түвшинг нэмэгдүүлэхгүй явж ирсэн Конгрессын тодорхой зөвшөөрөлгүйгээр нэг талыг барин хийгдсэн юм.
АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж, амьдрахын тулд цагаачид ерөнхийдөө визтэй эсвэл дүрвэгчийн статустай байх ёстой. Гэвч 1952 онд батлагдсан хуулиар, "яаралтай хүмүүнлэгийн" зорилго эсвэл "олон нийтийн сайн сайхны төлөө" байгаа тохиолдолд визгүй хүмүүсийг хүлээн авахдаа хүмүүнлэгийн parole ашиглахыг албан тушаалтнуудад зөвшөөрдөг. Энэ нь цагаачдад байнгын статус, иргэний харъяалал олгох эрхгүй ч, АНУ-д хууль ёсоор нэг эсвэл хоёр жил ажиллаж, амьдрах боломжийг олгодог бөгөөд энэ сунгагдах боломжтой байдаг байна.
Хүйтэн дайны үед Бүгд найрамдах ба Ардчилсан намын засаг захиргаа, Куба, Зүүн Европ, Зүүн өмнөд Ази дах коммунизмаас зугтсан олон зуун мянган дүрвэгсдэд parole олгож байжээ.
Байдены засаг захиргаа хүмүүнлэгийн parole-г анх, 2021 оны зун Талибанчуудын хяналтад байдаг Афганистанаас хэдэн арван мянган афганчуудыг нүүлгэн шилжүүлэх тухай хууль санаачилж өргөн цар хүрээтэй ашиглажээ. Дараа нь 2022 оны эхээр тус засаг захиргаа Украинд Орос түрэмгийлсэн эхний өдрүүдэд АНУ-Мексикийн хил рүү ирсэн олон мянган украинчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эрхээ ашигласан. Украйнчуудыг өмнөд хилээр нэвтрэхийг хориглохын тулд, "Украины төлөө нэгдэл" хөтөлбөрийг бий болгож, украинчуудад Америкад ивээн тэтгэгчтэй бол АНУ руу шууд нисч ирэх боломжийг олгосон. 2022 оны 10-р сард тус засаг захиргаа АНУ-Мексикийн хилийг олноороо давсан Венесуэлийн цагаачдад зориулж Украйны загварт суурилсан хүмүүнлэгийн ивээн тэтгэх хөтөлбөрийг бий болгосон. 1-р сард энэхүү хөтөлбөрт Куба, Гаити, Никарагуа улсын цагаачдыг хамруулж, эдгээр улсын иргэд хууль бусаар хил нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өргөжүүлсэн байна. Гэвч энэхүү хүмүүнлэгийн хөтөлбөрийг өргөнөөр ашиглаж байгаа нь Бүгд найрамдах намын хууль тогтоогчид болон албаны хүмүүсийн хурц шүүмжлэлд өртөж, Байдены засаг захиргааг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Конгрессын ажлын болон цагаачлалын визний хязгаарлалтыг мөрдөөгүй гэж буруутгагдаж, мөн Куба, Гаити, Никарагуа, Венесуэлчүүдийн бодлогыг эсэргүүцэж буй Бүгд найрамдах намын бодлоготой мужууд, энэхүү санаачилгыг Америкийн нийгэмд санхүүгийн дарамт учруулж буй "хууль бус хөтөлбөр" гэж нэрлэжээ.
Хүйтэн дайны үед Конгресс, хүмүүнлэгийн тусламжаар ирсэн хүмүүст тус улсад байнга оршин суух эрхийг олгосон хэд хэдэн хууль баталж байсан. Харин одоо, хоёр намд болон хүн амын хувьд ч гэсэн гүнзгий хуваагдсан Конгресс үүнийг дахин хийх магадлал тун бага байгаа ажээ.
Цагаачид хүмүүнлэгийн parole-н хүрээнд олгогдсон хугацаандаа, хамаатан садны виз, орогнол зэрэг хөтөлбөрт хамрагдаагүй, байнгын статус аваагүй бол, АНУ-ыг орхин явахыг DHS-ийн албаны хүмүүс хүлээж байна. Хэрэв хоёр жилийн дотор АНУ-д амьдрах хууль ёсны арга замаа олоогүй бол, бид эдгээр хүмүүсийг албадан гаргах болно" гэж мэдэгджээ.








