Байденд COVID-19 оношлогдсон бөгөөд тэрээр тусгаарлагдан эмийн эмчилгээ хийлгэж байна
Fri Jul 22 2022
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены COVID-19-ийн шинжилгээ эерэг гарчээ. Тэрээр Цагаан ордонд тусгаарлагдсан байгаа бөгөөд эмчлүүлэх хугацаандаа бүх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер албан ёсны цахим хуудсандаа хийсэн мэдэгдэлд дурджээ.
Байден бүрэн вакцинд урд нь хамрагдснаас маш хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд Жан-Пьерийн хэлснээр ерөнхийлөгч Паксловид эмийг хэрэглэж эхэлсэн байна.
Мөн Байден ажлаа үргэлжлүүлэн хийж одоо зайнаас ажиллаж байгаа аж.
"Тэр өнөө өглөө Цагаан ордны ажилтнуудтай утсаар холбогдож, хуваарьт уулзалтууддаа зайнаас, утсаар болон Zoom-ээр оролцох болно" гэж Жан-Пьер мэдэгдэв.
Цагаан ордны COVID-19-ийн эерэг тохиолдлын тухай протоколын дагуу тэрээр шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл тусгаарлагдмал байдлаар ажиллах бөгөөд Цагаан ордон ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар өдөр бүр мэдээлэл өгөх болно. Мөн Энэ протоколын дагуу Цагаан ордны Эрүүл мэндийн газар, ерөнхийлөгчийн сүүлийн айлчлалд оролцсон, мөн өмнөх өдрүүдэд харилцсан Конгрессын бүх гишүүд болон хэвлэлийн төлөөлөгчдийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөх болно гэсэн байна.
Ерөнхийлөгчид өмнө нь COVID-19-ийн шинжилгээг 7-р сарын 19-нд хийсэн бөгөөд сөрөг гарч байжээ.
Эх сурвалж: forumdaily.com








