Багадаа төөрч хувь заяаны эрхээр өөр өөр улс оронд өссөн ихрүүдийн зан чанар, IQ түвшинг харьцуулсан судалгаа эрдэмтдийг гайхшруулжээ
Thu Jun 16 2022
Саяхны нэгэн судалгаагаар, өөр өөр орчин, улс оронд өссөн ихрүүд ижил төстэй зан чанартай боловч IQ-ийн түвшин нь эрс ялгаатай байдаг гэсэн үр дүн гарсныг Yahoo мэдээлжээ.
Сөүлийн Коокмин их сургууль болон Калифорнийн мужийн их сургуулийн судлаачид, Өмнөд Солонгост өссөн эмэгтэйн зан байдал, төрхийг АНУ-д өссөн эгчийнхтэй нь харьцуулсан судалгааг "Personality and Individual Differences" сэтгүүлд нийтлэжээ. Эгч дүүс 1974 онд Сөүл хотод төрсөн ч 2 настайдаа нэг нь зах дээр төөрч, бие биенээсээ салжээ. Эцэг эхийнх нь хүүхдээ олох оролдлого тухайн үед бүтэлгүйтсэнээр, сураггүй болсон хүүхдийг эцэст нь америк хос өргөж авсан аж. Охин Өмнөд Солонгосын засгийн газрын гэр бүлээ нэгтгэх хөтөлбөрт оролцох хүртлээ ах, эгч нарынхаа талаар мэдэхгүй өссөн байна. 2020 онд ДНХ-ийн үр дүнгийн ачаар тэрээр зөвхөн нэг ихэр эгчтэй төдийгүй ах, эгчтэй гэдгээ мэджээ. Хөтөлбөр ихрүүдийг уулзуулсны дараахан тэд оюун ухаан, зан чанарын шинж чанар, сэтгэцийн эрүүл мэнд, өвчний түүхийг харьцуулсан хэд хэдэн сорилыг багтаасан судалгаанд хамрагдахаар зөвшөөрчээ.
Судалгааны нэгэн даалгаварт, Солонгост өссөн охин хайраар дүүрэн, эв найрамдалтай гэр бүлийн амьдралыг дүрсэлсэн бол АНУ-д амьдардаг эмэгтэй гэр бүлд нь байнга зөрчилдөөн гарч, эцэст нь өргөж авсан эцэг эх нь салснаар бүх зүйл дуусч байгааг тэмдэглэжээ. Харин ихэр эгч дүүсд нийтлэг нэг зүйл байсан нь тэдний өвчний түүх байсан бөгөөд хоёулаа өндгөвчний хавдар авахуулах мэс засал хийлгэсэн байв. IQ тестийн хувьд америк эмэгтэй солонгос эгчээсээ 16 оноо бага авсан байна. Энэ судалгааг гайхалтай болгосон зүйл нь, монозигот ихрүүдийн (ихрүүдийг тусад нь өсгөсөн) IQ-ийн дундаж ялгаа долоо ба түүнээс бага оноотой байсан өмнө нь хийгдэж байсан бусад судалгаануудын үр дүнгээс зөрсөн явдал юм. "Хачирхалтай нь, ихрүүд генетикийн хүчтэй нөлөөлөлтэй холбоотой танин мэдэхүйн чадварын мэдэгдэхүйц ялгааг харуулсан" гэж судлаачид тэмдэглэжээ. АНУ-д өссөн эмэгтэй тархиндаа гурван удаа доргилт авч байсан нь, танин мэдэхүйн чадварт нь нөлөөлсөн байж магадгүй гэж судлаачид мөн тэмдэглэжээ. Судалгааны өөр нэг ялгаа нь АНУ-д өссөн эмэгтэй илүү хувь хүний үзэл бодолтой байсан бол Солонгост өссөн нь хамтын үзэл баримтлалыг илүү эрхэмлэдэгт байв. Сонирхолтой нь, тэдний өөрийгөө үнэлэх тест болон сэтгэцийн эрүүл мэндийн профайл дээрх оноо нь ижил байв. "Хоёулаа ухамсрын өндөр түвшинтэй байгаа нь зорилгодоо чиглэсэн, сайн зохион байгуулалттай, гүйцэтгэх чадвартай, амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлдэг болохыг харуулж байна" гэж судлаачид тэмдэглэжээ. Эгч дүүсийн зан төлөвийн ижил төстэй байдал нь хүрээлэн буй орчин нь өөр байсан ч хүний сэтгэл хөдлөлийн хандлагад генетик хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эх сурвалж: forumdaily.com








