Бүх хүн ам нь нэг байшинд амьдардаг АНУ-ын гайхалтай хот
Wed Dec 07 2022
АНУ-д 200 гаруй хүн амьдардаг хот байдаг бөгөөд бүгд нэг байшинд багтдаг. Цаг агаарын хүнд нөхцөл, эргэн тойрон дахь үргэлжилсэн уулс, маш өндөр чийгшилтэй уур амьсгалтай Whittier хотын (Аляск) тухай Adme.ru бичжээ.
Whittier нь уулс, хүрхрээ, усаар хүрээлэгдсэн, субарктикийн уур амьсгалтай, АНУ-ын хамгийн чийглэг хот бөгөөд жилд 5024 мм хур тунадас унаж, жилийн ихэнхи үед100 км/цаг хүртэл салхитай байдаг. Энд бараг бүгдээрээ нэг байшинд амьдардаг. Мөн энэ хот 1915 онд нэрээ авсан. Хотоос холгүй газарт 1915 онд яруу найрагч Жон Гринлиф Уиттиерийн нэрээр нэрлэгдсэн мөсөн гол байдаг бөгөөд алтны эрэлчидийн давалгааны үеэр Америк, Оросын хайгуулчид энд байрладаг байжээ. Хотын хөгжил Америкийн армитай нягт холбоотой. Дэлхийн 2-р дайны үед энэ бүсийг мөсгүй боомт, цэргийн гарнизоныг зохион байгуулахаар сонгосон. Уиттиер нь бусад суурин, тээврийн дэд бүтцээс нэлээд зайтай тул туннель тавих шаардлагатай болж, эргийн байгууламж, боомт, төмөр зам бүхий Салливан лагерийг байгуулж, 1960 он хүртэл ашиглаж байжээ.Тус муж нь, Уиттиерт цэргийн бааз байгуулах томоохон төлөвлөгөөтэй байсан
Хүйтэн дайны үед энд 1000 хүний орон сууц, амралт зугаалгын газар баригдсан. 50-аад онд, Бакнерийн барилга, Бегич цамхаг гэсэн хоёр барилга баригдаж, Бегич цамхаг нь өнөөг хүртэл ашиглагдаж байна. Хоёр барилга хоёулаа цэргийн томоохон цогцолборын нэг хэсэг болох ёстой байсан бөгөөд армийн хэрэгцээнд зориулж өөр 8 ижил төстэй байгууламж барихаар төлөвлөж байв. Хотын түүхэн дэх эргэлтийн цэг бол 1964 оны 3-р сарын 27-нд болсон Аляскийн их газар хөдлөлт юм. Түүний магнитудын хэмжээ 9.2 балаар үнэлэгдэж, чичиргээ нь цунами үүсгэснээр, 13 метрийн өндөртэй давалгаа хотыг маш ихээр сүйтгэжээ. Далан дээрх хэд хэдэн барилга эвдэрч, 10 сая долларын хохирол учирч байв. Мөн байгалийн гамшгийн улмаас хотын 13 оршин суугч нас барж байжээ.
Цэргийнхэн явахынхаа өмнөхөн нийтийн зориулалттай орон сууцнууд барьж, 14 давхар барилга нь 1957 онд баригдсан бөгөөд анх Аляскийн хурдны зам дээрх 93-р инженерийн дэглэмийг удирдаж байсан хурандаа Уильям Уолтер Хожийн нэрээр нэрлэгдсэн байв. 1972 онд уг байшинг тус газарт онгоцны ослоор амиа алдсан Аляскийн конгрессын гишүүн, Ардчилсан намын гишүүн Ник Бегичийн нэрэмжит болгосноор Бегич цамхаг одоогийн нэрээ авчээ. Харин Ник Бегичийн цогцос олдоогүй гэдэг.
Whittier дахь цорын ганц байшин нь 14 давхар, 3 модультай бөгөөд олон тооны коридор, цахилгаан шат, давхарын шатнуудаар хоорондоо холбогдсон байдаг. Барилга нь хавтгай дээвэртэй, тэгш өнцөгт хэлбэртэй. Хойд талдаа цамхагтай төстэй 2 модуль цухуйсан байдаг тул “Цамхаг” нэж нэрлэгддэг байна. Бегич цамхагт 214 хүн амьдардаг бөгөөд цаг агаарын таагүй нөхцөлөөс болж хүүхдүүд хонгилоор сургуульдаа явдаг. Орон сууцнаас гадна шуудангийн газар, Методист сүм, хэд хэдэн дэлгүүр, угаалгын газар, цагдаагийн газар, хотын захиргаа, эмнэлэг, тэр байтугай жижиг зочид буудал хүртэл байдаг. Whittier-д 2 тоглоомын талбай байдаг: тэдгээрийн нэг нь зөвхөн зуны улиралд нээлттэй, хоёр дахь нь дээвэр дор байдаг. Хүүхдүүд, багш нар бие биенийхээ хөршүүд эсвэл сайн найзууд тул сахилга батын шийтгэл ногдуулах шаардлагагүй. Whittier-ийн оршин суугчид эрүүл байхын тулд сургуулийн биеийн тамирын зааланд хичээллэдэг. Машины зогсоол дээр машинуудын хамт завьнууд зогсож байдаг.
Бегич цамхагийн тал нь оршин суугчгүй. Эзэд нь бусад хотуудад амьдарч, амралтын өдрүүдээр төрөлх Уиттиер рүүгээ ирдэг. Мөн эндхийн орон сууц нь үнэтэй, ойролцоогоор 500 мянган доллар байна.
Уиттиер рүү зөвхөн хонгилоор дамжин очих боломжтой. Оршин суугчид нь, онгоц, завь, машинтай байдаг. Майнард уулын нэг эгнээтэй хонгилын замаар машин, галт тэрэг явдаг. Тасалбар нь 13 доллар. Харин орон нутгийн оршин суугчид жилийн 500 долларын үнэтэй тасалбар ашигладаг. Хонгил нь ажиллах хуваарьтай: 15 минутын турш нэг чиглэлд, дараагийн 15 минут нь нөгөө чиглэлд гэх маягаар хөдөлгөөнөө зохицуулдаг. Шөнөдөө зам хаагдна. Whittier-ийг бурханд орхигдсон хот гэдэг ч, заримдаа жуулчид энд ирдэг. Энд мөсөн уул, цагаан баавгайг харж болно. Тиймээс энд үе үе том усан онгоцууд ирдэг. Нутгийн иргэд загас агнуур, боомтод ажиллана эсвэл аялал жуулчлалтай холбоотой ажил эрхэлдэг. Сонирхолтой нь, коммун байшингийн амьдралыг үзэхийг хүсвэл, амар бүтэхгүй барилгад зураг авалт хийхийг хориглодог байна.








