Anu.mn
Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд байсан хэсэг хүмүүс АНУ-д шинэ нам байгуул ...

Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд байсан хэсэг хүмүүс АНУ-д шинэ нам байгуулж, түүнийг тус улсын гурав дахь эрх баригч нам болгоно гэж найдаж байна.

Mon Aug 08 2022
Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд байсан хэсэг хүмүүс АНУ-д шинэ нам байгуулж, түүнийг тус улсын гурав дахь эрх баригч нам болгоно гэж найдаж байна.

Бүгд найрамдах намын болон Ардчилсан намын хэсэг албан тушаалтнууд тус улсад шинэ улс төрийн нам байгуулснаа зарласан бөгөөд АНУ-ын гурав дахь том нам болж, АНУ-ын хоёр намын тогтолцоог доголдолтойд тооцож буй сая сая сонгогчдын хувьд шинэ сонголт болно гэж тэд найдаж байна гэж мэдэгджээ. Энэ талаар Ройтерс агентлаг дэлгэрэнгүй мэдээлэв.

"Форвард" нэртэй энэхүү шинэ намыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Эндрю Ян, Бүгд найрамдах намын Нью Жерси мужийн амбан захирагч асан Кристин Тодд Уитман нар байгуулна. Тэд энэ намыг АНУ-ын улс төрд ноёрхож буй Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас илүү нөлөөтэй хувилбар болно гэж найдаж байна. Энэ намраас, намын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, дэмжлэг авах зорилгоор хориод хотод хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна. Тэд есдүгээр сарын 24-нд Техас мужийн Хьюстон хотод албан ёсны нээлтээ хийж, ирэх зун АНУ-ын аль нэг томоохон хотод намын анхны үндэсний их хурлаа хийнэ.

Сүүлийн жилүүдэд улмаар туйлширч, гацсаар буй Америкийн улс төрийн тогтолцооны хариу үйлдэл болгон, улс төрийн гурван бүлэг нэгдэх замаар шинэ намыг байгуулж байна. Уг намын удирдагчид нь, өнгөрсөн жил хийсэн Gallup-ийн санал асуулгаар америкчуудын гуравны хоёр нь Америкийн улс төрд гуравдагч хүчин чухал гэж үзсэн дээр тулгуурласан гэж дурджээ.

Энэ нам дараах бүлгүүдээс бүрдэж байна: 2021 онд Бүгд найрамдах намын, сүүлийн ерөнхийлөгчидийн засаг захиргаанд ажиладаг, ажиллаж байсан олон арван албан тушаалтнуудын байгуулсан Renew America Movement /Америкийг шинэчлэх хөдөлгөөн/; 2021 онд Ардчилсан намаас гарч бие даасан Янгийн үүсгэн байгуулсан Forward Party /Урагшаа /нам; Serve America Movement /Америкт үйлчлэх хөдөлгөөн/ нь Ардчилсан, Бүгд найрамдахчууд, бие даагчдаас бүрдсэн бүлэг бөгөөд гүйцэтгэх захирал нь Бүгд найрамдах намын Конгрессын гишүүн асан Дэвид Жолли юм.

Шинэ намын мөрийн хөтөлбөрийн хоёр багана нь "шударга, чинээлэг эдийн засгийг бий болгох, америкчуудыг сонгуулийн саналуудад өргөн сонголттой болгох, засгийн газарт итгэх итгэлийг сэргээх" юм.

Түүхээс харахад Америкийн хоёр намын тогтолцоонд гуравдагч талууд урагшилж чаддаггүй, тэд ерөнхийлөгчийн сонгуульд хааяа нөлөөлдөг байдал ажиглагддаг байна. Ногоон намын гишүүн Ральф Надер 2000 онд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Аль Гороос хангалттай санал авч, Бүгд найрамдах намаас Жорж В.Буш ялахад тусалсан гэж шинжээчид үздэг.Шинэ нам аль нэг намын сонгуулийн хэтийн төлөвт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй бөгөөд амжилттай болно гэдэгт улс төр судлаачид эргэлзэж байгаа аж.

Твиттерт олон нийтийн хариу үйлдэл маш хурдан байсан. Ардчилсан намын олон гишүүд, шинэ нам Ардчилсан намын саналаас хуваалцаж, эцэст нь Бүгд найрамдахчуудыг ялалт байгуулахад хүргэхвий гэсэн болгоомжлолоо олон нийтийн сүлжээгээр илэрхийлцгээж байгаа юм.

Форвард 2023 оны эцэс гэхэд 30 мужид, 2024 оны эцэс гэхэд 50 мужид намын бүртгэл, саналын хуудастай болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тэд сургууль, хотын зөвлөл, Төлөөлөгчдийн танхим, АНУ-ын Конгресс зэрэг орон нутгийн сонгууль, бүр ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөж байна.

"Үндсэн зарчимууд нь өөрчлөгдсөн"

Янг ярилцлагадаа, 5 сая орчим долларын төсвөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ,аль хэдийн ивээн тэтгэгчидтэй болсон гэдгээ онцлоод,-“Бид маш хүчирхэг санхүүгийн байдлаас эхэлж байна. Санхүүгийн дэмжлэгтэй байхад асуудал үүсдэггүй" гэсэн байна.

"Форвард"-ыг байгуулахад оролцож буй, Дональд Трампын засаг захиргаанд Дотоодын аюулгүй байдлын ажилтан асан Майлс Тейлор, энэ санаа нь сонгогчдод "амьдрах чадвартай, найдвартай үндэсний гуравдагч этгээдийг" өгөх явдал юм гэжээ. Мөн тэрээр, гуравдагч хүчнүүд өнгөрсөн хугацаанд бүтэлгүйтэж байсныг хүлээн зөвшөөрнө, гэхдээ үндсэн суурь зарчимууд өөрчлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд гуравдагч хүчний хөдөлгөөнүүд гарч ирэхэд, Америкийн ард түмэн өөр хувилбар хайх боломжгүй тогтолцооны хүрээнд байсан гэж ярьсан байна.

Мөн энэ талаар, улс төрийн хоёр гол нам маш том давуу талтай, тиймээс гуравдагч хүчнийг бий болгох талаар ярих нь амархан, гэхдээ үүнийг хийх нь бараг боломжгүй гэж нам бус, туршлагатай улс төр судлаач Стью Ротенберг ярьсан бөгөөд1980 онд Жон Андерсон, 1992, 1996 онд Росс Перот зэрэг гуравдагч хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үндэсний улс төрд нөлөөлөх хүчин зүйл болох жинхэнэ гуравдагч намыг бий болгож чадаагүй байсан гэж Ротенберг нэмж дурджээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн