АНУ-д H-1B визээр 12 жил амьдарч байгаа Хятадын программ хангамжийн инженер Жин Биан, Флорида мужид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэсэн хэргээр шоронд хоригдох эрсдэлд оржээ. 31 настай Биан ажилдаа явах замдаа нэг цаг зарлагадахгүйн тулд Тампа дахь оффисынхоо ойролцоо байшин худалдаж авахаар шийджээ. Гэвч энэ үйлдэл нь түүнийг шоронд орох асуудалд хүргэснийг мэдээд маш их балмагдсан бөгөөд учир нь, бараг жилийн өмнө батлагдсан мужийн хуулиар H-1B визтэй Орос зэрэг хэд хэдэн улсын иргэд Флорида мужид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглосоныг мэдээгүй байжээ. Флоридад цагаачлалын статусыг харгалзахгүйгээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжгүй байдаг гэж Hindustan Times мэдээлжээ.
Жилийн өмнө буюу 2023 оны долдугаар сард, Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис, ногоон картгүй зарим улсын иргэд тус мужид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглосон хуульд гарын үсэг зурсан. Энэ хууль Хятад, Орос, Иран, Хойд Солонгос, Куба, Венесуэл, Сири улсын иргэдэд хамаарна. Энэ хуулиар, дээрхи улсын иргэдийг цэргийн байгууламж, чухал дэд бүтцийн байгууламжаас 16 километрийн радиуст үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглосон ажээ.
Хууль зөрчисөн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шоронд хорихын зэрэгцээ худалдагч, риэлторууд ч хариуцлага хүлээнэ.
Биан одоо Флорида дахь ирээдүйнхээ төлөвлөгөөг эргэн харахаас өөр аргагүй байдалд ороод байна.
Тэрээр, “Би үнэхээр цочирдсон. Энэ чинь зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах асуудал. Би үүнийг мэдээд төлөвлөгөөгөө өөрчилсөн. Бид жирийн хүмүүс. Бид улс төр ярьдаггүй. Энд байгаа хүмүүсийн 99.99% нь зүгээр л сайхан амьдрахыг хүсдэг. Калифорнид хэзээ ч ийм хууль гарахгүй байх. Флоридагийн энэ хууль хүчингүй болно гэж найдаж байна. Гэхдээ ойрын хоёр жилдээ өөрчлөлт гарахгүй бол Калифорни руу нүүхээр төлөвлөж байна” гэж ярьжээ.
Энэ хуулийг одоо шүүхээр хэлэлцэж байна.