
Ахмад дайчдын өдөр буюу арваннэгдүгээр сарын 11, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдэд үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой энэ жилийн сүүлийн өдөр байх болно. Гэхдээ, энэ жил зарим цэцэрлэгт хүрээлэнгүүд Засгийн газрын түр зогсолт буюу шатдауны улмаас хаалттай байж болзошгүй гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээлэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албанаас удирддаг бүх 433 газарт энэхүү үнэгүй нэвтрэх эрх хамаарах боловч, үргэлжилж буй Засгийн газрын түр зогсолтын улмаас цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал, далайн эрэг, тулааны талбар зэрэг үзвэрийн газрууд нээлттэй байгаа эсэхийг урьдчилан шалгах шаардлагатай болж байна. Эдгээрээс зарим газрууд нь, ажилчдаа чөлөөлж хаалттай байгаа бол, зарим нь хэсэгчилэн нээж, цөөн ажилтантай ажиллаж байна. Олон цэцэрлэгт хүрээлэн гадны эх үүсвэрээс санхүүжилт авсны ачаар хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадаж байна.Тиймээс Ахмад дайчдын өдрөөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялахаар төлөвлөж буй хүмүүс вэбсайтыг шалгахаас гадна хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд цэцэрлэгт хүрээлэнгийн оффис руу залгахыг зөвлөж байна.
Ерөнхий дүрмийн дагуу Карлсбадын агуй зэрэг шөнө хаагддаг цэцэрлэгт хүрээлэнгүүд засгийн газрын үйл ажиллагаа зогссонтой холбоотой хаалттай хэвээр байх төлөвтэй байна. Йеллоустон, Йосемит зэрэг томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд олон нийтэд нээлттэй хэвээр байгаа ч ажилчдын тоо нь эрс багассан. Бусад нь, тухайлбал Great Smoky Mountains Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн нь, түнш байгууллагууд болон ашгийн бус сангуудын санхүүжилтийн ачаар бүрэн ажиллагаатай байна.
Тус улсын түүхэн тулааны талбарууд, тухайлбал онцгой алдартай Виксбург, Геттисбургийн Үндэсний Цэргийн Цэцэрлэгт хүрээлэнгүүд одоогоор нээлттэй байна. Мөн Ахмад дайчдын өдрийг тэмдэглэх хэд хэдэн тусгай арга хэмжээнүүд зохиогдно. Америкийн хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэсэн Нью-Йорк хотын үндэсний түүхэн дурсгалт газар болох Гэгээн Паулын сүм жил бүр Ахмад дайчдын өдрийн ёслолоо зохион байгуулна. Богино хэмжээний ёслолын ажиллагаа болон түүхэн оршуулгын газар руу явган аялал хийж, Гэгээн Паулын сүмийн нутаг дэвсгэрт оршуулсан зарим цэрэг, далайчдын түүхтэй танилцаж, дурсгалыг нь хүндэтгэнэ.
Индиан Дюнс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Дэлхийн 2-р дайны үеэр баатарлаг үйлс үзүүлсэн Африк гаралтай Америк нисгэгчдэд зориулсан "Эрх чөлөө рүү нисэх: Тускигийн нисгэгчдийн яригдаагүй түүхүүд" баримтат киног үзэх боломжтой.
Питурсбургийн Үндэсний Цэргийн Паркийн, Поплар Гроув Үндэсний оршуулгын газарт жил бүр зохион байгуулагддаг "Дурсгалын гэрэл" хөтөлбөр 11-р сарын 8-ны бямба гарагт, 6000 гаруй гэрэлт бамбар асааж хүндэтгэл үзүүлнэ.
Залуужуулах эликсир ба урт наслалтын ген: Орчин үеийн шинжлэх ухаан, хөгшрөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
Трампын засаг захиргаа, АНУ даяар цэцэрлэг, хүүхэд асрах төвүүдийн санхүүжилтийг түр хугацаагаар царцаах шийдвэр гаргалаа