Anu.mn
Ардчилсан нам "илжиг", Бүгд найрамдах нам "заан": АНУ-ын намууд бэлгэдлээ хэрхэн сонгосон ...

Ардчилсан нам "илжиг", Бүгд найрамдах нам "заан": АНУ-ын намууд бэлгэдлээ хэрхэн сонгосон бэ?

Tue Aug 02 2022
Ардчилсан нам "илжиг", Бүгд найрамдах нам "заан": АНУ-ын намууд бэлгэдлээ хэрхэн сонгосон бэ?

Одоогоос 145 жилийн өмнө улс төрийн нэрт шог зураач Томас Наст Америкийн Ардчилсан намынханд тэвчихэд хэцүү доромжлол үйлддэг байжээ гэж ВВС бичжээ.
"Үхсэн арсланг өшиглөж буй илжиг" цуврал шог зураг нь 1870 оны 1-р сарын 15-нд Harper's Weekly сэтгүүлд гарчээ. Доог тохууны бай нь АНУ-ын Ардчилсан нам байв.

Дөрвөн жилийн дараа Наст мөн л БНН-ыг тохуурхаж, арслангийн арьстай нөгөө "ардчилсан" илжигийг хараад үхтлээ айсан заанаар дүрсэлжээ. Гэтэл хоёр намын аль нь ч, энэхүү олон нийтийн тохуурхлыг сөрөгөөр хүлээж авсангүй, харин ч Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан шог зураг дээрх амьтдын зургийг албан бус тэмдэг болгон авчээ. Эдгээр бэлгэдлүүд одоо ч, улс төрийн намуудын сахиус болон байсаар байна.

Мөн Томас Наст АНУ-ын хамгийн алдартай шог зураачдын нэг болсон бөгөөд тэр үед тэрээр улс төрд нөлөө бүхий хүн байсан тул Абрахам Линкольн хүртэл түүний гавьяаг хүлээн зөвшөөрдөг байв.

Жексон
1870-аад онд "илжиг" гэдэг үг Америкийн улс төрчдийн үгийн санд гуч орчим жил байсаар ирсэн байдаг. Энэ хоч нь анх Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Эндрю Жексонд зориулагдсан гэж түүхчид тэмдэглэсэн байдаг бөгөөд өрсөлдөгчид нь түүнийг популист уриа лоозон, уриалгынх нь төлөө ялангуяа “Засаглалыг ард түмэнд” урианых нь төлөө дооглож тохуурхан “илжиг” гэж дууддаг байжээ .

Ардчилсан илжиг, Бүгд найрамдах намын заан
Жексон ард түмний засаглалыг дэмжиж, харин Бүгд найрамдахчууд “ард түмэн тэнэг байна, төр барьж чадахгүй” гэдэг байж. Тэдэнтэй зөрөлддөг Жексонд энэ “илжиг” хоч нь санаанд оромгүй таалагдсан бөгөөд илжиг нь зөрүүд зан чанарыг бэлэгддэг тул тэрээр өөрийн байр суурин дээрээ бат зогсож чадаж байгаагийн нотолгоо хэмээн өөрийн хувийн бэлгэ тэмдэг болгосон юм. Гэхдээ энэ нь өргөн тархаагүй гэж Америкийн түүхч, публисист Владимир Абаринов бичсэн байдаг. Энэхүү бэлгэдлээс хамааралгүйгээр Эндрю Жексон АНУ-ын түүхэн дэх анхны ардчилсан ерөнхийлөгч болжээ. Улстөрч энэ бэлгэдлийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа бахархалтайгаар авч явсан ба тухайн үеийн хүмүүсийн бичиж, ярьж үлдээснээр тэр үнэхээр их зөрүүд зантай нэгэн байсан гэжээ. Жексон 1837 онд ерөнхийлөгчийн албаа орхисныхоо дараа илжиг гэж дуудагдсан хэвээр байсан ч 1870 он хүртэл Томас Наст өөрийн шог зургаар бүх ардчилсан намынхныг шоолж байх үед энэ хоч зөвхөн түүнд л хамаатай байжээ.

Доромжлол уу, бэлгэдэл үү?
“Үхсэн арсланг өшиглөж буй илжиг” цуврал шог зурагт АН-ыг дэмжигчдийг ихээхэн хатуу шоглосон байв. Тэр шог зурган дээрх илжигээр Ардчилсан намынхны талд байсан өмнөд мужуудын сонин хэвлэлийг, үхсэн арслангаар Ерөнхийлөгч Линкольн ба Эндрю Жонсоны Засаг захиргааны цэргийн нарийн бичгийн дарга байсан (шог зураг гарахын өмнөхөн нас барсан) Эдвин Стэнтоныг шоглон дүрсэлсэн ба Америкийн иргэний дайны үеийг харуулсан байна. Өмнөдөөс гаралтай ардчилсан намынханд иргэний дайнд ялагдал хүлээсэн гашуун зовлонг нь сануулахын зэрэгцээ зургийн доорх тайлбар дээр нь илжигийг donkey гэж нэрлэсэнгүй, харин ярианы хэлээр ойрын бодолтой харалган тэнэг хүмүүсийг хэлдэг хамгийн бүдүүлэг үгээр jackass гэж илт доромжлон нэрлэсэн байдаг. Гэвч Ардчилсан намынхан энэхүү дайралтыг хүлээн зөвшөөрснөөр барахгүй, дараагийн сонгуулийн ажлаасаа эхлэн илжигний зурагийг сонин хэвлэлдээ тавьж эхэлжээ.

Энэ бэлгэдэл зургууд одоо ч маргааны сэдэв хэвээр байдаг: Ардчилсан намыг шүүмжлэгчид илжгийг зөрүүд, тэнэг, инээдтэй гэдэг бол харин Ардчилсан намынхан илжгийг даруу, ухаалаг, зоригтой, хөдөлмөрч гэж маргалддаг аж.

Заан хаанаас гарч ирэв?
Заан бол АНУ-ын Бүгд найрамдах намын бэлгэ тэмдэг юм. Энэ аварга амьтныг Иргэний дайны жилүүдэд энэ улс төрийн хүчинтэй адилтган холбох болсон. Намыг үүсгэн байгуулагч Абрахам Линкольн тухайн үед сонгогчдын тоогоо өсгөхийн тулд Father Abraham сониныг өргөн ашигладаг байсан гэж AiF бичжээ.1864 оны нэгэн нийтлэлд заан туг барьж, тулааны ялалтыг тэмдэглэж байгааг харуулсан зураг тавигджээ. Нэг талаас энэ зураг, том чихтэй аварга амьтнаар Линкольны хүчийг бэлгэдэж, нөгөө талаас тэр зураг байлдааны ажиллагаанд оролцох гэсэн утгатай "зааныг хар" гэсэн ярианы алдартай хэллэгийг тусгасан гэж үздэг. Эцэст нь заан арваадхан жилийн дараа Бүгд найрамдах намын “салшгүй бэлгэдэл” болжээ. Үүний дараа Иргэний дайнаас хойш анх удаа Ардчилсан намынхан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал авсан байдаг.

Шог зураач Томас Наст, энэ үйл явдлыг Harper’s Weekly сэтгүүлийн хуудаснаа тохуурхахаар шийдсэн бөгөөд Бүгд найрамдахчуудыг хадан цохио руу ухарч, эргэн тойрноо ичингүйрэн харж, арслангийн арьс нөмөрсөн өшиглөж буй илжигнээс зугтаж буй заанаар дүрсэлсэн ажээ. Харин илжигний дүрийг Ардчилсан намын гол төлөөлөгч болох New York Herald сонинд оногдуулсан юм. Тухайн үед уг сонинд Бүгд найрамдах намын ерөнхийлөгч, генерал Улиссес Грант бол гурав дахь удаагаа сонгогдох хүсэлтэй орчин үеийн Цезарь гэж бичиж байсан аж.

Томас Наст
Америкийн улс төрийн хамгийн гайхалтай дүрс бэлэгдэлүүдийг зохиогч, зураач Томас Наст нь АНУ-ын хамгийн алдартай шог зураачдын нэг байсан. Түүнийг Америкийн улс төрийн цуврал шог зургийн эцэг гэж нэрлэдэг. Наст, Harper's Weekly сэтгүүлд зураачаар ажиллаж байхдаа 1864-1884 оны хооронд ерөнхийлөгчийн сонгууль болгонд томоохон нөлөө үзүүлж байсан гэж үздэг. Түүний сонгуулийн кампанит ажилд оруулсан гавьяаг нь Абрахам Линкольн, Улисс Грант нар сонгуульд ялсны дараа үнэлдэг байв - Наст бол Бүгд найрамдах намын тууштай, либерал, аливаа дэвшлийг дэмжигч байсан (тухайн үед Бүгд найрамдах нам хойд мужуудын эрх ашгийг төлөөлж байсан бол Ардчилсан намыг дэмждэг өмнөдийн газрын эзэд, илүү консерватив байсан). “Тэр генерал, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Улисс Грантыг хоёр удаа дэмжсэн. Тэр үүнийг маш үр дүнтэй хийдэг байсан, ялангуяа 1872 онд тэрээр сонгуулийн үеэр Грантын гол өрсөлдөгч Хорас Грийлиг шог зургаар устгаж байсан" гэж Владимир Абаринов бичжээ.

Санта Клаусын “Эцэг”
Үүнээс гадна Наст, АНУ-д нэр нь улс төр дэх авлига, хулгайн дүр төрх болсон Нью-Йорк хотын дарга Уильям Твидтэй тэмцсэнээрээ алдартай болсон юм. 1870-аад онд цуврал зургаараа Твид рүү хийсэн Настын дайралт нь эцсийн дүндээ Твидийг мэдүүлэг өгөх, баривчлах, дараа нь шүүхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг түүхчид хүлээн зөвшөөрдөг. Иргэний дайны үед Наст энэхүү мөргөлдөөнд зориулж томоохон цуврал зургууд төдийгүй зүгээр тойм зурагууд ч зурдаг байв.
Мөн сонирхуулахад, зураач Наст, дэлхий даяар бүгд мэддэг Христийн Мэндэлсний Баярын бүдүүн ид шидтэн Санта Клаусын дүрийг бүтээсэн юм.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр бараг дампуурсан байсан бөгөөд 1902 онд хуучин найз Теодор Рузвельт нь, түүнийг Эквадорт консулаар ажиллах санал тавьж, амьдралыг нь залгуулахаар тусалсан ч, харамсалтай нь тэрээрЭквадорт хүрч ирээд удалгүй халуун орны хумхаа өвчиний дэгдэлтийн үеэр өвдөж, нас баржээ.

forumdaily.com-оос орчуулав.

Сүүлд нэмэгдсэн