АНУ-ын жуулчны визний ярилцлагыг түргэвчлэх үйлчилгээ 750 ам.долларын үнэтэй боллоо

АНУ-ын Төрийн департамент шууд хэрэгжиж эхлэх шинэ журам гаргаж, аялалын визний ярилцлагыг түргэвчилсэн журмаар товлох хүсэлт гаргагчдаас нэмэлт 750 ам.долларын хураамж авах болсон талаар Envoy Global мэдээллээ.
Ингэснээр B1/B2 ангиллын виз (бизнес болон аялал жуулчлалын зорилготой виз)-ийн ярилцлагын цагийг хурдан авахыг хүссэн хүмүүс, нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болсныг, 2026 оны 6-р сарын 9-нд АНУ-ын Холбооны бүртгэлд урьдчилан танилцуулах мэдэгдэл хэлбэрээр нийтэлсэн байна.
Шинэ үйлчилгээ нь, ярилцлагын өдрийг илүү хурдан товлох боломж олгох боловч визний материалыг боловсруулах хугацаа болон виз олгох эсэх шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Энэхүү төлбөртэй түргэвчилсэн бүртгэлд, B1/B2 виз мэдүүлэгчид нэмэлт 750 ам.доллар төлснөөр ярилцлагад ажлын 10 хоногийн дотор орох боломжтой болно.
Мөн энэхүү үйлчилгээ нь, зөвхөн зарим консулын газруудад хэрэгжих бөгөөд боломжит хүчин чадлаас хамааран бүртгэлийн тоог хязгаарлана.
Хугацааны хувьд уг журам нь туршилт маягаар, 2026 оны 7-р сарын 1-нээс 12-р сарын 31 хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд эрэлт хэрэгцээг үнэлэх зорилготой байгаа аж.
Шинэ 750 долларын хураамж нь, одоо мөрдөгдөж буй цагаачлалын бус визний хураамж дээр нэмэгдэн төлөгдөнө. Өөрөөр хэлбэл одоогийн визний төлбөрийг орлохгүй.
Төрийн департамент энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр, ярилцлагын урт дарааллыг тодорхой хэмжээнд бууруулах, мөн өргөдөл гаргагчид болон ажил олгогчид илүү хурдан үйлчилгээ авахын тулд нэмэлт төлбөр төлөхөд хэр бэлэн байгааг судлах зорилготой гэж мэдэгдсэн байна.
Олон консулын газарт ярилцлагын цаг авахын тулд удаан хугацаагаар хүлээх шаардлагатай байдаг тул энэхүү шинэ сонголтыг туршилтын журмаар нэвтрүүлж байгаа аж.
Энэ журам 2026 оны эцэс хүртэл хүчинтэй хэрэгжинэ. Энэ хугацаанд АНУ-ын Төрийн департамент иргэд болон холбогдох байгууллагуудаас санал хүсэлт авч, шинэ үйлчилгээ хэр зэрэг эрэлттэй байгааг үнэлнэ.
Мөн Холбооны бүртгэл нийтлэгдсэний дараа, сонирхогч талууд энэхүү шинэ зохицуулалтын талаар албан ёсны санал, шүүмжээ илгээх боломжтой байна.








